С.Мөнхчулууныг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ц.Сандуйг дахин “яллав” уу

С.Мөнхчулууныг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ц.Сандуйг дахин “яллав” уу

Б.ДАМДИН-ОЧИР

Хотын даргын суудлын төлөөх тэмцэл хурцдаж эхэллээ.
НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан. Улмаар уржигдар МАН-ын Хяналтын хороо хуралдаж С.Мөнхчулууныг НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйгийн хамт намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар нар өчигдөр мэдээллээ.
Д.Батбаатар ч яахав, МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нарынхаа үгээр ийм шийдвэр гаргасан нь тодорхой.
Тэгэхээр МАН-ын удирдлагуудын бодлого С.Мөнхчулууныг Хотын дарга болгохын эсрэг байна гэсэн үг. Тэгэхээр түүний оронд хэнийг дэмжих сонирхол МАН-ын дарга нарт байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариу нь бас л тодорхой.
Ерөөс НИТХ-ын одоогийн дарга С.Амарсайханыг Хотын дарга болгох тохироо дээгүүр доогуур аль эртнээс хийсэн гэдэг мэдээлэл бий. Харамсалтай нь магтсан хүүхэн хурим дээрээ гэдэг шиг НИТХ-ын төлөөлөгчид даргаа биш журмын нөхрөө дэмжиж халаасан.
Уг нь С.Амарсайхан ингэж баларч хаширсан л байх ёстой. Өмнө нь НИТХ-ын дарга болохдоо НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэдэг эмэгтэйд өвдөг шороодонгоо алдсан. Арайхийж давж байлаа.
Сая С.Мөнхчулуунд дахин уначихав. Гэхдээ дараагийн өрсөлдөөнд тэр хангалттай бэлдсэн байж таарна. Цагаан сар, амралтын олон өдөр гээд С.Амарсайханд хугацаа их гарсан.
Гэхдээ эцсийн шийдийг НИТХ-ын төлөөлөгчид л гаргана.
Хэрэв С.Амарсайхан, Д.Амарбаясгалан хоёр тааруухан “ажиллаад” хоёр дахь санал хураалтад дахин унавал тэдний найр тарна. Учир нь намын даргаасаа дэмжлэг аваагүй, улмаар намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.
Түүнийг МАН-ынхан ч, АН-ынхан ч дэмжээд байгаа нь “Амараанууд”-д аюултай байгаа юм.
Нөгөөтэйгүүр халдаагаад наагаад байх толбо багатай С.Мөнхчулууныг “60 тэрбум” гэдэг “хар овоохой”-д оруулж байгаад МАН-аас хөөж байна. Ингэхдээ НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйгийн хамт намаас хөөсөн тухай дээр хэлсэн. “60 тэрбум”-ын хэрэгт олон нийт дургүй. Тэр сэтгэлзүй дээр дөрөөлсөн улс төрийн шийдвэрийг МАН-ын дарга нар бодож олсон байгаа  юм.
Эдгээрийг харж байгаад нэг илүү үг дуугарчихад Ц.Сандуйд лав дөрөв дэх удаагаа хариуцлага хүлээлгэж байх шиг байна. Товчхондоо, С.Мөнхчулууныг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ц.Сандуйг дахин “яллалаа” гэхэд болно.
МАН-ын хэрэг маньд падгүй л дээ.
Гэхдээ гудамжинд дөрвөн жил лааз өшиглөсөн МАН-ынхан 2016 онд гарамгай ялалт байгуулж, төрийн ордонд тэр чигээрээ орж ирэхэд М.Энхболд, Ц.Сандуй хоёрын оролцоо өндөр байсныг мань байтугай олон нийт мэдэх юм.
Тэгэхээр “Амараанууд”-д зөвлөхөд, хүссэндээ хүрэхдээ ийм бохир аргыг бус маш цэвэрхэн өрсөлдөж, PR хийж сурмаар байгаа юм.
Эс тэгвээс хэдхэн жилийн дараа өнөөдрийн өндөрлөгөөсөө  жамаар биш чирүүлж бууж мэднэ. Цаг хугацаа тэгж л эргэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0