Нийслэлээс 117 мянган өрхийг нүүлгэх мөрөөдлийн төлөвлөгөө
Монгол Улсын өрхийн тоо жилд дунджаар 15 мянгаар өсөж, 2019 оны байдлаар 900 мянгад дөхөж байгаа гэх тооцоог ҮСХ-ны мэдээллээс харж болно. 2017 онд Монголд өрхийн тоо 885 мянга байв. Үүний 390 мянга нь нийслэлд бүртгэлтэй. Тэр хэрээр улсын ганц мега хотод мянган зовлон нүүрлээд буйг хэн хүнгүй мэднэ. Харин үүнээс гарах гарц нь эдийн засгийг дэмжсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө аж.
Монгол Улс орон зайн газар зохион байгуулалтын төлөвлөлтөөс эдийн засгийн агуулгатай төлөвлөлтөд шилжихээр 2017 оноос эрчимтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-г байгуулж, Ерөнхий сайд удирдахаар баталсан. Өмнө нь зөвхөн орон зайг голлосон нь салбараар “өмчлөгдсөн” нэгдмэл бус тогтолцоог бий болгосон. Харин шинэ төлөвлөлтөөр газрын хэрэгцээ, байгалийн болон бусад нөөцийн оновчтой байршилд нийцүүлэхийн зэрэгцээ хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт чиглэсэн нүүдлийг дэмжих болсон нь төлөвлөгөөний амин сүнс гэлтэй.
Өнгөрсөн долоо хоногт БХБЯ, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ойрын жилүүдэд Монгол Улс газар зохион байгуулалтад ямар төлөвлөгөө хэрэгжүүлэхийг нийслэл болон 21 аймгийн холбогдох дарга нарт танилцуулсан. Түүгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эдийн засгийг дэмжих хөтөлбөртэй уялдуулж, хүн амын төвлөрлийг сааруулах бодлого баримталж байгааг чухалчилсныг энд тэмдэглүүштэй.
Засгийн газраас аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, уул уурхай дагасан эдийн засгийн төвүүдийг бий болгохоор зорьж буйн зорилго төвлөрлийг сааруулах хүсэлд огтлолцож байгааг хэлэх юун. Чингэхийн тулд “их нүүдэл”-д бэлтгэх шаардлага гарч ирлээ.
Их нүүдлийн үр дүнд нийслэлээс 117 мянган өрхийг эдийн засгийн бүс нутагт шилжүүлэх зорилт дэвшүүлжээ. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна гэдэг шиг ёстой л нэг хорхой хүргэм сайхан төлөвлөгөө байгаа биз. Гэхдээ нарийвчлан ухаад үзвэл хэрэгжих боломжгүй эд ч бас биш бололтой.
Төлөвлөгөөнд тусгаснаар суурин хөдөө аж ахуйг дэмжсэнээр 70 мянга, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг дагаж 30.4 мянга, хүнд үйлдвэрийн бүс рүү 12.5 мянга, малжуулах төслийн хүрээнд 3.1 мянган өрх нүүнэ гэсэн тооцоо хийж. Үүн дээр их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудыг нийслэлээс шилжүүлснээр олон тооны өрх орон нутагт нүүдэллэнэ хэмээн тооцоолж байна. Хэт төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс хөдөө нутаг руу суурьших иргэдэд жижиг фермер, хоршоо, нөхөрлөл байгуулахад эдийн засгаар дэмжихийн сацуу газар тариалан, мал, гахай, шувуу, зөгийн аж ахуй эрхлэхэд зориулж газар олголтоор “мялаах” төрийн бодлого энэ юм. Мөн дээрх голын ай савд хамаарч буй 10 аймгийн төвд ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах агропарк барьж, хөнгөн хүнсний 22 үйлдвэрийг өргөтгөн, тус салбарын хөгжлийн үндэсний цогцолбор бүхий кластерыг Дархан-Уул аймагт байгуулах аж.
Төвлөрлөөс “зугатах” бас нэг гарц нь хүнд үйлдвэрт ажиллах боломж. төлөвлөгөөгөөр төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг дархануул, машин тоног төхөөрөмж, металл хийцийн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, зэсийн баяжмалын үйлдвэрийг Ханбогд, нүүрс-химийн үйлдвэрийг Багануур дүүрэг, газрын тосныхыг дорноговьд байгуулахаар төлөвлөж байна.
Мөн газар зохион байгуулалтын үүднээс нийслэлийн хүн амын төвлөрөлд жинтэй хувь нэмэр оруулж буй их, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудыг нүүлгэх төлөвлөгөөг шинэчилжээ. Гэхдээ энэ сэдвээр маргаантай байгаа хоёр хувилбар бий. Эхнийх нь Багануур дүүрэгт оюутны хотхон, их дээд сургуулийн нэгдсэн цогцолбор байгуулах. Харин хоёр дахь нь тухайн салбар, чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага байршиж буй, материаллаг нөөц бүхий бүсэд шилжүүлэх хувилбар юм. Сүүлийнх нь эдийн засгийг дэмжсэн төлөвлөлтөд нийцтэй тул хэрэгжих магадлал өндөр. Тухайлбал, ХАА, хүнс, биотехнологийн салбар сургууль, ШУ-ны байгууллагыг Дархан-Уул, Дорнод, Ховд, Архангай аймагт, уул уурхай болон боловсруулах үйлдвэрийнхийг Багануур, Сайншанд, Баян-Өндөр, Ханбогд руу шилжүүлэх бол машин механизм, металлургийн салбарынх Дархан-Уул, боловсролын салбарынх архангайд төвлөрөх нь ээ. Мөн барилгын салбарын сургууль, байгууллагууд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өвөрхангай аймаг болон Налайх дүүрэг рүү нүүж, байгаль орчин, экологийнх Хөвсгөл, Ховдод, батлан хамгаалахын сургууль Багахангай дүүрэг, Говьсүмбэрийн аль нэгрүү буурь сэлгэх юм. Харин өндөр технологи, электроник, цахим технологи, нийгэм, улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын сургууль, байгууллагууд бууриа сахин үлдэхээр байна.
Мөрөөдлийн жагсаалт гэмээр эл төлөвлөлтөд зохион байгуулалт, салбар бүрийн уялдааг сайн хангаж өгвөл хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн төвүүдийг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шаардлагатай. Газар төлөвлөлтийн хүрээнд аймгуудыг холбосон авто болон төмөр замын газрыг чөлөөлөх инженер геодези, байгаль орчны үнэлгээний ажлын төлөвлөлт хийгдэж байгаа аж. Төлөвлөгөөг үр дүнд хүргэхийн тулд чамгүй мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Зарим салбарын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь “мөрөөдлийн жагсаалт” бус мөд биелэх боломжтойг бас харуулж байгаа юм. Тухайлбал, Энэтхэгийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэр барих, улсын төсвөөр дөрвөн аймагт мах боловсруулах үйлдвэр барих, дарханы кластер байгуулах газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн гээд дурдаад байж болно.
Мөн “мөрөөдөл”-дөө мөнгө хөрөнгө оруулалт хийж чадвал иргэд өөрсдөө нүүгээд очих боломж ч бийг жишээ, баримтаас харж болохоор. Тухайлбал, шинэ онгоцны буудал, Майдар төсөл барихтай холбоотойгоор төв аймагт иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээг хамгийн ихээр тогтоож өгсөн байна. Гүйцэтгэлээр 1743 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь мөнгө олох боломжтой газар хэн хүнгүй давхиад хүрдгийн тод жишээ.
Энэ мэтчилэн мөрөөдөлдөө мөнгө төлөвлөж чадвал нийслэлийн хүн амын нягтрал 40 хувиар буурах төдийгүй эдгээр бүтээн байгуулалтуудыг дагасан бизнесүүд орон нутаг тийш цуврах жим бас тодорч байна. Хүнд, хөнгөн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүний нийлүүлэгч компаниудыг дагаж шинэ технологи, ноу хау орон нутагт хөгжил дагуулахын зэрэгцээ оюутны зугаа болсон урлаг уран сайхан, шоу цэнгэл, баар ресторан ч хөдөө тийш “соёлын довтолгоон” тээж хүрэх дүр зураг тод байна. Гагцхүү урьд өмнөх сайхан төлөвлөгүүдийн нэгэн адил ажлын сэйфэнд хадгалаад өнгөрөөх бус, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.
Эх Сурвалж: Засгийн газрын мэдээ