Үйлдвэрлэлийн осол статистик биш эмгэнэл

Үйлдвэрлэлийн осол статистик биш эмгэнэл
Аливаа хүн ажил хөдөлмөр эрхэлж амь зуудаг. Энгийн логикоор бол амьдрахын тулд ажил хийдэг гэсэн үг. Харин эдүгээ ажил хөдөлмөр эрхэлж буй хүн амиа алддаг болж хувирчээ. Ажлын байрны аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудалд анхаардаг албан байгууллага, аж ахуйн нэгж өдрийн од шиг. Тэдэнд ашиг орлого л нэгдүгээрт болохоос биш эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хоёр, гурав бүр тав, зургаадугаарт тавигдах асуудал болж хувирч.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний улиралд 66 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 9 тохиолдол буюу 15.8 хувиар өссөн байна. Эдгээр тохиолдлын 65 буюу 98.5 хувь хувь нь үйлдвэрлэлийн осол, 1 тохиолдол буюу 1.5 хувь нь хурц хордлого байна.
Энэ бол оны эхний улирал буюу 1-3 дугаар сарын статистик. Дөрөвдүгээр сар гарсаар ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийг нэмбэл дээрх статистикт нэлээд өөрчлөлт орно. Тухайлбал, дөрөвхөн өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 21-нд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч гурван хүн амиа алдсан. Ослын шалтгаан нь урьдчилсан байдлаар уурхайд нуралт үүсч иргэд 377 метрийн гүнд дарагдсан аж. Налайхын уурхайд лиценз гэгчийг эзэмшин аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй орчинд иргэдээр нүүрс олборлуулдаг энэхүү бизнесийг бүрмөсөн таслан зогсоодоггүй нь хачирхалтай.
Өнгөрсөн оны намар Ерөнхий сайд Налайхын уурхайд ажиллах үед одоогийн байдлаар тус уурхайд 240 орчим хүн нас барьж, 735 хүн хүнд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Нэг хүн амь эрсэдвэл эмгэнэл, олон хүн амиа алдвал статистик гэдэг Черчиллийн алдарт үг Налайхын уурхайд ийнхүү бодитой биеллээ олсон аж.
Дөрөвдүгээр сарын 16-нд Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн ажилтан хийнд хордож амь насаа алдсан ноцтой осол гарсан. Ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Албан үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн залуу ажлын байран дээрээ нэг дор амиа алдсан нь Төв цэвэрлэх байгууламж болон уг байгууллагыг шууд удирддаг Ус сувгийн удирдах газарт хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангагдсаныг харуулсан гэж болно.
Уул уурхай ба үхлийн нуралт
Үйлдвэрлэлийн ослын тоогоор уул уурхай, барилгын салбар ямагт тэргүүлдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан Заамар” компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн шороонд дарагдан амиа алдсан. Хөрсний ус нэвчсэн 80 метр шороон хананы дороос алт ухуулахаар уурхайчдаа явуулсан компанийнханд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар ямар дүрэм журам үйлчилж байсныг хэлэхэд хэцүү.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр "Тус компанийн ХАБЭАХ-ын ажилтан хэрэг гарахаас долоо хоногийн өмнө эрсдлийн үнэлгээ хийж захиралдаа хүлээлгэн өгсөн. Үнэлгээгээр ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Эхнийх нь ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яг тухайн өдөр хийж гүйцэтгэх ажилтай холбогдуулан зааварчилгаа өгөхгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай байгааг эрсдлийн үнэлгээгээр тогтоосон байж.  Улмаар ХАБЭАХ-ын ажилтан захиралдаа өгч, уурхайн захирал танилцан гарын үсгээ зурсан” гэж мэдэгдсэн.
Эндээс ХАБЭАХ-ын ажилтан удирдлагууддаа осол болох эрсдэл өндөр байна гэдгийг хэлж сануулж байсан ч захирлууд нь үл тоосноор дөрвөн хүний аминд хүрсэн осол болжээ гэсэн үг.
Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алддаг байна. Үүнд тухайн салбарын мэргэжлийн болон хяналт шалгалтын байгууллагууд, төр засаг, түмэн олон аль аль нь чих, нүд дасчихжээ. Хүний амь эрсэдсэн тохиолдлыг жирийн статистик мэдээ шиг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг байж болохгүй.  
Барилга ба өндрөөс унадаг аюул
Урин дулааны улиралд барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ослууд олноор бүртгэгддэг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай залуу ковшины шанаганд дарагдан газар дээрээ амиа алдсан осол гарсан байна.
Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман тохиолдол нь өндрөөс кран унасан осол байсан бөгөөд эдгээр ослын улмаас долоон хүн амь насаа алджээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна. 
Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд нийт төсвийнхөө 1.5 хувийг зориулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байгаа юм. Барилгын салбарын бүтээн байгуулалт идэвхжиж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулна гэж сар гаруйн өмнө мэдэгдэж байв. Хэдхэн хоногийн өмнө Хүүхдийн ордны хойд талын зам дээр явсан автомашины дээрээс асар том барилгын цементийн хэсэг унаж салхины шил, салоныг нь цөм цохьсон тохиолдол гарсан. Замын хажуугийн баригдаж буй барилга дээрээс уг цемент унасан байна. Хамгаалалтын торгүй барилгууд хүний амь насанд хүрэхэд бэлэн байгаагийн нэг жишээ энэ.   
Нийслэлд гарч буй нийт ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах тохиолдол байгаа нь жинхэнэ айдас хүйдэс юм. Үйлдвэрлэлийн ослын статистикийг дахин дахин дурдаад байгаагийн учир нь түүнээс сургамж авч урьдчилан сэргийлээсэй гэснийг. Ямар төрлийн осол түгээмэл гарч байгааг ч мэдээд авахад гэмгүй. Ийн өөрийгөө болон бусдыг үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж, хамгаалахад дараах мэдээлэл тус болох бизээ.
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарчээ. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг  тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5  хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь  түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байна.

Г.Сонинбаяр 
Эх сурвалж: http://eagle.mn
скачать dle 12.0