Хүний эрхийг дээдэлж байна гээд эзэн биегүй, эрүүгийн хавтаст хэргүүдийг хэрэгсэхгүй болгоод байх юм уу?

Хүний эрхийг дээдэлж байна гээд эзэн биегүй, эрүүгийн хавтаст хэргүүдийг хэрэгсэхгүй болгоод байх юм уу?

Авлига, албан тушаалтнуудын эрүүгийн хэргээс мултрах, ял завших нэг арга нь хөөн хэлэлцэх хугацаа болчихоод байна.
 
Өнгөрсөн долоо хоногт тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон МХЕГ-ын дарга асангуудад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь нэлээд шүүмжлэл дагууллаа.

Албан тушаалтнуудад ял завших боломжийг хуулиар зөвшөөрчихсөн мэт харагдаад байгаа юм. Хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэрийн дор цаг хугацаа хожиж, ялаас мултрах арга нь хуулинд заасан Хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг утгагүй зүйл заалт байх шиг.

Гэмт хэрэгт холбогдсон, шалгагдсан, хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон байхад “Хүний эрхийг дээдэлж, залхаан цээрлүүлэхгүй байх үүднээс Эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж оруулж ирсэн” гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өчигдөр ярилаа.  
 
Дээрх МХЕГ-ын дарга нарын хууль бус үйлдлийг гишүүн Ш.Раднаасэдтэй ч холбож тайлбарлаж байна.
 
Нэг нь түүний их сургуулийн ангийн хүүхэд. Нөгөө нь МХЕГ-ын дарга байх үед ажиллаж байсан гэх. Тэднийг бусдаас авсан авлигаа Ш.Раднаасэдтэй хуваалцдаг байсан гэх яриа ч байгаа юм.
 
Тиймээс тэдний хэрэгт түүнийг нөлөөлж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргээс мулталлаа гэх хардлага төрж байгаа юм.
 
Харин өчигдөр гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацааг хасаж, хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон уг асуудлаар тайлбар хийсэн юм.
 
Тэрбээр “Хуучин хуулийн төсөлд гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж заасан. Санал гаргаж өөрчлөгдсөн байдал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн байгаа.
 
Хуучин нь яллагдагчаар татах хүртэл нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл. Яагаад ийм өөрчлөлт орсон бэ гэхээр хүнийг яллагдагчаар татаад удаан хугацаанд хорьж, мөрддөг.

Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага дээр зогсчихдог. Хорьж, мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд бий.

1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад одоогийн бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан. Үүнийг 2008 онд өөрчилснөөс болоод 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн байдаг.

Үүнээс үүдэн хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно дотно байгууллагаас тайлбар ирээгүйгээс насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл.

Хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн хүн насаараа гэмт хэрэгтэн мэт болох, гадагш дотогш явж чадахгүй байх зэрэг хүний эрхийн боломжууд нь хаагддаг.

Хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлаж өгөхгүй бол мөрдөх байгууллагад очоод хөөн хэлэлцэх хугацаа зогсчихдог учраас хэрэг хаагдахгүй, тэндээ хүнийг тарчлаан байлгаад л байдаг гэсэн үг” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Тайлбараас нь харахад эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон эрх мэдэлтэй албан тушаалтнуудад зориулсан хуулийн өөрчлөлт бололтой.

Одоо хуулийн байгууллагад он удаан жил шалгагдаж байгаа олон эрүүгийн хавтаст хэрэг бий. Ялангуяа, албан тушаал, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон цагаан захтнууд хөөн хэлэлцэх хугацаа гэсэн үндэслэлээр хэргээс мултрах боломжтой болов.

Магадгүй МХЕГ-ын хэлтсийн дарга асан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын араас “Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайд асангууд, Сангийн сайд асан С.Баярцогт, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав нарын хэрэг хэрэгсэхгүй болоход нэг их гайхах зүйл байхгүй болов уу даа. 

Тиймээс энэ хөөн хэлэлцэх хугацаа гэдгээ хуулиндаа дахин өөрчилж, хуулийн заалтаас авч байж, хавтаст хэргүүд хэн нэгний нөлөөгөөр биш, үнэн шударгаар шийдвэрлэгдэх боломжтой. Эрүүгийн хуулийн дээрх заалт нь энгийн иргэдэд хатуу хууль, эрх баригчдад зөөлөн мэт санагдаж байгаа учраас хуулиндаа өөрчлөлт оруулж, “Хөөн хэлэлцэх хугацаа”-г өөрчлөхийг шаардаж байна.

Гэмт хэрэг хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бол тэдэнд хүний эрх гэж байх ёсгүй.

О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0