“Дэнж болоод дээр нь амьдрагсад, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учиртай”
Гандантэгчинлэн хийд шинэчлэгдээсэй гэж олон нийт хүсдэг, хүлээдэг. Энэ сэдвээр “Өглөөний зочин” буланд сүсэгтэн олон, иргэд, янз бүрийн салбарын төлөөллийг урьж байр сурийг нь сонирхлоо. Энэ удаа МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл, Гандангийн дэнжид олон жил амьдарч байгаа БГД-ийн XVI хорооны иргэн А.Алтантуяа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Мөнхтөр нартай товч ярилцав. Тэдний зарим Гандангийн дэнжийг шашин, соёлын төв гэдэг утгаар цогцоор нь хөгжүүлэх тухай, буян номын газар учраас ариун байлгах талаар ярьж байна. Мөн уламжлалт шашин, өв соёл учраас түүнд хэрхэн хандах, орчин үед төр бодлогоор дэмжих ёстой гэдэг асуудлыг дэвшүүлж байна.
Б.ЦОГТГЭРЭЛ: УЛАМЖЛАЛТ ШАШИНДАА ХҮНИЙРХҮҮ ХАНДАЖ БОЛОХГҮЙ
-Гандантэгчэнлин шинэчлэгдээсэй гэдгийг иргэд янз бүрийн өнцгөөс авч үзэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Шашны талаас нь өөрийн бодлыг хэлье. Манай шашин бол Сүм хийдийн тухай хуулиараа зохицуулагддаг. Тодорхой бүтэц гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, босоо бүтэцгүй. Эрх биш Гандантэгчэнлин хийд зан үйл талаасаа, дээрээс нь цар хүрээ, ном уншлага, хөрөнгө, өв талаасаа жаахан зонхилох маягтай яваад байгаа. Түүнээс биш Дашчойлин хийд гэх юм уу, Дамбадаржаа, Манба дацан хийдүүд статусын хувьд бүгд ижилхэн байгаад байдаг. Энэ бол Сүм хийдийн тухай хуулиараа зохицуулах асуудал байж магадгүй. Саяхан Х Богд тодорсонтой холбоотой шашны тэргүүнүүд цаашид тэр чиглэлд зохион байгуулагдаж өрнөх байх гэж бодож байна. Л.Чойжамц хамба ч гэсэн нэгэнт Х Богд тодорсон, цаашид Богдыгоо тойрон хүрээлэх, бодлогоо барьж явах бололцоо нөхцлийг нь хангахын тулд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм байна гэж ойлгож байгаа.
-Монголд олон шашны сүм хийд бий болж өрсөлдөж, уралдаж байна. Буддын шашны хөгжил дэвшлийн тухайд та юу хэлэх вэ?
-Ер нь бол Монгол орон яах аргагүй шашны хувьд Буддын шашинтай гэж байгаа боловч Хятад, Төвөдөөс гаралтай гэх юм уу, Энэтхэгээс гаралтай. Нутагшсан хэлбэрээр нь бодож үзвэл энэ олон зуун жилийн загвар, давуулж яривал 2000 жилийн түүхийн ямар нэгэн улбаа холбоо бас бий. Тэгэхээр үндсэндээ монгол шашин гэж хэлэгдэх бүрэн бололцоотой. Үүнийгээ бид дэлхийгээс цааш үзүүлж, оюун санааны охь болгох уу, соёл түүхийн суурь болгох уу, дээр нь үндэсний эв нэгдэлдээ ашиглах зэрэг нь буддын шашнаа цаашид хэрхэн яаж хөгжүүлэхээс хамаарна. Хөрөнгө, дэг сургууль гээд яривал үндсэндээ манай улс их хэлмэгдүүлэлтийн жил болон түүний дараа 700 гаруй сүм хийдийг устгаж үнсэн товрог болгосон. Тэгэхээр ямар ч хөрөнгийн суурь баазгүй, оюуны охь болсон бүтээлүүд, ном судар бүгдийг шатаачихаад, тэгээд олон зуун жил хөгжиж ирсэн шашнуудтай чөлөөт нийгэмд эн тэнцүү өрсөлдөөд яв гэдэг бол туйлын шударга бус.
-Буддын шашны уламжилж ирсэн зүйлүүд, тэдгээрийг боловсронгуй болгох тухайд?
-Үндсэндээ буддын шашин бол тодорхой хугацаанд манай боловсролын тогтолцооны суурь байлаа. Эрүүл мэндийн тогтолцооны суурь, оюуны, соён гэгээрлийн, гүн ухааны бүх суурь шашин дээр суурилж 2-3 зуун жил явсан шүү дээ. Тэгэхээр энэ бүхэндээ бид хүнийрхүү байдлаар хандаж болохгүй.
А.АЛТАНТУЯА: ШИНЭЧЛЭГДЭЭСЭЙ ГЭЖ ХҮЛЭЭСЭЭР УДЛАА
/Баянгол дүүргийн XVI хорооны иргэн/
-Гандангийн дэнжид амьдардаг иргэний хувьд та бурхан шашинтны төв ямар байгаасай гэж боддог вэ?
-Засгийн газар 2021 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өгсөн байдаг. Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна гэж гарсан.
-Санал, шийдвэрийн мөрөөр өөрчлөгдөж байна уу?
-Өөрчлөгдөж сайхан болох нь гэтэл шинэчлэлийг нь угтаад авто угаалга, машин засварын газар олширсныг гайхдаг. Зургаан айлын хашааны газрыг бөөндөж аваад гурван метрийн өндөртэй блокон хашаа барьсан. Цонхоор нар тусахгүй, салхи орохгүй болчихсон.
Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн холбогдох газруудад хандсан ч нэгэнт барьсан бол дөнгөж эхэлж байгаа үед нь биш 80 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа л арга хэмжээ авч буулгах хуультай гээд өнгөрсөн. 80 хувь хүртэл барихыг нь харж байгаад хүний хөрөнгийг нурааж устгуулдаг хууль гэж баймгүй. Ийм хууль байдаг бол цоорхой хуулиа засах ёстой. Хэдийгээр хувь хүн өмчилж авсан газар, хашаандаа юу барих нь өөрийн эрх гэж байгаа ч Засгийн газрын шийдвэр, хот төлөвлөлтийн бодлоготой уялдах учиртай. Төрийн бодлогоос өрсөөд иргэд авто угаалга, машин засварын гудамж болгож тохижуулаад нураах чиглэл өгөхөөр төрөөс нөхөн төлбөр нэхэх юм уу, ямар учиртайг шинэ сэргэг байгаа дээр нь тодруулж учрыг нь олоосой. Оршин суугчид, иргэд бидний эрх маш их зөрчигдөж байгааг л хэлэх байна.
Л.МӨНХТӨР: ӨНДӨР ДЭНЖЭЭ-ШҮТЭЭН ДЭНЖ БОЛГОЁ
/Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
-Гандантэгчэнлинд ямар шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байна?
-Монголд хамгийн ариун байх газар бол шүтээн хүндлэлийн орчин болсон “Өндөр дэнж” буюу Гандангийн дэнж юм. Юуны өмнө энд олон зууны судар ном оршиж буй. Монголчууд номон дээр гишгэвэл “алдас” хэмээн цээрлэдэг. Тэгээд ч үе үеийн оюунтнууд ухаанаа ботилсон тэрхүү судрууд бол дээдэс минь билээ. Бас шүтээн гэдэг бол сэтгэлд орших гэрэлт ирээдүйд тэмүүлэх их хүндлэл. Аливаа үндэстэн шүтэн дээдлэх эд өлөг оюун санааны бүтээлгүй бол хэн ч биш аялдан дагагч болмуй. Яагаад ээж минь тэнгэр тасхийхэд “Төрийн сүлд минь өршөө” гэж наманчилдаг юм. Төр шашин хоёрыг ялгаа заагтай байлгах гэсэн үзэл суртал ингэж хэлүүлсэн. Түүнээс өмнө хангай дэлхий, дараа нь бурхан багшаа дуудан залбирдаг байлаа. Энэ бол хөгжлийн дараалал буюу... Оршил үгээ “оторт” мордуулаад одоогийн байдлыг жаахан дэлгэрүүлье. Түүх сөхвөл “...Гандантэгчилэн хийд буюу Төгс Баясгалант их хүлгэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан. Дараа нь Чойр дацанг үүсгэн улмаар 1824 онд Ламрим дуган, 1838 онд Гандантэгчинлэн буюу “Их хот Мандалын сүм”, гүн ухааны Гунгаачойлин, 1844 онд Бадам-ёго, 1848 онд Жүдийн сүм, 1912-1913 онд “Мигжид Жанрайсаг” дацан байгуулагджээ. Мөн Жибзундамба хутагтын Диданлавран их ордон гэр тугдум, мөн V, VII Богдын шарилын сүмүүд бүхий томоохон цогцолборууд байсан байна. Эдгээр сүм, дацангуудад 2000 гаруй лам хувраг хурж байв.Бид Гандангийн дэнжийг “Өндөр дэнж” хэмээн нэрлэдэг. Өндөрт нэрлээгүй хүндэтгэлд нь нэрийдсэн хэрэг байх... Тэгтэл өнөөдөр энэ дэнж нам доорын намаг балчиг болсон гэхэд хилсдэхгүй. Зүй нь энэ дэнж “Ариун дэнж” байх ёстой юм л даа.
-Тухайлбал?
-Дэнж нь ч ариун дээр нь амьдрагсад ч ариун, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учир юун. Өндөр дэнж өнөөдөр хогийн тантан шиг болжээ. Эргэн тойрон шивээлсэн олон хашаа, дэн буудал, засвар сэлт эрхэлсэн аж ахуйнууд, зам нь төөрдөг байшин шиг, хот төлөвлөлтийн гоо зүй алдагдсан эрээвэр хураавар байшин сэлт, шоронгийн төрх санагдуулсан өндөр өндөр хашаа дааман гээд хэлэх ч юм алга даа. Аливаа байгууллага шинэ байшин сав сургууль цэцэрлэгээс эхлээд бүхий л бүтээн байгуулалтынхаа шавыг тавиулахдаа бурханы олон шавь нараас залж хадаг цай булуулан ном судар уншуулдаг. Тэгвэл тэр бүхний эх булаг болсон Гандангийн дэнжээ өөрчлөхөд төсөл хөтөлбөр гарган аравнайлуулж ажил болгомоор санагдаад байна. Ардчиллын салхи сэвэлзэх үед алдарт Жанрайсэгээ нэг бүтээн байгуулсан. Сүсэгтэн олон өглөгийн гараа итгэл бишрэлдээ найдан өгсөөр энэ бүтээн байгуулалт болсон. Ийм том шүтээний эргэн тойрон ариун байх учиртай. Түүнээс бадамлянхуа цэцэг шиг намаг балчгаас ургаж болохгүй. Гандан гэж гайхамшигт “Ариун дэнж” -ийг бүтээн байгуулж, гэрэлтэй гэгээтэй, замтай харгуйтай, халуун дулаантай, дөхөөд очиход аяндаа ариусмаар тийм “Өндөр дэнж” болгох хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН