"Хотын фракц"-ийнхан нь хүртэл М.Энхболдоос нүүр буруулж эхэлжээ
2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлснөөр бараг жил хагас дамнан үргэлжилсэн МАН дахь хоёр хуваагдал, УИХ дахь 33-32-ын бүлгийн зөрчил үндсэндээ намжсан билээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ор нь гарсан хоёр сайдын албан тушаалд М.Энхболдын гол түшиг тулгуурын нэг болж байсан залуус болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн тэргүүтний төлөөлөл болгон, Ё.Баатарбилэгийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаар, Сү.Батболдын фракцийн төлөөлөл болгон, Б.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн сайдаар тус тус томилсон юм. Үүнтэй ч холбоотойгоор МАН-ын дарга асан М.Энхболдын баг гэгдэж, албан өрөөнийх нь үүдэнд өнждөг асан улс төрчид нь түүнээс нүүр буруулж, У.Хүрэлсүхийг даган "гүйлдэх" болжээ.
УИХ дахь "32"-ын бүлэг нь үндсэндээ үгүй болсон бөгөөд М.Энхболдыг МАН-ын дарга байх үед ЕНБ даргаар нь ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамгийн түрүүнд УИХ дахь У.Хүрэлсүхийг дэмжигчдийн эгнээг тэлсэн байна. Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар ч өөрсдийнхөө замыг бодон, УИХ-ын 2020 оны сонгуульдаа анхаарч, МАН-ын даргыг ямар нэгэн эргэлзээгүйгээр дэмжих нь зөв гэж үзэх болсон бололтой. Үндсэндээ А.Ундраа, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр гэх мэт цөөн хэдэн УИХ-ын гишүүн л УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой байгаа аж.
Тэгвэл М.Энхболдын хамгийн гол буюу үндсэн бааз суурь нь болох "Хотын фракц" гэгч нь ч ганхаж эхэлсэн нь тодорхой болжээ. Өчигдөр болсон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын хурал үүний хамгийн том нотолгоо болов.
Учир нь НИТХ-ын өчигдрийн санал хураалтад оролцсон 44 төлөөлөгчийн 25 нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бол 19 нь төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар НИТХ дахь АН-ын бүлгийнхэн бүхэлдээ С.Мөнхчулууныг дэмжсэн бөгөөд "урвагчид" дотроосоо буюу "Хотын фракцийнхан"-аас гарчээ. Өөрөөр хэлбэл М.Энхболдын багийн суурь бааз болсон "Хотын фракц"-ийнхан ч УИХ дахь 32-ын бүлгийн араас экс удирдагчаасаа нүүр буруулж, намынхаа шинэ даргад тал засаж эхэлжээ.
МАН-ын улс төрчдийн дийлэнхи нь хэн нэг даргыг эрх мэдэлтэй явах үед нь ичгүүр сонжуургүй зусардан бялдуучилж байгаад, "унамагц" нь "урваж", шинэ эрх мэдэлтнийг тойрон хүрээлдэг ба энэ нь бараг байгууллагынх нь соёл болж тогтсон юм.
М.Гал