“Шударга бусын хонгил” Монголд бий юу?

“Шударга бусын хонгил” Монголд бий юу?
Ийм нэртэй хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт NTV  телевизээс зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүн асан Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, “Реформ” клубын зохицуулагч Т.Бат-Оргил нар оролцсон.
Хонгилыг анх зарласан хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр 2016 оны хавар УИХ-ын гишүүн байхдаа Ц.Элбэгдоржийн бүтээсэн “шударга бусын хонгил”-оор алхах болсон тухайгаа нийтэд зарласан. Өөрөөр хэлбэл, улс төрийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль хүчний байгуулагуудыг ашиглаж байна гэж. Ингэж бид “хонгил”-ын тухай анх сонсжээ. Харин үүнээс өмнө бүр 2003 оноос анх хонгилын сураг дуулдаж эхэлсэн юм байна, хуулийн байгууллагууд болон улс төрийнхний хүрээнд. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үеэс. Хуулийн байгууллагууд эрх мэдлээрээ далайлган бизнесийнхний гар хөлийг хүлж, хүссэнээрээ дарамталж, татвар хурааж эхэлсэн тэр цагаас.
Дараа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын дор АТГ гэдэг байгууллагыг байгуулан томилгооны эрхийг нь өөртөө авсан тэр үеэс хонгил улам төгсөрч эхэлсэн юм байна. Дээр нь Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэгчийг байгуулснаар төрийн албыг бүхэлд нь хянах боломжтой болжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүхийн шинэчлэл нэрийн дор явсан зарим өөрчлөлт хонгилыг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөх, яллах, шүүх эрх мэдэл нэг хүний гарт бүрэн орсон гэж.
Гэвч энэ хонгилыг үе үеийн ерөнхийлөгч нар өөрсдийн гараар бүтээгээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн УИХ буюу УИХ-ын гишүүд энэ “хонгилыг” бүтээхэд гар бие оролцсон аж. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заагаагүй 50 гаруй эрх мэдлийг бусад хуулиар Ерөнхийлөгчид олгосон юм байна. Үүнд нь нөгөө АТГ-ын дарга, дэд дарга, ШЕЗ-ийн гишүүд, прокурор, шүүгчдийг томилдог асуудлууд ч орж байгаа. Харин энэ хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч нар өөрсдөө санаачлаагүй байдаг юм. Өөрөөр хэлбэл манай УИХ-ын гишүүдийн хийсэн ажил. Товчхондоо Ерөнхийлөгчтэй “эрх ашиг нэгтэй” гэж үзсэн нөхөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зузаатгахад хүчин зүтгэсэн хэрэг.
Нэг жишээ дурьдахад 2012 онд Шүүхийн багш хууль батлагдаж, ШЕЗ-ийг байгуулахдаа гурван шатны шүүхээс (анхан, давах, дээд) нэг нэг төлөөлөл, дээр нь Хууль зүйн яам болон Хуульчдын холбооноос дөрөв, тав дахь этгээдийг нэр дэвшүүлж ШЕЗ-ийн таван гишүүнийг сонгох, дотроосоо нэр дэвшүүлэх замаар дарга нь томилогддог байхаар хуульчилжээ. (Үүнээс өмнө 1993-1996 онд Хууль зүйн сайд нь, 2012 оныг хүртэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүхийн захиргааны байгууллагаа толгойлдог байв) ШЕЗ гэдэг бол шүүгчдийг сонгон шалгаруулах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үүрэг чиглэл бүхий орон тооны байгууллага.
Гэвч Шүүхийн тухай хууль батлагдсанаас жилийн дараа буюу 2013 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн бариад ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болгочихсон. Ингээд шүүгчийн томилгоонд Ерөнхийлөгч шууд оролцож эхэлсэн хэрэг. Одоо ч гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч, прокуроруудыг солино, томилно, АТГ-ын даргыг өөрчилнө гээд байдаг нь ийм учиртай. Ц.Элбэгдоржийн төгс төгөлдөржүүлсэн “хонгилын” түлхүүрийг өөртөө авч буй л хэрэг юм. Харин шинэ хонгил хэнд үйлчлэх, хэний эсрэг ажиллах нь бараг тодорхой болчихоод байгаа. Өнөө маргаашгүй АТГ-ын дарга, дэд даргыг өөрчилнө. Ерөнхий прокурорын асуудал ч мөд яригдах биз.
Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан тухай мэдээлсэн. “Эрдэнэт” үйлдвэр дээр онц дэглэм тогтоосноос хойш хоёр долоо хоногийн дараа. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ч гэсэн Засгийн газар мөн ийм шийдвэр гаргаж байв. Гэвч 49 хувийн эзэмшигч “Монголын зэс” компани захиргааны шүүхэд хандсанаар гурван шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хангаж, “Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ хуульд заасан хэлцлийг хийлгүйгээр хүчээр булаан авсан нь хууль зөрчсөн байна аа” гэж шийдвэрлэсэн. Өнгөрөгч оны ёс, аравдугаар сард гарсан УДШ-ийн шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин Засгийн газар шүүхийн шийдвэрийг “Монголын зэс”-ийн талд үйлчилсэн гэж зарлаад шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ.
Уг нь бол шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх хууль Монголд байхгүй. Тэгвэл жинхэнээсээ “шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн” хэрэг болно. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 49 хувийн талаар Засгийн газрын өмнө авсан арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлчихсэн байгаа.
Товчхондоо “Эрдэнэт”-ийн 49 хувьд тохиолдсон энэ удаагийн үйл явдал Засгийн газар хувийн өмчийг хуулийн бус замаар хураасан анхны тохиолдол болж байна. Өмнө бид “хууль бусаар хувьчиллаа” л гэж ярьж байснаас “хууль бусаар хураалаа” гэж сонсож байгаагүй байх. Харин Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийн хаалт нь өмнө үйлдвэр дээр зарласан “онц дэглэм” болж байгаа бололтой.
1991 онд БНМАУ-ын Бага хурлаас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” хуульд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосугай” гэсэн байдаг юм. Харин 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хувийн өмчийг хураахыг хориглоно” гээд заачихсан. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын баталсан хууль өнөөдөр хүчинтэй юу, үгүй юу гэдэг маргаан хууль зүйн хүрээнд дэгдээд байгаа. Хараат бус хуульчид энэ маргааныг шийдүүлэхээр ҮХЦ-эд хандсан сураг ч сонсогдсон. Тэгэхээр Цэцийн шийдвэр аль талд гарахаас “хонгил”-ын түлхүүрийг шинэ эзнийх нь гарт атгуулсан эсэх тодорхой болох юм даа.
Төгсгөлд хэлэхэд “Хонгилыг бий болгосон эрх мэдлийг төвлөрлийг тараахгүйгээр хонгил үгүй болох боломжгүй юмаа. Хуулиа өөрчлөхгүйгээр хүнээ солиод өнгөрвөл хонгилын түлхүүрийг нэг хүний гараас аваад нөгөө хүнд өгсөнтэй адил” гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр хүлээн зөвшөөрсөн. Гэвч шийдвэр гаргах түвшиндээ бол түүнтэй манатай л байх шиг байна. “Хонгил”-ын тухай хамгийн их ярьж байгаа хүмүүсээс энэ тухай асуугаад үзээрэй л дээ.

Б.Сэмүүн
 
скачать dle 12.0