Мэнэнгийн талаас шинэ зүйлийн мөөг илрүүлжээ
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн захирал, докторант Г.Бүрэнбаатар БНХАУ-ын судлаачидтай хамтран нэг төрөлд хамаарах хоёр зүйлийн шинэ мөөг илрүүлж, шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Тэрбээр Хятадын Чанчунь мужийн Жилиний хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачидтай хамтран хийсэн судалгааныхаа үр дүнд илрүүлсэн мөөгөө Metacampanella subtricolor, Metacampanella coprophila хэмээн нэрлэсэн байна. Үүний нэгийг нь Дорнод аймгийн Мэнэнгийн талд бүртгэсэн бол нөгөөг нь өмнөд хөршид тэмдэглэжээ. Судлаачид энэ талаарх судалгааны өгүүллээ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлж, мэргэжил нэгтнүүддээ танилцуулаад байна. Г.Бүрэнбаатар үүнээс өмнө мөн гадаадын судлаачидтай хамтран Монголоос шинэ зүйлийн мөөг илрүүлж, эрдэм шинжилгээний өгүүллээ өнгөрсөн хавар сэтгүүлд хэвлүүлж байсан аж.