УРАГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ ДАМЖСАН ЭЛЧИН САЙДУУД

УРАГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ ДАМЖСАН ЭЛЧИН САЙДУУД

Намын дэд даргын албанд очсон Элчин сайд Б.Дэлгэрмаа суудлаасаа буух нь. Парламент байсхийгээд л хэдэн элчин сайдуудын холио солио хийдэг. Энэ уламжлалын дагуу Гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суух 18 Элчин сайдуудыг удахгүй томилох тухай албан мэдээлэл гараад буй. Ирэх сарын эхээр эдгээр томилгоог хийхээр товложээ.

Үүнтэй холбоотойгоор 18 хүний нэрс эхнээсээ тодорч байгаа бололтой. Хамгийн түрүүн энэ долоо хоногт эгүүлэн татагдах Элчин сайд Дэлгэрмаагийн оронд хэнийг томилох вэ, гэх асуулт урган гарч байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Дэлгэрмаагийн оронд МАН-ын угшилтай нэгэн эрхмийн нэр яригдаж байгаа аж. Бүр тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн ОХУ-д суух элчин сайдаар томилогдох гэнэ.

УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын даргаар 2016 оныг дуустал буюу сонгуулийн жил хүртэл ажилласан байдаг. Харин одоо эхнэр нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа энэ үед нөхөр нь хойд хөршид элчин сайдаар суух нь. Г.Өлзийбүрэн ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрбээр Лотс инвест ХХК, Сентоза фоод корт ХХК гэх хоёр компанитай. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж шуугиан тарьж байсан нэгэн юм.

Элчин сайдаар яригдаж байгаа дараагийн хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр. Эрдэнэд "шахаа хийсэн" тухай асуудлаар хэсэгтээ аавынхаа чихийг халууцуулсан Н.Анхбаяр ийнхүү элчин сайдын албанд очих нь. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Австралид суух Элчин сайдаар томилогдох гэнэ.  Н.Анхбаяр нь одоогоор Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажилладаг.
Тэрбээр1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Тэрбээр аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавьсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд атташе мөн яамны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллаж байсан. Үүний дараа АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Эдүгээ Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа юм.

 Мөн УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг Турк улсад суух Элчин сайдаар томилохоор холбогдох хүмүүс тохироонд хүрээд байгаа аж. Түүний хувьд Туркийн Истанбулд Ерөнхий консулаар ажиллах хугацаа дуусгавар болж байгаа. Иймээс үргэлжлүүлэн тус улсад суух элчин сайдаар томилох шийдвэр гаргаад байгаа аж.

 Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.

Ийнхүү ирэх өдрүүдэд Элчин сайдуудын марафон үргэлжлэх нь. Хэний аавын хүү, хэний хамаатан, ах дүү нь 18 элчин сайдад багтахыг харах л үлдэж байна.П.АНИР
Оллоо.мн
скачать dle 12.0