Хотын баруун захаас зүүн зах хүртэл үргэлжлэх метроны тасалбарын үнэ 1000 төгрөг байна
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан.
Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.
Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.