Жолооны үнэмлэхийг дөрөвдүгээр сараас хэвлэж эхэлнэ
Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Ингэснээр шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр үнэмлэх хэвлэн олгож байсан юм.
Жолооны үнэмлэхийг хэзээ хэвлэх талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодруулахад “Цагдаагийн ерөнхий газар тендэр авсан компанитай гэрээгээ хийсэн. Бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгана. Үнэмлэх захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компанийн захиалгын утсанд хандаж, үнэмлэхээ захиалж авч болно” гэлээ.
Түүнчлэн жолооны үнэмлэхээ Дүнжингарав, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм байна. Одоо жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байгаа ажээ.