Эдвард Неф: Шударга хүмүүс баялгийн эзэд болох нь зүйтэй
“Уул уурхай Монголын хөгжлийг сорьж байгаа нь…” нэртэй баримтат киноны зохиогч, продюссер Эдвард Неф эрхмийн яриаг хүргэж байна. Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарыг байгаль орчинд хал багатайгаар урагшлуулах боломж байна уу? гэдэг асуудал ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ ч Монголчууд бидний хувьд СЭДЭВ байх нь дамжиггүй. Тиймээс ч Монгол оронд өрнөж буй уул уурхайн олборлолт байгаль орчин болон нийгмийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгаа вэ? Уул уурхай хөгжихийн хэрээр тулгамдсан асуудлууд шийдэгдэж байгаа юу? зэрэг олон асуудлыг хөндсөн уг баримтат киноны агуулга чухал хэвээрээ байна.
-Юуны өмнө ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан танд талархаж байгаагаа илэрхийлье. Хоёулаа бүтээлийн тань талаар ярилцахаас өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Таныг АНУ-ын Конгресст Монтана мужийг төлөөлдөг Сенатын гишүүний хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэж сонссон шүү?
-Өнгөрсөн 25 жилийн турш би Вашингтон дахь хэлний сургуулийн үйл ажиллагааг удирдаж, улмаар Япон, Монгол, Вьетнам улсуудад салбар байгуулж байсан юм. Ийнхүү боловсролын салбарт өөрийгөө сорихоос өмнө Монтана мужийн сенатор Макс Бокусын хуулийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүнээс өмнө Сенегал, Гватемала, Колумби, Канад улс болон хожуу Вашингтон муждаа АНУ-ын дипломат элчээр томилогдон ажиллаж байсан. Залуу байхдаа АНУ-ын Энх Тайвны Корпуст дөрвөн жил ажилласан юм байна. Харвардын Их сургууль дүүргээд армид элсч хоёр жил цэргийн алба хаасны дараа АНУ-ын Дипломат албанд орж байсан. Товч намтар минь ийм юм даа.
-Өнгөрсөн 25 жилийн турш би Вашингтон дахь хэлний сургуулийн үйл ажиллагааг удирдаж, улмаар Япон, Монгол, Вьетнам улсуудад салбар байгуулж байсан юм. Ийнхүү боловсролын салбарт өөрийгөө сорихоос өмнө Монтана мужийн сенатор Макс Бокусын хуулийн зөвлөхөөр ажиллаж байв. Түүнээс өмнө Сенегал, Гватемала, Колумби, Канад улс болон хожуу Вашингтон муждаа АНУ-ын дипломат элчээр томилогдон ажиллаж байсан. Залуу байхдаа АНУ-ын Энх Тайвны Корпуст дөрвөн жил ажилласан юм байна. Харвардын Их сургууль дүүргээд армид элсч хоёр жил цэргийн алба хаасны дараа АНУ-ын Дипломат албанд орж байсан. Товч намтар минь ийм юм даа.
-Монгол орныг уул уурхай сорьж байна гэж та үзэж байна уу? Монголын тухай өгүүлсэн кинондоо та уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас үүсч тулгамдсан асуудлыг Хөвсгөлийн цаатангуудын амьдралтай холбон харуулсан. Үнэхээр анхаарал татаж байна?
Монгол улс их баялгаа ашиглах шийдвэр гаргаад, ажиллаж байна. Эдийн засгийн ийм том ахиц өөрчлөлт, ялангуяа огцом хөгжиж буй эдийн засаг тухайн улс оронд нэлээд их дарамт, бэрхшээл бий болгодог тул энэ хөгжлийн үр шимийг бүх ард түмэнд жигд хүртээх сайн хяналт, зөв засаглал, түүний зөв голдрилтой болохыг Монголчууд эрмэлзэх нь зүйтэй гэж би боддог.
Баримтат киногоороо дамжуулан би хүмүүс энэ том боломжийг анхааралдаа авч, зөв ашиглаасай, ийм их баялаг ашиглахдаа амьдрал нь хүнд байгаа иргэдээ марталгүй туслаасай, мөн уугуул соёл, ёс заншлаа бүү орхигдуулаасай гэж хэлэх гэсэн юм.
Хэрэв Монголчууд зан заншлаа хадгалж эс чадваас мөн ядуу дорой иргэддээ туслахгүй бол энэ улсын мөн чанар алдагдахад хүрэх вий. Монгол бол тун их аз завшаан, хувь тавилантай орон. Учир нь хуулиас гадуур хэн ч оршин байх учиргүй бөгөөд Засгийн газар нь баян ядуу ялгалгүй нийтийн сайн сайхны төлөө ажиллах учиртай ардчилсан эрх чөлөөт орон юм. Улс орныхоо баялгаас шууд биш ч гэсэн аж амьдралаа сайжруулах боломж ашиглаж замаар үр шимийг нь хүртэх юмсан гэж хүсч мөрөөддөг хүмүүс байна. Гэтэл Монголчууд шиг ийм эрх чөлөөт сонголт хийх хувь заяагүй хүмүүс дэлхий дээр байсаар л байна гэдгийг хэлмээр байна. Миний нэг анзаарсан зүйл бол Монголчуудын ихэнх нь уул уурхайн талаар их өөдрөг үзэлтэй, цаашид хүн бүрийн амьдрал сайжирна гэж итгэж найдаж байгаа нь бахархмаар сайхан санагдлаа.
-Манай улсад гар аргаар алт олборлогчид буюу нинжа нарын тоо 100 мянга даваад байна гэсэн албан бус тоо бий. Бусад улс орнуудад ч гар аргаар ашигт малтмал олборлогчид бий. Тэрчлэн манай улс гадны жишгийг дагаж Бичил уурхайн эрх зүйн орчныг зохицуулах тал дээр алхам хийсэн ч дорвитой ахиц гараагүй л байна. Таны кино нинжа нарын тухай хэрхэн харуулсан бэ?
-Би нинжа нарын асуудлаар сайн нарийн учрыг мэдэхгүй. Гэхдээ нинжа нарыг зохицуулахад хүндрэл учирдаг нэг шалтгаан нь тэд хуульд захирагдах сонирхолгүй байдаг мэт санагдсан. Миний бодлоор тэд зохион байгуулалтанд орох нь зүйтэй, өөрсдөө ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэх юм бол хууль тэдэнд эрх тэгш үйлчилж, уул уурхайн компаниуд ч гэсэн дарамт шахалт үзүүлэхгүй ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг болно байх. Гар аргаар алт олборлогсдын ихэнх нь үүнээс өөр сонголтгүйн эрхээр мөнгө олох ганц арга гэж ойлгож ирсэн байх юм билээ. Жишээ нь уул уурхайн компаниуд хуучин нийтийн өмч байсан том том газруудыг эзэмших эрх олж аваад, алт хайж их хэмжээний хөрс, газар шороог ухаж, түнхээд овоолго шороо үлдээгээд явдаг. Ингэж орхиод явсан газар нь нинжа нар цуглаж азаар алт олбол нь алтны компани буцаж ирээд нинжа нарыг хөөж явуулах гэдэг гэх мэт араншин гаргадаг юм байна гэж ойлгосон. Тиймээс ийм нөхцөлд нээлттэй, бие биедээ шударга хандах нь чухал болов уу.
-Дэлхий дахин байгалийн баялгийн хомсдолын тухай ярьж байна. Харин манай улс бол үүц баялагтайгаа байгаа. Манай улс эдийн засгийн хөгжлөөр сул байгаа учраас, хөрөнгө оруулагчидтай тохиролцож, ажиллах хэрэгтэй байна л даа...
-Ардчилал гэдэг нь хүмүүс бие биедээ харилцан боломж олгох гэсэн үг л дээ. Нийгэмд хувь нэмэр оруулах боломжтой хэсэг нь цаашдаа давуу тал боломжоо ашиглан тийнхүү хувь нэмрээ оруулаад л байх нь зүйтэй. Байгалийн баялгийг ашиглах нь мэдлэг, туршлага, асар их хөрөнгө санхүүжилт шаардагдах тул тийм зориг эрсдэл гаргаж орж ирж байгаа уул уурхайн компаниудад боломж олгохгүй бол дэлхийн одоогийн хөгжилтэй зэрэгцэж хөгжихийн тулд баялгаа ашиглах гэсэн Монгол улсын хувьд бодлогогүй алхам болох болов уу. Уул уурхайн компаниуд ч үйл ажиллагаа явуулах бол Монголчуудын өмнө, ялангуяа аж амьдрал нь дорой иргэдийн өмнө, байгалийн баялгийг ашигласныхаа төлөө үүрэг хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэж би боддог.
-Уул уурхайгаас орж ирэх мөнгийг эдийн засгаа төрөлжүүлэхэд зориулна гэж улстөрчид хэлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр тэр зүг рүү алхаж чадахгүй байна. Тэгэхээр байгалийн нөөцөө ашиглахдаа хариуцлагатай байж чадах уу гэдэг асуудлыг байн байн тавих ёстой болж байна л даа. Таны бодлыг сонирхвол ямар вэ?
-Компаниуд гадаад улсад орж ирээд уул уурхайн үйлдвэрлэл явуулж удаан хугацаанд амжилттай оршин тогтнохыг хүсч байвал өөрсөддөө ашиг олохыг илүүд үзэлгүй холыг харж ажлаа явуулдаг байгаасай. Учир нь ихэнх тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн сөрөг үр дагаврууд нь хэзээ хойно олон жилийн дараа илэрдэг тул оройтсон хойно толгойтой бүхэн чухам юу нь буруу болоод өнгөрөв эсэх дээр эргэж бодох жишээтэй. Латин Америкт, тухайлбал, экстремистүүд засгийн эрхэнд гарч ирснээс болоод урьд өмнө нь тухайлан сануулж байсан хүндрэл бэрхшээлээс ч илүү хүнд асуудал үүсч байна. Уул уурхайн үйлдвэрлэгчид улс орны ирээдүйн сайн сайхан нь одоо үедээ хэрхэн зөв алхам хийхээс шалтгаална гэдгийг ухамсарлан ойлгож ажилладаг байгаасай. Олон ч компани энэ жишгээр ажиллаж байгаа байх, сайны хажуугаар саар гэдэг шиг үүнийг ойлгодоггүй ч компаниуд ажиглагддаг.
-Ингэхэд Та киноныхоо баатруудтай яаж танилцсан юм бэ?
-Монголд би сүүлийн арав гаруй жил ирж ажиллалаа. Энэ хугацаанд нутаг бүрт нь очиж үзлээ. Сайхан сэтгэлт хүмүүст нь татагдаж, тэдэнд тусалж, дэмжихийг эрмэлздэг болсон, тэдэнд туслахад ч таатай байдаг. Чин сэтгэлээсээ хандаж агуу хүмүүстэй учирч явдаг. Тийм л тохиолоор таарсан гэж бодож байна.
-Уулнаас бууж ирсэн цаатан нийгэмшиж чадалгүй нинжа болж буй талаар таны кинонд өгүүлж буй юм билээ. Нинжа нарын амьдрал их хүнд байдгийг та киногоороо харуулжээ. Монголын төр засаг энэ асуудлын талаар юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
Засгийн газрын зүгээс нинжа нар болон уул уурхайн компаниудтай тулж ажиллан, нинжа нарыг хуулийн хүрээнд, хөдөлмөр хамгааллын зохистой нөхцөлд ажиллах боломжийг бүрдүүлэх эсвэл болж өгвөл санхүүгийн хямралыг шийдвэрлэхийн тулд гар аргаар алт олборлохоос илүү үр ашигтай амьдрах арга замд чиглүүлэх, ажлын байр бий болгох талаар арга хэмжээ авбал сайнсан.
-Таныг киногоо хийх явцдаа Тавантолгойн орд дээр очиж, нөхцөл байдлыг нь сонирхсон гэж сонслоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-Говь нутаг тэр чигээрээ баялаг эрдэнэ, урлагийн бүтээл гэлтэй. Гэвч усны нөөцийн хэмжээ буурч байгаагаас үүдээд энэ байдал цааш үргэлжилбэл говь нутаг нь өргөн их газрыг бүрхсэн тоос шороо болж үлдэх вий гэсэн түгшүүр мэдрэгдэх юм. Тоос шороонд уул уурхайн олборлолт, газар тариалан эрхлэлт аль аль нь боломжгүйд хүрнэ. Урд хөршийн тань нийслэл Бээжин мөнхийн тоосоор бүрхэгдэнэ. Харин ийнхүү усны асуудал хэт ноцтой болохоос өмнө уул уурхайн компаниуд хамтран говь руу усны нэгдсэн хоолой суурилуулбал дээргүй юү? Монголын уул уурхайгаас үр шимийг хамгийн их хүртэгч нь болж буй Хятад улсын хувьд ч тэр, Монголын Говь усгүй болж доройтвол мөн адил доройтож хохирол амсах орны хувьд ч усны асуудлыг шийдвэрлэхэд оролцож хамтран ажиллаж болох талтай бус уу? Энэ тухай бодох л хэрэгтэй болжээ. Америкийн уул уурхайн түүхэнд хувийн хэвшлийнхэн Аляскийн хойгийн өмнөд эргээс хойт эрэг рүү усны хоолой тавьж Аляскийн газрын баялгийг олборлож байсан түүхтэй; Тухайн үедээ энэ нь маш их хариуцлагатай үүрэг даалгавар байсан хэдий ч үүнийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж чадсан. Энэ жишгээр Монголд ижил төстэй, үүрэг хариуцлага хүлээсэн үйл ажиллагаа явуулж яагаад болохгүй гэж, тийм ээ?
-Таныг хувь зохиолоороо Монгол улстай холбогдсон хүн гэж бодож байна. Өнөөдрийн Монгол улсын талаарх сэтгэгдлээ тоймлон хэлнэ үү?
-Монгол бол миний өөрийн эх орны дараа орох сэтгэл зүрхэнд хоногшсон нутаг. Энэ бол үнэхээр уудам сайхан газар, хүмүүс нь сэтгэлийн тэнхээ, зориг, ухаантай. Тэд зөв бурууг дэнслэх ухаанаараа эд зүйлд шунахыг ёс бус, гэсэн хэдий ч хүн шуналд автдаг, үүнийг дарж хязгаарлаж байх нь хэрэгтэйг зөнгөөрөө мэддэг улс. Монголчууд аливаа сайн муу бүхэн хаана ч байдаг тухай бас мэднэ. Монгол бол өнөөдөр ардчилсан орон. Баялгаа зөв зүйтэй захиран зарцуулахын тулд төрийн албан хаагчид болон баялаг олборлолтонд хамрагдан оролцогч нараас олон нийтэд эрх тэгш үйлчлэх, ил тод, шударга үнэн хандах зэргийг шаардах эрх, арга хэрэгсэл нь ард түмний гарт байдаг хувьтай хүмүүс л дээ. Эрх тэгш, шударга байдлыг тогтооно гэдэг Монголчуудаас өөрсдөөс нь хамаарах, их зориг тэвчээр шаардагдах амаргүй хэрэг юм.
-Киноны зохиогчийн хувьд танд манай иргэдэд хандаж, мөн төр засаг руу хандаж тавих асуултууд бий юу?
-Ёс зүйгүй авирлаж шуналдаа хөтлөгдөн явсаар ард түмнээ мэхэлж, хулгай хийх, худал хэлэх хүмүүсийг яаж ч залхаан цээрлүүлэх билээ дээ? Харин үнэнч шударга, өөрийн хөдөлмөрөөрөө амьдралын өдөр хоногоо залгуулсаар ирсэн иргэдийг хэрхэн урамшуулж шагнах вэ? Миний бодоход шударга хөдөлмөрөөрөө амьдарсаар ирсэн хүмүүс энэ улс орныг удирдан, энэ улс орны баялгийн эзэд болох нь зүйтэй мэт. Харин тэгж чадаагүй хүн бол суудлаа тавьж өгөөд өөрөөсөө жигших хэрэгтэй байх. Ардчилсан улс орон бүрт ийм нөхцөл үүсдэг юм билээ. Үүнийг чухам иргэд нь л шийдвэрлэж чадна.
-Цаг гаргасанд тань баярлалаа.
Э.Болорхажид
Э.Болорхажид