Лхагва гарагт ажиллахыг хоригловол яасан юм бэ?
Хагас сайн өдрийг хүртэл ажлын өдөрт тооцдог олон хувийн компаниуд сүүлийн үед Монголд үүд хаалгаа нээсэн. Олон өдөр ажиллахаар ажлын үр бүтээмж их байдаг гэсэн ойлголт нийгэмд байдаг ч үнэн хэрэгтээ бидэнд нэмэлт амралтын өдөр хэрэгтэй гэдгийг ''Гайхамшигт 2 цаг'' номын зохиолч Жош Девис тогтоожээ.
Бид тархиа яг л компьютер мэтээр төсөөлдөг. Бодож сэтгэдэг энэ эрхтэн тархинаас илүү булчинтай төстэй гэвэл та итгэх үү? Таныг 10000 суниа гэсэн байлаа гэж бодъё. Тасралтгүй 10000 удаа суниана гэдэг боломжгүй, гэсэн ч жаахан амраад, өөр зүйл хийж байгаад жаахан суниагаад байхад хэдэн өдрийн дараа дуусаж л таарна. Хүнд хэцүү шахуу цагийн хуваариар их ажлыг бүтээх гэж зүтгээд бид үр дүнтэй ажиллах бус харин өөрийгөө ядрааж орхидог. Тасралтгүй үргэлжилсэн ажил нь илүү үр дүнд хүргэнэ гэж боддог ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг.
Норвегийн компаниудын ажилчид 7 хоногт АНУ-ын компаниудын ажилчдаас 4,6 цагаар бага ажилладаг. Гэсэн ч Норвегийн ажилчдын бүтээх ДНБ цагт 78,70 ам.доллар бол илүү цагаар ажилладаг АНУ-ын ажилчдын ДНБ 69,60ам.доллар байдаг байна. Амарсан тархи илүү үр бүтээмжтэй ажилладаг гэдгийг энэ жишээ баталж буй юм.
Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө өдөрт 10-16 цаг ажиллах хэвийн үзэгдэл байлаа. Майн баярын хувьсгалын дараа Ford компани хамгийн анх ажилчдаа өдөрт 8 цаг ажиллуулах болж, итгэмээргүй үр дүнд хүртжээ Өдөрт 8 цаг ажилладаг болоод ердөө хоёр жилийн дараа гэхэд тэдний ашиг хоёр дахин өссөн байна. 16 цаг буюу хоёр дахин их цаг ажилладаг байхдаа хүрээгүй үр дүнг хоёр дахин бага цаг буюу 8 цаг ажилладаг болохдоо хоёр дахин ихэсгэсэн түүхтэй.
Энэ жишгийг дагаж дэлхийн олон компаниуд Лхагва гарагт бүтэн амардаг болоход адил үр дүн гарсан байна. Ажилчид аз жаргалтай, өвчтэй хэмээн ажлаа таслах тохиолдол байхгүй болж, ''Энэ 7 хоногийг яаж давна'' гэсэн бодол ор мөргүй арилсан гэнэ. Хүн зөвхөн ажиллаж, амжилтад хүрэх гэж амьдардаггүй гэдгийг мартаж болохгүй. Үр хүүхдэдээ зарцуулах, хангалттай амрах, гэрийн тэжээвэр амьтадтайгаа их цагийг өнгөрүүлэх, сонирхол хоббиндоо цаг зарцуулах цаг хэрэгтэй. Ингэснээр хүн илүү аз жаргалтай болж, илүү үр бүтээлтэй ажилладаг.
Монголчууд үнэндээ ажил дээрээ фейсбүүк ''ухаж'', кино үзэж, хөзөр тоглож суудаг. Оффисын ажилтнуудын дүр төрх ерөнхийдөө нойрмоглосон, залхсан, ядарсан шинжтэй. Гэсэн ч нэг их үр бүтээлтэй ажиллаад амжилтад хүрээд байгаа юм байхгүй. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа түгжрэлд өнгөрөөж, стресс, ядаргаагаа арилгах гэж татсаар эр эмгүй бүгд тамхинд орцгоосон. Энэ 7 хоногийг яаж давна аа гэх үг бүгдийнх нь амнаас ''урсаастай''. Чухам цагтай уралдаж ажлаа хийдэг хүн байхгүй, эгээтэй л минут тоолон ажил тарах цагийг хүлээж суудаг. Цалингаа авахын тулд хэдэн цагийг оффис дээр дэмий өнгөрөөж, нөхцөөдөг бол? Даваа гарагийг ял шийтгэл мэтээр хүлээн авч, Баасан гарагт 7 хоногийг ''давсандаа'' баярлаж, шөнөжин тэмдэглэнэ. Үүнийг ганц өдрийн амралт л орвонгоор нь өөрчилж болно. Тоо бус чанар чухал гэдгийг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс удахгүй ойлгож, амьдралд хэрэгжүүлэх цаг ирнэ хэмээн найдна. Б.Эрхбилгүүн