Итгэмжлэлгүй элчингүүдийн асуудал дипломат харилцаанд сэв суулгах вий
Дипломат албаны босго өндөр хийгээд түүнтэй дүйцэхүйц нэр хүнд, үүрэг хариуцлагыг дааж явах учиртайг эх орноо төлөөлж буй зарим Элчин сайдуудын үйлдэл сануулах боллоо. Өөрөөр хэлбэл, Элчин сайд гэдэг ирж л байдаг, явж л байдаг алба биш юм. Төрийн тэргүүнээс эхлээд парламентын “санал”-аар шийдвэрлэдэг төрийн тусгай алба. Зүйрлэвэл, 76 гишүүн сонгогчдоо төлөөлж төрийн бодлого тодорхойлдог бол Элчин сайдууд эх орноо бүтнээр нь төлөөлдөг, гагцхүү улсын эрх ашгийг урдаа барих учиртай өндөр дээд алба аж. Тэр ч утгаараа Монголын гадаад бодлогыг тодорхойлж эх орныхоо нэрийн өмнөөс “амьдарч” эрх ямбыг нь эдэлж буйн хувьд тэднээс үнэ цэнэ, үүрэг хариуцлага ч нэхэх ёстой юм. Хууль дүрмээр нь яривал “Төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ” гээд заагаад өгчихсөн.
Гэтэл сүүлийн жил гаруй хугацаанд Элчин сайдуудтай холбоотой таагүй үг, үйлдэл хөвөрч эцэс сүүлдээ улсаараа эмзэглэх, гадаад улс орнуудын өмнө нэр төрөө унагах тохиолдол цөөнгүй гарах болсон нь харамсалтай.
ШВЕД, БНСУ-Д ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРЬЖ ЧАДААГҮЙ БАЙНА
Хоёр улсын найрамдалт харилцааны гүүр болсон Элчин сайдуудтай холбоотой таагүй мэдээллийн уршиг хувь хүн гэхээс илүүтэй улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг хүн бүр шүүмжилж байна. Харамсалтай нь эх орноо төлөөлж Элчин сайдаар томилогдсон зарим хүн итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж чадахгүй нутаг буцахаар болсон бол хил давах “визээ” хүлээсээр жил тойрч буй “тусгай төлөөлөгч” ч байна. Энэ мэт итгэмжлэлгүй Элчин сайдуудын асуудлыг эцэслэхгүй бол хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаж мэдэхээр байгаа юм.
Эхнийх нь Монгол Улсыг төлөөлөн Шведэд сууж буй Элчин сайд О.Энхцэцэг. Швед улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татсанаас хойш манай улс дараагийн элчинг томилж чадахгүй нэлээд удсан. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Шведэд Элчингээр ажиллаж байсан М.Энхсайханыг эгүүлэн татаж байсан бол дөрвөн сарын дараа буюу есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг О.Энхцэцэгт гардуулж байсан юм. Гэтэл хоёрхон сарын дараа Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг ажлаасаа чөлөөлөгдөх болсон талаарх таагүй мэдээлэл гарсан юм. Түүнийг хамаатан саднаа татах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг асуудлаас болж тус улсаас “хөөгдсөн” гэх мэдээлэл цацагдсан. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө гаргасан” гэдэг тайлбарыг өгч байсан юм. Ийнхүү дипломат албанд томилогдоод удаагүй О.Энхцэцэг гэнэт ажлаа өгөхөөр шийдсэн. Тэр дундаа тухайн улсдаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж амжилгүй нутаг буцахаар болсон нь хардлага дагуулсан юм.
Удаах нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцын томилгоо. Түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш сөхөгдсөнөөс хойш бүтэн жил тойрлоо. Элчин сайдаар томилох процесс багагүй эсэргүүцэл, шүүмжлэл, тээгтэй тулгарсан ч эцэст нь эрх бүхий субьектууд дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч зөвшөөрч, чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж дэмжсэн мэдээлэл байгаа юм.
Харин яагаад Б.Хурцыг Элчин сайдаар явуулахгүй байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн долдугаар сард тайлбар өгөхдөө “Элчин сайдын асуудлыг нэг тал дангаараа шийддэггүй. Журмын дагуу л явж байна. Манай талаас Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар баталсан саналаа хүргүүлсэн. Гэвч БНСУ-ын талаас манайд одоогоор хариу ирүүлээгүй байна” гэсэн юм.
Харин өнөөдөр асуудал нэг талдаа гарсан эсэх талаар Гадаад харилцааны яамны эрх бүхий хүмүүсээс тодруулсан боловч “Элчин сайдын томилгоотой асуудал дээр тайлбар өгөх боломжгүй. Сайд гадаадад томилолттой яваа” гэсэн юм. Харин Б.Хурцын томилгоог багагүй эсэргүүцээд байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад “Энэ талаар ярих сонирхол алга” гэсэн тайлбар хэллээ.
МАНАЙ УЛС ШВЕД, СОЛОНГОСТОЙ НАЙРСАГ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ
Ийнхүү Элчин сайдаар томилогдсон ч тухайн улсдаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж амжаагүй байгаа Элчин сайдуудын асуудлыг эцэслэхгүй бол хоёр улсын найрамдалт харилцаа, дипломат ёсонд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгааг дахин тодотгоё. Учир нь дээрх хоёр улс хамтын ажиллагааны түвшнээрээ манайхтай ойр дотно. Монгол Улс Швед улстай 1964 оноос дипломат харилцаа тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Харин БНСУ-тай 1990 оноос дипломат харилцаа тогтоосон 30-аад жилийн хамтын ажиллагааны түүхтэй юм. Харин хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлж байх үүрэгтэй Элчин сайдуудын асуудал ийнхүү асуудал үүсгэж, гацаанаас гарахгүй жил тойрч байгаа нь хоёр улсын найрамдалт харилцаанд нөлөөлөх эрсдэлтэйг туршлагатай дипломатууд хэлж байна. Аливаа улс орон хамтын ажиллагаатай, тэр дундаа найрамдалт хамтын ажиллагаатай улс оронд суугаа Элчин сайдыг солих тохиолдолд дараагийнх нь хүнийг шуурхай, тасралтгүй томилж явуулж байх учиртай аж. Тиймээс Швед, БНСУ-д суух Элчин сайдуудын Итгэмжлэх жуух бичгийг албажуулахгүй бол хожим гарах үр дагаврыг хэн “үүрэх” вэ.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Элчин сайд” гэдэг цол хэргэм нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа авахдаа хийдэг ажил биш. Ийм томилгоог таслан зогсоох тал дээр хатуу зогсоно. Элчин сайд нарыг Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Элчин сайдын яамдын үүд хаалгыг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй” хэмээн захиж байсныг сануулах нь зөв биз.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин