Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн харж байна вэ?
-Ерөнхийлөгч дөрөв дэх хоригоо тавьж байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байна. Үндэслэлгүй хориг тавьсан байна. "Оюутолгой"-д давуу байдал өгөх гэж байна гэсэн. Энэ бол ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид нөлөөлөхгүй гээд цагаан дээр хараар бичсэн.
Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтыг дордууллаа гэсэн. Харин ч эсрэгээрээ Үнэ шилжүүлэх татварын хууль байхгүй байна гэсэн учраас оруулж өгсөн. Энэ бол ямар ч үндэслэлгүй зүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орлогоос 30 хувийн татвар ногдуулж байсныг 10 хувь болгосон. Үүнийг иргэн хүн рүү шилжүүлвэл 10 хувь болгон мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгжүүд саналаа хэлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан.
Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан. Гэтэл үүнд хориг тавьсан нь үндэслэлгүй. Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулахаар зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулж, уг татварыг 2 дахин бууруулж 5 хувь болгосон нь гаднаас мөнгө оруулж ирэх мөнгийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ бол зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм асуудал оруулсан.
Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд татварын хялбаршуулсан горимын дагуу жилд нэг удаа татварын тайлан гаргах бол хуульд заасан бүх төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болохоос гадна гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасагдуулах эрхгүй болох зохицуулалт тусгасан. Энэ бол аж ахуйн нэгжүүдэд сонголт гаргаж өгсөн. Тиймээс энэ хоригийг хүлээж авах боломжгүй, эдийн засгийн өсөлтийг хаасан хориг байна.
-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдлоо гэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ийм сураг сонссон. Нэр устай нь гаргах хэрэгтэй.
-"Итгэлийн зээл"-ийг дэмжиж байна уу?
-Итгэлийн зээл"-ийн хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд санаачилснаа хэлсэн. Манай бүлгийн маш олон гишүүд эсэргүүцэж байсныг санаж байна. Засгийн газарт оруулж ирэх байх. Саналаа авна, гишүүд хууль санаачлах нь нээлттэй.
Н.Энх
Эх сурвалж: shuud .mn