“Никель” Ганбаагийн хамсаатнууд цагдаагийн машинд эд мөрийн баримтаа асгажээ

“Никель” Ганбаагийн хамсаатнууд цагдаагийн машинд эд мөрийн баримтаа асгажээ
Никель Ганбаа хэмээх Г.Дашням найзуудынхаа хамт өнгөрсөн сарын 13-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Сөүлийн гудамжинд 036... УНМ улсын дугаартай автомашинд мансууруулах бодис хэрэглэж байсныг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн саатуулсан талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байв. Гэвч энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүрч, эцэстээ хэрэгсэхгүй болгож болзошгүй болоод байна. Учир нь дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдын хайнга, хэнэггүй байдлаас болж ийм шийдвэрт хүрэх нөхцөл бүрдсэн гэнэ. Зарим мэдээллийн хэрэгслээр хавтаст хэргээс нотлох баримт алдагдсан хэмээн бичиж буй нь бодит үнэнд нийцэхгүй байгааг эх сурвалжууд батлав.
Г.Дашням болон 036... УНМ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн автомашины жолооч Б, иргэн Б нар мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл цагдаагийнханд ирснээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн офицер, ахмад болон жолооч, дэд ахлагч нар дээр дурдсан гудамжинд очжээ. Улмаар тэднийг хэлтэстээ аваачсан байна. Эндээс эхлээд цагдаагийн алба хаагчид албан үүрэгтээ хайнга хандсан аж. Уг нь хууль, журмаараа бол хэргийн газрыг хамгаалалтад аван, автомашинд болон биед нь үзлэг нэгжлэг хийх ёстой. Гэтэл хөдөлгөөнт эргүүлийн хоёр алба хаагч зүгээр л дагуулан явсан гэнэ. Г.Дашням болон нэг найзыг нь эргүүлийн машинд суулгаж, нөгөө машины жолоочийн хажууд цагдаагийн офицер нь суугаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүргэсэн байна. Энэ хооронд Г.Дашнямтай хамт эргүүлийн машины хойно суусан Б нь халаасандаа байсан өвсийг машины шаланд дээр асгаж, улмаар хэлтэс рүү орж явахдаа хонгилд уутыг нь хаяжээ.
Эргүүлийн цагдаа нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хар тамхины асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгчид тэднийг хүлээлгэн өгч, дараагийнхаа дуудлагад явахаар машиндаа ороод арынх нь суудал, шалан дээр өвс асгарсан байсныг олж харсан гэнэ. Ингээд холбогдох албаныхандаа хэлж, үзлэг хийлгэж, тухайн өвсийг нь ШШҮХ-гийнхнээр шинжлүүлэхэд каннабис хэмээх мансууруулах төрлийн, хатаасан ургамал гэдгийг тогтоосон аж. Улмаар хэлтсийнхээ хяналтын камерын бичлэгийг үзэхэд хөдөлгөөнт эргүүлийн машинаас Г.Дашнямтай хамт буусан Б халааснаасаа гялгар уут гаргаж хаяад хөлөөрөө замаасаа зайлуулж буй нь бичигдсэн байв. Тэр даруйд дэд ахлагч цолтой жолооч залуу хаясан уутыг олж гараараа барин эрүүгийн мөрдөгчдөө өгчээ. Харин нөгөөх мөрдөгч нь олон цаасан дундаа нөгөөх уутыг хийгээд олохоо больсон байна. Хэргийн холбогдогч Г.Дашням болон Б, Б нарын шээснээс шинжилгээ авч, мансууруулах бодис хэрэглэснийг л тогтоосноос өөр ажиллагаа эрүүгийн мөрдөгч хийгээгүй бололтой.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хар тамхи хариуцсан эрүүгийн мөрдөгч нь ажлын газрынхаа хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж аваагүй, хэрэгт хяналт тавьж байсан тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд ч бушуухан харьяаллын дагуу шилжүүлж, өөрсдөөсөө холдуулахыг зорьсон гэлтэй. Хэрэгт хангалттай хяналт тавилгүй ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн аж. 2-3 байгууллагын хооронд хэрэг шилжүүлэх гэж хугацаа алдаж байх хооронд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэг дараагийнхаа бичлэгүүдэд дарагдан (14 хоногийн хугацаатай хадгалдаг) алга болсон байна. Өдгөө ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийнхэн уг асуудалд шалгалт хийж буй бөгөөд дуудлагын дагуу очсон алба хаагчид болон эрүүгийн мөрдөгчид сахилгын шийтгэл ногдуулж болзошгүй гэх мэдээлэл байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0