УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргад улираан томилохыг 100 хувийн саналаар дэмжив
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудал, тус хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын тухайд хуулиараа нэг жилийн хугацаатай томилогдон ажиллах ёстой. Тэгвэл одоогийн дарга М. Оюунчимэгийн нэг жилийн хугацаа нь хэтрэн ажиллаж байгааг гишүүдэд танилцууллаа.
Өргөдлийн байнгын хороо нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцэж, шуурхай шийдвэрлэж ирсэн. Өмнө нь хийсэн ажлаа үргэлжлүүлж, тулгамдсан олон асуудлыг шийдэх учраас улираан томилж байгааг дэмжиж нь зүйтэй гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргад улираан сонгосон юм. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
Мөн Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонссон. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.
Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах. Мөн ”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно. Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.