Н.Энхбаяраас айж, Хэнтийн сонгуулийг дахин хойшлуулах МАН-ын нууц хөзөр “бандааш” Гантулга уу

Н.Энхбаяраас айж, Хэнтийн сонгуулийг дахин хойшлуулах МАН-ын нууц хөзөр “бандааш” Гантулга уу
Өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт буюу Хэнтийд нөхөн сонгох сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийг баталсан. Ингэхдээ нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтоосон байв. Гэтэл Сонгуулийн тухай хууль төрийн албан хаагчийг нэр дэвших эрхгүй болгожээ гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хэсэг бүлэг хүмүүс хандаж товлосон хугацааг хойшлуулсан. Сонгуулийн тухай хуулийн 26.6-д Төрийн албан хаагч, албан тушаалтан нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гээд хуульчилсан нь сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэдэг шалтаг олсон хэрэг. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзэж 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн өдөр 2019 оны зургадугаар сард явагдахаар болж хойшилсон. Тэгвэл МАН-ынхан энэ нөхөн сонгуулийн өдрийг дахин хойшлуулах дараагийн арга нэгэнт олж, хэрэгжүүлэх гэж яваа гэсэн “бор шувуу” нисэх боллоо.
Хэнтийн нөхөн сонгууль нь 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж, хэн ялах магадлалтай байгааг шалгах сорилт хэмээн нэрлэхэд нэг гэж улс төр судлаачид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил төрийн жолоог атгасан МАН энэ тойрогтоо ялагдвал ПР-ийн хувьд том уналт, харин ялалт нь АН-ийн хувьд том цохилт болно гэсэн үг. Тиймээс ч Хэнтийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогчийн саналын төлөө хоёр том намын сонгуулийн машин ажиллаж байгаа. Гэхдээ үнэмлэхгүй олонх болж, засгийн эрхийг тэр чигт нь атгасан МАН намын хувьд “халиуны зулзага” цойлж гарч ирж магадгүй гэсэн хар сөрөг хүчнээсээ айх айдсаас илүү байгаа бололтой. Тухайлбал, нөхөн сонгуулийн марафонд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас уралдах нь тодорхой болсон. МАХН-ынхан ч аль хэдийнээ “Хэнтий нутгийн ард иргэд Н.Энхбаяр даргыг Хэнтийгээр овоглодог хүн гэж үздэг” хэмээн тунхаглаад буй. Өрсөлдөөнд ялна гэдэгтээ нэлээд итгэлтэй байгаа бололтой. Үнэхээр ч Хэнтийд экс ерөнхийлөгчийг зогсоох хүч байхгүй байгаа гэнэ. Сонгуулийн ажлаа ч сайн хийж, иргэн бүртэй “нүүр тулж” яваа сураг байна. “Намбер ван” маань баривчлагдаж шоронд суусныхаа дараа нэлээдгүй шуугиан тарьж, өлсгөлөн зарлаж, төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь хүртэл цацагдсан. Хуучин намын нөхөд нь үүгээр зогсохгүй 2016, 2017 оны сонгуулиар “ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх шалтгаанаар СЕХ нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэж өнөөдөр ч “гомдож яваа”. Түүний хувьд Хэнтийн нөхөн сонгууль улс төрд дахин шургалах сүүлийн боломж нь ч байж мэднэ. Тэгээд ч шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй болсон.
Хамгаа хаяж байгаа эксийнхээ эсрэг тавих хүн АН, МАН-ынханд олдохгүй, нэлээдгүй “айдас, хүйдэстэй” байх шиг байна. Хамгийн рейтинг өндөртэй намын даргаа тавьчихсан ялагдчихвал яана гэдэг айдас тэднийг нөхөн сонгуулийн дахин хойшлуулах арга саам хайхад түлхэж байх шиг. МАН-ы хувьд У.Хүрэлсүхийг л сойхгүй бол бусад нэр дэвшигчид ямар ч боломж байхгүй болчхоод байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн биш ч МАН-ын дарга цаашлаад Ерөнхий сайд, шинэчилсэн МАН-ы хамгийн оноо өндөртэй улс төрч учраас гараанд бүдэрчихвэл бүхий л талаараа МАН ялагдана.
Тийм ч учраас аргаа барж байгаа МАН нөхөн сонгуулийг хойшлуулах арга болгож “бандааш” гишүүнээ дахин улс төрийн тоглоомд оруулж ирсэн байж магадгүй гэсэн хардлага төрөөд байна. Тодруулбал, өөрийнхөө хүслээр бүрэн эрхээсээ татгалзсан “бандааш” хочит отгон гишүүнийг энэ сарын 18-ны өдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Ийн томилсон нь өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо сонгогчдыг зангидах эсвэл үйлдэл дээрээ нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх нь хууль бус хэмээн аргацааж 2020 оны сонгуульд хүргэх гэсэн хоёр л шалтгаантай гэж учир мэдэх хүмүүс ярих юм. Түүнээс биш нэг бус хүчингийн хэрэгт холбогдсон “бандааш” гишүүн маань заавал одоо намын гал тогоог барьдаг генсекийн зөвлөх болох учир юу вэ. Тэр тийм алдаж болохгүй боловсон хүчин үү. Аль эсвэл Амарбаясгалан дарга маань сонгууль дөхөөд ирэхээр гэнэт энэ зөвлөхгүй “амьдарч” чадахаа болив уу. Намын ПР-ийг тодорхойлдог хүн “бандааш” хочтой хүнээс зөвлөгөө авах болсноо нээлттэй зарласныг бодоход намд Д.Гантулга нэлээд хэрэг болж дээ.

Г.Жаргалмаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0