А.БАТБАЯР: ЭНЭ ОНД 5.6 МЯНГАН ГА ГАЗРЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМЧЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын нэгдмэл сантай холбоотой мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр газрын орлогч дарга А.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Газартай холбоотой мэдээлэл хэзээнээс бүрэн цахим болох вэ?
-Энэ оныг манай агентлаг иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Тиймээс газартай холбоотой мэдээллийг ил тод болгох, хүнээс үл хамаарсан газрын харилцааны бүртгэл, хэмжилзүйн ажлыг цахимжуулж, ухаалаг болгохоор зорьж байна. Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна.
-Энэ онд иргэн,аж ахуйн нэгжид өмчлүүлэх газрын талаар мэдээлэл өгнө үү?
- Улсын бүртгэл, эд хөрөнгийн бүртгэлийн хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэнийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулахгүйгээр ХУР системээр холбогдон цахимаар мэдээллээ солилцдог болсон. Энэ системийн гол дэвшлийн нэг нь тоон гарын үсгийг ашиглах явдал юм. Мөн хурууны хээг уншуулдаг болсноор бүртгэлийн ажилтан бүх мэдээллээ шивж суухаа больсон. Мөн иргэд ДАН системээр нэвтэрч өөртэйгөө холбоотой газар өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч буйг ч хянах боломжтой. Өнгөрсөн жил нийт хүн амын 19.4 хувь нь газраа өмчилж авсан. 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин
С.Уянга