“Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо

“Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.16/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр 11 цаг 43 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хуралдааны эхэнд “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсохтой холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх гэж буй асуудлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр, иргэд, төрийн бус байгууллага, Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Эхийн алдар” одон авсан эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ болон тэдэнд олгож байгаа мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоог харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонг олгох асуудлаар Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох гэж байна. Өргөдлийн байнгын хороонд дээрх асуудлаар 2015-2019 онд нийт 100 гаруй өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх, холбогдох тайлбар, мэдээллийг авах, өргөдөл гаргагчид хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдээс хууль тогтоомжийн талаар ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам бүлэгт танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Эхийн алдар” одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийг хүүхдийн тоо харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонгоор шагнаж урамшуулах зэрэг саналуудыг ирүүлсэн. Иймд холбогдох албан тушаалтны мэдээлэл сонсч, өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар эрхзүйн зохицуулалтыг сайжруулах, иргэдэд хүрсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 
Салбарын сайд гадаадад томилолтоор ажиллаж буй учир, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийв. Тэрбээр, Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийг одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, мөн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар тус тус батлан хэрэгжүүлсэн.
Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд Алдарт эхийн I, II одонгоор 5 болон 8-аас дээш хүүхдээ өөрийн асрамжиндаа өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхзд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг байсан. Ингэхдээ 3 хүртэлх насанд нь бусдаас үрчлэн аасан хүүхэд, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох бегөөд харин бусад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй байхаар зохицуулж ирсэн.
Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгох болсон. Ингэхдээ мөн хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулахаар заасан.
Бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа одонгоор шагнадаг байсантай холбоотойгоор дээрх хууль тогтоомжид заасан хүүхдийн тооны болзлыг хангасан эхчүүдэд “...өөрийн асрамжиндаа өсгөж хумүужүүлсэн...", “...хүүхэд төрүүлж, өсгөсөн...”. "...бага хүүхэд нь нэг нас хүрсэн...” гэсэн нөхцлийг анхнаасаа баримтлан өнөөг хүртэл Алдарт эхийн I, II одонг олгож байсан юм.
Танаар уламжлуулан ирсэн иргэдийн өргөдлөөс харахад тухайн эх 4 болон 6 хүүхэд төрүүлсэн боловч хамгийн бага хүүхэд нь төрөөгүй эсхүл төрөөд 1 нас хүрээгүй байхад өмнө нь төрүүлсэн хүүхэд нас барсан. Нөгөө талаар хүүхэд төрүүлээд өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн дээрх шалгуурыг хангахгүй байгаа юм.
2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байна.
Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.
Тус яамнаас нийгмийн халамжийг шинэчлэх бодлогын хүрээнд нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү тэтгэмжийг авч буй эсэх талаар тодрууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өгсөн тайлбартаа, 1957 оны хуулийн зорилгын хүрээнд хүн амыг өсгөх бодлого өнөөг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтөд бодитойгоор хүрч чадахгүй байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гишүүний тавьсан асуулгыг тусгахаар ажиллаж байна гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэлээ. 
Нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө. 
ҮргэлжлүүлэнӨргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэвгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
скачать dle 12.0