Өнөөдрийн байдлаар 1014 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байна
Хот тохижилт, зам дээр цацах давс, бодисын нөөцийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү гудамж талбайгаа цэвэрлэхийг аж ахуйн нэгжүүдээс шаардлаа.
Өнгөрсөн долоо хоногт зам талбайн цэвэрлэгээний ажилд 24 байгууллагын 584 зам талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр ажилласан байна. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад халтиргаа гулгааг арилгахаар цэвэрлэгээний 24 байгууллагын 105машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ажээ. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4659 тн бодис, 5603 тн давс нөөцөлжээ. Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүгээс сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.
-Өнөөдрийн байдлаар давс, бодисны нөөц хэр байгаа вэ?
-Хотын гудамж, талбайн цас мөсийг 24 цагаар, нэмэлтээр ТҮК-ийн ажилчид цэвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 1014 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байна. Нэгдүгээр сарын 1-нээс нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжиж байгаа. Хуучин захирагчийн алба хариуцдаг байсан. Дүүргүүд рүү бид бүхэн давс, техник хэрэгслийг шилжүүлэн хүлээлцсэн. Мөн холбогдох алба хаагчдыг шилжүүлсэн. Ингэснээр цэвэрлэгээний ажил хурдтай, зохион байгуулалтад орно гэж үзсэн. Захирагчийн ажлын алба цаашдаа зөвхөн хяналт тавина.
-Давсаа хэдий хэмжээтэй, ямар давтамжтай цацдаг юм бол?
-Эхлээд орсон цасыг тэгшлэх ёстой. Үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийх ёстой. Ажил авч, хүлээлцэх гээд өнгөрсөн долоо хоногт зарим дүүрэг цас, мөсөө цэвэрлээгүй байсан. Өнөөдрөөс жигдрээд явах байх. Давс болон бодисны хэмжээг харахад хоёр болон гуравдугаар сарыг асуудалгүй давчих байх. Өдөртөө нэг удаа бодис цацаж байгаа. Давсыг ямарваа нэгэн өндөрлөг газрууд дээр 1-3 дахин цацах чиглэл өгсөн. Халтиргаа гулгааг багасгахад иргэд, аж ахуй нэгжүүдийн оролцоо чухал байна. Ядаж ойр орчмын 50 метр газраа цэвэрлэмээр байна. Оршин суугчид нь СӨХ-ндоо шаардлага тавих хэрэгтэй. Өмнө нь ийм хүйтэн өвөл байсангүй. Хоногтоо хөрсөн дээрээ -40 гарсан байсан. Тийм үед бодис хайлахгүй байсан үе бий. Одоо тийм асуудал байхгүй. Хятадаас бодис оруулж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь гарсан.