Төрийн албаны хууль хэрэгжсэнээр “арын хаалга” алга болох уу

Төрийн албаны хууль хэрэгжсэнээр “арын хаалга” алга болох уу

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 18.2, 18.7 дахь хэсэгт нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.  Ирүүлсэн саналыг багцлан үзвэл албан тушаалыг зэрэг зиндаа ахиулахаар гаргаж байгаа санал зонхилж байгаа юм. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, байгууллагуудаас ирсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, хангамжийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.  Тиймээс одоо мөрдөгдөж буй ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзээд энэ тухай тогтоолын төслийг боловсруулсан гэж байв.  Монгол Улсад нийт 191 мянган төрийн албан хаагч ажиллаж  байгаагаас 135 мянга нь төрийн үйлчилгээний салбарт  буюу эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан харин  төрийн тусгай алба хаагчид 37 мянга, 19  мянган төрийн захиргааны албан хаагч тус тус ажиллаж байна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж байв.
 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Төр цомхон байснаар төрийн алба дархлаатай болно. Хувийн хэвшлийн цалин төрийн албанаас өндөр атлаа ажилчид олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн бүгд хэлнэ. Төрийн албанд  орж байгаа хүмүүсийн анкет цалин бага мөртлөө маш их байдаг. Хувийн хэвшил цалин өндөр мөртлөө олдоггүй. Гэтэл төрийн албанд ажилд орох гэсэн хүмүүсийн  анкет ширээ дүүрэн байдаг. Төрийн албаа яаж дархлаажуулах вэ гэдгийг асуумаар байна.  Би төрийн алба цомхон байж чадвал дархлаа тогтоно.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Бид ялгаж хармаар байгаа юм. Төрийн үйлчилгээний алба, тусгай алба хаагчид дотроо зааг ялгаа бий. Төрийн үйлчилгээний салбар буюу эрүүл мэндийн үйлчилгээ  сайжруулах, эмнэлгийн орон тоог нэмэхийн тулд зайлшгүй  хүний нөөцийн орон тоог  нь нэмэх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл төрийн албаны байгууллагын чиглэлээс нь хамаарч хүний нөөцийн асуудал яригдаж байгаа юм. Төрийн захиргааны албан тушаалтнууд дээрээ бид зайлшгүй мониторинг хийх шаардлагатай. Төрийн албаны  байшин болгоныг дагаад галч, цэвэрлэгч шаардагдаж энэ хэрээр төрийн алба данхайдаг. Дархлаа гэдэг нь дан ганц Төрийн албаны тухай хуулийг баталснаар шийдэгдэхгүй. Бусад хуулиудтайгаа  уялдана. Сэтгэлтэй ,шударга ажиллах хүмүүс нь төрийн албандаа үлдье. Төрийн нарийн бичгийн дарга болоход дор хаяж 10 гаруй жил ажилласан байх, газрын дарга болохын тулд  найман жил төрийн албанд ажилласан байх зэрэг шаардлагыг тодорхой тусгаж өгсөн. Ингэж байж төрийн дархлаа тогтоно.
 
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Өнөө маргаашдаа бүтцийн асуудал ярихаар халаа, сэлгээ дагаад өрнөдөг учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ төрийн албаны хуулиар орон тоонд дураараа, арын хаалгаар орох асуудал байхгүй болно.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.САЙХАН
скачать dle 12.0