Монгол төрийн залгамж чанар хаачив?

Монгол төрийн залгамж чанар хаачив?
Төрийн ажлын залгамж халаа гэж зүйл алга болоод удлаа. Ядахад, халаа сэлгээ байсхийгээд л явах юм. Нэг дарга солигдлоо түүнийг дагаад бүхэл бүтэн “арми” очиж нутагшдаг болсоор хэдийнэ 20 гаруй жил өнгөрчээ. Аргаа бараад Төрийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, мэргэшсэн төрийн албан хаагчийг бэхжүүлнэ, халаа сэлгээг бууруулна гэх болов. Гэсэн ч бодит байдалд хуулийн хэрэгжилт хэрхэн буух нь тодорхойгүй байна. Нэг нам засгийн эрх авангуут өмнөх эрх баригчдын үед ажилд орсон алба хаагчдыг хуугаар нь халж, бүр төрийн албаны бүтцийг данхайлгадаг бичигдээгүй дүрэм тогтжээ.2012-2016 оны үед ажлаасаа 10 гаруй мянган төрийн албан хаагч халагдаж байсан бол 2016 оны үед мөн л үүнтэй адил тоо гарч буй.Дээрээс нь төрийн албан хаагчдын тоо хэдэн мянгаар нэмэгдсэн, нэмж агентлаг байгуулж, тэр хэрээр төсвийн зардал өсч байна.
Танил талдаа дулдуйддаг байдал төрийн албанд хавтгайрсныг дурдах нь илүүц биз. Нэгэнт солигдсон алба хаагч, албан тушаалтнууд өмнөх удирдлагуудын хийж байсан ажлыг үгүйсгэх, харлуулах бүр цаашлаад зогсоож шинээр өөрсдөө дүрэм хөтөлбөр зохиож ажил хийдэг боллоо. Нөгөө л үрэлгэн байдал ноёрхсоор. Нэг төсөл хөтөлбөрийг төсвийн болон төслийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Гэтэл нэг дарга гарч ирээд зогсоож, шинэ хөтөлбөр боловсруулж, сурталчилдаг. Өмнөх ажлынхаа үр дүнг үзээгүй цаасан дээр хэрэгжиж үлдсэн хөтөлбөр захаас аваад олон байна. Хамгийн ойрын жишээг энэ удаагийн эрх баригчдаас авч үзье.
МАН 2016 онд бүх шатанд үнэмлэхүй олонх болсныхоо дараа байгуулсан Засгийн газраа жил гаруйн дараа огцруулав. Ингэхдээ өмнө нь хийж байсан зарим ажлыг үгүйсгэж, халаа сэлгээ ч үргэлжлэв. Агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн зарим дарга нар солигдож, тэр хэрээр төрийн ажлын залгамж чанар алдагдав. Энэ байдал өдгөө 1.4 сая хүн амьдардаг метрополист хотын удирдлагуудад “халдварлаж” байна. Мөн л нийслэлийн Засаг дарга солигдож, НИТХ-ын дарга хоёр дахь удаагаа өөрчлөгдлөө. Ажлаа аваад удаагүй байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлдээ “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээсэн юм.
Уг нь шөнийн гудамжийг төсвийн нэг тэрбум гаруй төгрөгөөр тохижуулсан. Анхандаа хүмүүсийн дургүйцлыг төрүүлж байсан ч сүүл рүүгээ ихэнх нь хүлээн зөвшөөрч, дэлхийн хотуудад байдаг л зүйл хэмээх болсон юм. Нэгэнт төсөв мөнгө гаргаад тохижуулсан зүйлийг эргээд “нураах” нь өмнөх үеэ баллуурдаж буйгаас өөрцгүй хэрэг. Дээрээс нь төсвийн тэрбум гаруй төгрөг салхинд хийсч, татвар төлөгч бид төлөөд дуусч байх шиг байна.
Дээрээс суудлаа олохгүй бол доороой гүйдлээ олохгүй гэдэг. Төрийн дээд шатанд ажил ийн үргэлжилж байхад дунд, доод шатанд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж сууна.Аймгийн Засаг дарга, удирдлага албаны бланкан дээр хэн нэгнийг ажилд ав, судалж үз гэж үүрэгддэг, авахгүй бол “манай нутаг дэвсгэр дээр” байгаа, харьяаных гэдгээрээ “дарамталдаг” байдал хавтгайрлаа.Монгол төрийн залгамж чанар, амиараа хамгаалж авч үлдсэн эх орон, тусгаар тогтнолыг баталгаажуулж ирсэн хөх өвгөдийн өвлүүлсэн ухааныг хаана гээчихээд танайх, манайх гэж талцаж хувийн ашиг сонирхолд дөрлүүлж сууна вэ, бид. Нэг дарга нөгөөгөөр солигдсон ч төрийн албаны залгамж чанар хэвээр оршдог болсон цагт манай улс хөгжлийн тухай ярьж эхлэх нь. Тэр цаг хэзээ вэ?
С.Батзаяа
скачать dle 12.0