Хотоо оршуулгын газраар хүрээлүүлэх бус эдийн засгийн эрчимтэй бүс болгон хөгжүүлмээр байна
Хотын төвлөрөл гэж хоосон ярихаас хэтэрсэнгүй. Адаг сүүлд нь шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Ингэх нь нэг талаасаа үр дүнгээ өгөх ч энэ бол захиргаадалт, Үндсэн хуулийн “Хүн оршин амьдрах газраа сонгох эрхтэй” байх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл.
Хотын төвлөрлийг саармагжуулах ажил яагаад ахьж урагшладаггүй вэ гэхээр шийдвэрийг зөвхөн дарга нар гаргадаг, тэд үндсэндээ жирийн борог амьдралаас хол тасарчихсан хүмүүс. Тиймээс шийдэл нь амьдралд нийцдэггүй. Ер нь аливаа шийдвэрийг ард түмнийхээ санаа бодолд тулгуурлаж, хамтдаа гаргадагсан бол амьдралд хэрэгжих боломж нь илүү гэдэг нь нотлох шаардлаггүй үнэн. Хотын төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо чухал, тэдний санаа бодлын зах зухаас дурдая гэж бодлоо.
Жишээ 1. Танил нөхөр Тайван маань хэдэн жилийн өмнө Хүй долоон худагт 0,07 га газар авчээ. Тэр хавьд нийтдээ 500 гаруй айл эко хороо болох санаа оноотойгоор газар авсан гэдэг. Тайван маань тэдний нэг. Тэнд хэд хэдэн айл байшин барьж, зарим нь хүлэмж байгуулж, ер нь л дор бүрнээ тохьжиж суурьших эхлэлээ хэдийнэ тавьжээ. Зарим нь бүр суурьшаад амжижээ. Гэвч тэд түрүүчээсээ эргээд хот руу ирж амьдрах болжээ. Шалтгаан нь тэнд гэрэл цахилгаан, худаг ус, нийтийн тээвэр байхгүй. Уг нь хажууд байгаа төмөр замын зөрлөгөөс тог цахилгаан татахад төвөггүй мэт. Эмээлтийн зүүхэн хойно, хотын төвөөс 30 орчим км зайтай энэ орчмын газрыг гэрэл цахилгаантай, өдөрт ядахад 3-4 удаа нийтийн тээвэр үйлчилдэг болчихвол тийшээ нүүж суурьшихад бэлэн 500 орчим өрх байгаа гэв. Энэ хэмжээгээр хотын яндан хорогдож, нийтийн тээврийн ачаалал, замын түгжрэл буурна. Хэрэв тэнд айл өрхүүд суурьшаад авбал ногоо жимс тарьж, тэндээ амь амьдралаа бөөцийлөөд байх бүрэн боломжтой.
Ер нь олон улсад хот төлөвлөлтийг орон зайн гэхээсээ илүүтэй эдийн засгийн утгаар төлөвлөдөг болжээ. Тиймээс хотын эргэн тойрныг эдийн засгийн идэвхтэй бүс болгож төлөвлөх, төрөлжүүлэх, энэ хүрээндээ хүн амын төвлөрлийг сааруулах боломж байна.Жишээ 2: Иргэн Батнасан Сайнзайн зусланд хашаа байшин худалдан авч, одоо тэндээ өвөл зунгүй амьдарч байна. Алт мөнгөний дархан хийдэг. Өөрийн гэсэн захиалагчтай, зах зээлтэй болохоор амьдралаа залгуулахад асуудалгүй. Бага хүүгээ бэртэйгээ хамт хаяандаа буулгаж урлах эрдмээ өвлүүлж байна. Энэ хоёр өрхийн 6 ам бүл онцын хэрэгцээгүй бол хот руу орж ирдэггүй. Бат-Үүлийг засмал зам тавьснаас хойш зусландаа өвөлждөг айлууд улам л олон болж байна хэмээн ярив. Дэд бүтцийн гавьяа энэ.
Жишээ 3: Бизнес эрхлэгч залуу хотоос зайдуу эзэмшил газар дээрээ хаус хороолол барихаар төлөвлөжээ. Ингэхдээ үнэ өртгийн хувьд хямд төсөр байхаар тооцож, бас тандалт судалгаа явуулжээ. Хүмүүс ч их сонирхож байсан хэрнээ эцсийн дүндээ татгалзжээ. Шалтгаан нь нийтийн тээвэр, засмал замгүйгээс гэнэ. Тэтгэвэрт гарсан аав ээждээ авч өгч агаарт амьдруулах гэсэн залуус голдуу төлөвлөж буй хотхоныг нь сонирхсон бөгөөд харин дуртай цагтаа хотод ирж буцаж байхын тулд нийтийн тээвэр явдаг байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Жишээ 4: Тэтгэвэртээ гараад 3 жилийн нүүр үзэж буй Даваа, Бүдээ хоёр хотоос гарч амьдрах хүсэлтэй. Гэвч газар олддогүй, олдож байгаа нь зам харилцаа, гэрэл цахилгаан бас байхгүй. Тийм болохоор хотдоо утаатайгаа “найзлаад л байж байна” хэмээн гомдоллов.
Энэ бүхнээс ямархан дүр зураг харагдаж байна вэ. Хотоос гарч эрүүл агаарт, сэлүүн чөлөөтэй амьдрах хүсэлтэй иргэд цөөн биш байна. Ялангуяа ахимаг насныхан хотоос захдуу цэцэг ногоо тарьсан шиг, аль эсвэл ганц хоёр саалийн үнээ тэжээгээд амьдрах хүсэл туйлаас их байдаг аж. Гэвч зам харгүй, нийтийн тээвэр, тог цахилгаангүй болохоор мянга хүсээд яах билээ. Хотдоо л шигдэж суухаас өөр гарц тэдэнд олддоггүй гэв.
Тэгвэл хотын төвлөрлийг сааруулах том боломж байна. Эхний ээлжинд хотоос гарсан засмал зам, эрчим хүчний шугмаа бараадуулж шинэ хороолол үүсгээд нийтийн тээвэр явчихдаг болчихвол нийслэлийн гэр хорооллыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байна. Тухайлбал, босоо тэнхлэгийн зам дагуу Баянчандмань. Налайхаас урагш, мөн Төв аймаг, Алтанбулаг, зүүн тийшээ Эрдэнэ сум хүртэл бэлэн байгаа дэд бүтцээ ашиглан суурьшлын бүс байгуулах боломж бий. Тэгээд тэндээ төрөлжсөн аж ахуй байгуулж болно. Жишээ нь. Баянчандманьд тахиа, өндөг үйлдвэрлэл, Эрдэнэ сумаас нааш өвлийн хүлэмжний гэх мэт.
Монгол Улс нийтдээ 900 мянга шахам өрхтэй гэсэн тоо байна. Эдгээрээс 390 мянга нь Нийслэлд бүртгэлтэй. Үндсэндээ 50 шахам хувь нь. Нийслэлд ханаа шийрлэсэн эдгээр 390 мянган өрхийн 200 мянга шахам нь гэр хороололд амьдардаг.
Хэрэв Засгийн газар болон Нийслэлийн зүгээс оновчтой зөв бодлого хэрэгжүүлж чадвал гэр хорооллын өрхийн тоог тэн хагасаар цөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл төвөөс зугатах хүчийг бий болгох явдал. Үүний тулд хөдөө амьдрах хүсэлтэй иргэдэд ногоо жимс тарих, хүлэмж барих, эсвэл мал аж ахуйн чиглэлээр ферм байгуулах нөхцөл боломжийг нь хангах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Бусдын ийм туршлага ч байна.
Өвөр Монголын зарим аймгийн малчид олон жилийн зуд турханд малаа барж Хөх хот руу олноороо нүүдэллэх болжээ. Харин тэднийг хотод бус Даланхар уулынхаа наад бэлээр суурьшуулж, улсаас дэмжлэг үзүүлж сүүний чиглэлээр фермерийн аж ахуйн эзэд болгосон жишээ бий. Сүүг нь өглөө оройдоо очоод авчихна.
Эсвэл хотын эргэн тойрон дахь өвлийн хүлэмжийг хамгийн боломжтой хэлбэрээр олон жилээр эзэмшүүлж, ургацыг нь улс шууд худалдан авдаг. Ийм жишээ бий. Бусдын хийсэн юмыг бид чадахгүй гээд яах билээ. Тянь Мэн буюу төв талбайдаа очиж үзээгүй Бээжин хотын оршин суугч хэдэн саяараа байдаг гэнэ. Бээжин хотын оршин суугчдын хувьд бүх хэрэгцээт үйлчилгээ өөрийнх нь эргэн тойронд ойр дөт байдаг болохоор иргэд тэр орчноосоо гарч явах сонирхол бага байдгийнх биз. Хотыг ингэж л төлөвлөх хэрэгтэй байгаа юм.
Ер нь олон улсад хот төлөвлөлтийг орон зайн гэхээсээ илүүтэй эдийн засгийн утгаар төлөвлөдөг болжээ. Тиймээс хотын эргэн тойрныг эдийн засгийн идэвхтэй бүс болгож төлөвлөх, төрөлжүүлэх, энэ хүрээндээ хүн амын төвлөрлийг сааруулах боломж байна. Дарга нар дандаа Мянгуужингийн үлгэр ярьдагаа больж ганц ч гэсэн асуудлыг зоримог шийдмээр байна.
Хотын эргэн тойрноо оршуулгын газраар хүрээлүүлж байхынхаа оронд эдийн засгийн эрчимтэй бүтээлч бүс болгож, ярих биш хийгээч гэж л уриалмаар байна.
П.Булган