Метрогоо мартаж, микротойгоо эвлэрэх хэрэгтэй болох нь дээ
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан газраас Улаанбаатарт хэзээ метро баригдахыг сурагласан хэвлэлийнхний асуултад “Улаанбаатар хотод метро барихад тохиромжгүй, газар доогуураа олон шугам сүлжээтэй. Харин тусгай замын автобус буюу BRT-г нэвтрүүлнэ” гэсэн хариулт өгчээ. Ингэснээр монголчуудын нэгэн мөрөөдөлд цэг хатгав.
Одоогоос зургаан жилийн өмнө нийслэлийн иргэдийн 90 хувь нь метротой болохыг дэмжиж, 60 гаруй хувь нь үйлчлүүлэхээ илэрхийлж байсан судалгаа бий. Он цаг улирч тэр мөрөөдөл бараг замхрах тийшээ хандаж байсан үеэр Нийслэлийн Тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд албан ёсоор зарлаж байв. Метротой болох мөрөөдөл эргэн ирсэн нь товчхондоо энэ. Нийслэлийн тээврийн асуудал эрхэлсэн байгууллага, төслийн удирдагч нар нь ганцхан жилийн өмнө хойно ийм зөрүүтэй мэдээлэл хийв.
Улаанбаатар 1,3 сая хүн амтай, зэрэг дэвээрээ бол метрополис хотын хэмжээнд хэдийнэ хүрсэн. Гэхдээ нийтийн тээвэр нь энэ тодотголын хэмжээнд хүрэхэд мөн ч хол зайтай байна. Энэ орон зайг метротой болох мөрөөдлөөрөө нөхдөг байлаа.
Э.Бат-Үүл Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа 2013 онд “Улаанбаатар метро” төслийг албан ёсоор танилцуулж, бүр “даварч” метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслолыг Драгон “өртөө” дээр сүр дуулиантай хийж байв. Үнэхээр л нийслэл хотоо хэзээ мөдгүй метротой болох нь гэж итгэж үнэмшиж, барьж байгуулаагүй метроны “өртөөн”-ий тэр ёслол дээр хэрэндээ хөөрч, хөл хөнгөрч байсан хүний нэг нь би өөрөө.
Хэрэв эрх баригчдын тэр үед хэлж байснаар бол 2017 оноос нийслэлийн иргэд метрогоор үйлчлүүлж, 2020 онд Улаанбаатарын метроны бүтээн байгуулалт бүрэн хэрэгжиж, 1500 гаруй ажлын байр бий болчихсон байх байлаа.
Дэлхийн анхны метро 1863 онд Лондон хотод байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш 156 жил өнгөрсөн байх юм. Өөрөөр хэлбэл, бүтэн хагас зуун өнгөрчээ. Харин байгалийн асар их баялагтай, дэлхийн номер нөөц бүхий нэг алт зэсийн уурхайтай Монгол улс харин хэдэн зуун дамжин метротой болох мөрөөдлөө тээж явахыг хэлж мэдэхгүй юм.
Жаахан хэтрүүлж хэлбэл эдүгээ метрогүй нийслэл дэлхийд бараг үгүй юм шиг байна. Африкийн орнууд, “Сэрүүн бүсийн Бангладеш” хэмээн өөрсдийгөө адилтган жишиж байсан Бангладешийн Дакка хот хүртэл метротой гэнэ.
Монгол хөгжлөөрөө улам бүр хол хоцорч байна. Улс орнуудын томоохон хот 3-4 давхар замтай болсон. БНХАУ угаасаа энэ талаараа тасарчихсан. Зүүн өмнөд Азийн орнууд, жишээ нь Тайландын Бангкок хот гэхэд 3-4 давхар замтай. Давхар гүүрэн замаар явдаг skytrain, газрын түвшний зам, тэгээд газар доорхи метро гээд. Газар доорхи метрогоо зарим газраа хоёр давхар гэж ярих юм билээ. Түүнээс гадна усан замаар хотын иргэдийн нэг хэсэг нь зорчдог. Арав гаруй сая хүн амтай энэ хотод түгжрэл гэдэг юм огт харагдаагүй. Хөгжлийн зөв бодлого, хотын сайн төлөвлөлт гэдэг энэ биз.
Э.Бат-Үүл хотын дарга байх үедээ ЖАЙКА-гаар метро байгуулах судалгаа хийлгэж боломжтой гэдгийг тогтоосон юм билээ. Тэдний хийсэн судалгаагаар Толгойтоос Амгалан хүртэлх 17,7 км замыг 15-20 минутад туулах метрог эхний ээлжинд байгуулах боломжтой гэдгийг хэлж байсан. Тухайн үед ЖАЙКА-гийн судалгааны төслийн тайлан бүр Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд өргөн баригдаж, 1,5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарч байсан билээ.
Метро байгуулснаар 700 орчим монгол залуус ажилтай болж, Улаанбаатарын замын түгжрэл буурч, агаарын бохирдол ихээхэн хэмжээгээр буурна гэсэн тооцоолол байсан юм.
Тэгвэл өнөөдөр ЖАЙКА-гийн хийсэн судалгааг Нийслэлийн зам тээвэр хариуцсан төслийн удирдагч үгүйсгэж, Улаанбаатар газар доорхи шугам сүлжээ ихтэй учир метро барихад тохиромжгүй гэжээ. Ингэснээр метротой болох мөрөөдлөө гээж микротойгоо эвлэрэх хэрэгтэй болох нь дээ, монголчууд минь.
Г.Хантулга