Х.Цэцэг: Нөгөө хүн чинь гал зуухны өрөөнд гэдэс рүүгээ хайчаар дүрчихсэн зогсож байсан

Х.Цэцэг: Нөгөө хүн чинь гал зуухны өрөөнд гэдэс рүүгээ хайчаар дүрчихсэн зогсож байсан

Х.Цэцэг: Нөгөө хүн чинь гал зуухны өрөөнд гэдэс рүүгээ хайчаар дүрчихсэн зогсож байсан

 

Дорноговь аймгийн төв Сайншандад энэ сарын 3-ны өглөө хичээлдээ явахаар гараад  сураггүй алга болсон охиныг эрэн хайх хойшлуулшгүй ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж, орон нутгийнхан иргэний үүргээ биелүүлж оролцсон. Хэрэгтнийг эрэн хайх, илрүүлэхэд  идэвх  санаачилга гаргаж, улмаар саатуулан баривчилж, цагдаагийнханд өгсөн хүн бол Өмнөговь аймгийн Манлай сумын иргэн Х.Цэцэг юм. Бид нутгийн хүмүүсээр дамжуулан түүний сургийг гарган утсаар холбогдож, өөрийнх нь зөвшөөрснөөр ярилцсан юм. Ш.Цэцэг гуайг сураглаж олон хүнтэй уулзаж бас утсаар ярихад түүнийг  Монгол Улсын Гавьяат нэгдэлчин, тэмээчин Д.Хүүхэндүү хэмээх хүний 11 хүүхдийн дундах нь байгаа юм. Аав, ээжээс олуулаа, багаасаа тэмээ малтай ноцолдож, эмнэг хангал сургаж  өссөн. Эмэгтэй хүн гэхэд их тэнхээтэй, эршүүд дайчин хүн дээ гэцгээж байв. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Сайн байна уу, та сайхан намаржиж байна уу. Олон нийтийг түгшээсэн аймшигт хэргийг илрүүлэх, хэрэгтнийг барихад гүн туслалцаа үзүүлсэн танд уншигчдынхаа өмнөөс талархал  дэвшүүлье?

-Сайн, сайн байна уу. Та бүхэн сайхан намаржиж  байна уу. Олон  хүн ингэж ярьж, хандаж байна. Зарим нь танд баяр хүргэе л гэх юм. Нутгийн хүмүүс ч манайхаар их ирцгээж байна. Эгч нь ээж хүн, иргэн хүнийхээ л үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байгаа шүү дээ. Ер нь монгол хүн хэн нь ч байсан, тийм айхтар зүйлтэй таарвал сонор сэрэмжтэй байж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдыг ч бас хамгаалж, аль болох барьж өгөхийг л бодно. Тэр л үүднээс хандсан. Саяхан  телевизийнхэн бас манай энүүгээр ирээд явцгаахдаа “Танаас юм асууна” гээд би хэд гурван үг хэлсэн. Телевизээр гарч байна гэж хүүхдүүд хэлнэ  лээ.

-Та ийм хэрэг гарсан, хэрэгтнийг хайж байгаа гэдгийг анх яаж мэдсэн бэ. Аймаг, орон нутгаас чинь сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан уу?

-Айхтар хэрэг гарч гэнэ,  хэрэгтэн нь манай аймаг, сумын чиглэлд  явж гэнэ гэсэн мэдээлэл бүх нийтэд л тарсан. Манай нутгийнхан маш их санаа зовсон. Ах дүү, төрөл садан, бие биедээ анхааруулж утсаар хэлж ярьж байсан. Бидэн рүү сумын төвөөс охин маань утсаар ярьж хэлсэн. Өвгөн бид хоёр бол Манлай сумынхаа  Өехий багийн нутаг Цэнхэр Довын Цагаан зоо гэж олны хөлийн газарт замын  цайны газар ажиллуулаад байж байдаг юм. Охин маань аравдугаар сарын 3-ны орой утсаар яриад хэлэхдээ “Дорноговь аймгаас хүүхэд хулгайлагдсан байна. Энэ машин манай чиглэлд гарсан гэнэ. Та нар сэрэмжтэй байгаарай” гэсэн. Ийм мэдээлэл авсан учраас ямар машин ирж байна, ямар хүмүүс орж гарч байна гээд ажиглаад л  байсан.

-Маргааш нь танай цайны газарт барьсан юм байна лээ. Тэр өдөр юу болсон бэ?

-Аравдугаар сарын 4-нд манай гадаа нүүрс тээврийн том тэрэгнүүд ирж, жолооч нар хоол захиалж идээд байцгааж байсан. Энэ үеэр Ш.Мэндбаяр гэж манай нутгийн “Уран” Баньд гэж хүний хүү, нүүрс тээвэрт явдаг жолооч над руу   утасдсан. “Цэцэг эгч ээ, энд нэг сэжигтэй машин надтай таарлаа. Надаас тамхи гуйхаар нь би нэг хайрцаг тамхи өгсөн. Надад 10 мянган төгрөг өгөөд, хариулт хэрэггүй гэлээ. Их сэжигтэй санагдлаа, цагаан өнгийн приус автомашин байна шүү. Та нар болгоомжтой байгаарай. Наагуур чинь очих байх шүү” гэсэн.

Ингэж хэлсэн учраас гарч оронгоо дурандаад байсан. Тэгэхэд маш хурдтай  давхиж байгаа цагаан машины бараа харагдсан. Наашаа ирэх нь үү гээд хартал, манай хоолны газраас нэлээн урдуур  гарах шинжтэй  давхисан. Тэгэхээр нь би  хоол идээд байж байсан нүүрс тээврийн жолооч нарт ийм юм болсон, энэ машин сэжигтэй байна гээд хэлсэн. Ингээд химийн бодис тээж явсан “Paradox 76” автомашины жолоочид хэлээд том биетэй хоёр жолоочийг суулгаад, “Тэр цагаан машиныг амд, та нар яаж ийж байгаад аваад ир. Хэрэв тэр хүн манай нутгийн энгийн хүн байвал би толгой дохино. Танихүй сэжигтэй  хүн байвал толойгоо сэгсэрнэ шүү. Та нар тэгээд болгоомжтой байгаарай. Яаж ийж байгаад аваад ир” гээд явуулсан. “Paradox 76”-ны жолооч хоёр хүн суулгаад амдаад явтал нөгөө цагаан машин цаашаа жаахан зугтаах шинжтэй давхисан. Тэгэнгүүт нүүрсний том тэрэг  урдаас нь хашсан учраас зогссон юм билээ. Тэгээд “Хоолны газар руу явья, хоол ид” гэж хэлээд дагуулаад ирсэн. Ирэхээр нь жолооч нар тойрч шаваад “Чи оргодол байна, хүүхэд хулгайлсан байна” гэж байгаад “тийм” гэдийг нь зөвшөөрүүлсэн. Жолооч нарын нэг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байгаад тэр нэлээн голлож асуугаад тэр нөхрийг юм яриулсан. Тэр хооронд би хүүхэд рүүгээ залгаж “Яаралтай цагдаа явуулаарай. Маш сэжигтэй хүн хүрээд ирлээ. Би саатуулж байя” гэсэн. Охин маань урд өдөр нь наашаа ярьж сануулсан учраас намайг ярингуут дор нь ойлгоод  цааш нь цагдаад хэл хүргэсэн байна лээ.

-Цагдаа иртэл хэрэгтэн өөрийгөө гэмтээж, тань руу  дайрч нэлээд юм болсон гэв үү?

-Тэр хүн машинаасаа нэлээд их мөнгө багсайтал атгаад  бууж ирсэн. Орж ирээд “Хоол хийлгэе” гээд цуйван захиалсан. Би хоолыг  бага гал дээр удаан хийж, гол нь цагдаа ирэхийг хүлээгээд байсан юм. Тэр хооронд жолооч нар тойрч шавж юм ярьж байгаад тэр хүний амнаас “Хүүхэд амьд байгаа” гэж сонсоод тайвширсан уу, яасан гараад явцгаачихсан, зарим нь гадаа тамхи татаад байж байсан. Дотор нөгөө оргодол хүн бид хоёр л үлдчихсэн. Би хоолоо аль болох удаан хийж, цагдаа ирэхийг хүлээгээд байсан. Тэгж байтал миний утас дуугарсан. Тэр хүний дэргэд утсаар ярьж болохгүй учраас утсаа аваад гарсан. Гарч утсаар  охиндоо “цагдаа юу болж байна” гэж яриад буцаад ороод иртэл  нөгөө хүн чинь гал зуухны өрөөнд гэдэс рүүгээ хайчаар дүрчихсэн зогсож байсан.

-Хутга, хайч ил байсан юм уу?

-Уг нь манайх хутга, заазуур, мэсний төрлийн бүх юмаа нуусан байсан юм. Хайч  ил үлдчихсэн байсан юм болов уу даа, тэрүүгээр өөрийнхөө гэдэс рүүгээ хатгаад байж байсан.

-Тань руу яагаад дайрав аа?

-Би тэр хүнийг гэдэс рүүгээ хатгаж байгааг хармагцаа  “Чи чинь яаж байгаа хүүхэд вэ. юу болж байгаа юм бэ” гэсэн. Гэтэл  миний өөдөөс “Ална аа” гээд хайчаа дээр барьж далайгаад ухасхийсэн. Үүд рүүгээ гарахаар ухасхийтэл өмнүүр орж  хөндөлссөн. Тэгэнгүүт нь хоёр гараараа цээж рүү нь түлхчихсэн чинь хаалга цаашаа онгойгоод өнөө хүн гэдрэгээ  хараад ойччихлоо, би ч “намайг алах гэж байна шүү” гээд хашгирсан. Тэр чимээнээр гадаа байсан жолооч нар ороод ирсэн. Ийм л юм болсон.

-Жолооч нарыг орж ирэхэд  хэр эсэргүүцэл үзүүлсэн бэ?

-Жолооч нарыг орж ирэхэд  өөдөөс нь хайчаа далайгаастай. Нэг нь данхтай ус байсныг аваад цохисон. Тэр хооронд бас нэг жолооч  хайчийг нь алдуулсан. Ингээд барьж аваад дарсан. Ер нь цагдаа нарыг иртэл хөдөлгөхгүй дараад байж байсан даа.

-“Хөдөлгөж болохгүй шүү, цус алдана” гээд таныг тостой даавуу өгч шархыг даруулсан гэж байсан?

-Шарх бол гэдэс рүүгээ учиргүй гүн биш гэдгийг харсан. Гэхдээ хөдөлгөж болохгүй л дээ, цус алдуулж болохгүй, амийг нь аврах ёстой гэж бодсон. Тэгээд жолооч нар үүднээс холдуулж амбаарын ард гаргалаа. Шархыг нь адууны тостой даавуугаар дарж, өөрийг нь хөдөлгөөгүй. Эмч иртэл тал талаас нь дараад л байж байсан. Түргэний эмч их хурдан ирж, шархыг нь үзээд оёдол тавьсан. Цаг гучин минутын дараа цагдаа ирсэн. Манай сумын цагдаа, Цогтцэцийн цагдаа, тэгээд ер нь ар араасаа маш олон хүн ирцгээсэн дээ.

-Тэгэхээр та бол хүүхэд алга болсон өдрийн орой мэдээлэл аваад, маргааш нь сэжигтэй машины тухай хүнээс  сонсож, хэрэгтнийг барих ажлыг зохион байгуулж, зааварчилж, бариулсан хүн юм байна шүү дээ?

-“Сэжиг бүхий цагаан машин явж байна шүү, наагуур чинь очих байх шүү, сэрэмжтэй байгаарай” гэж нутгийн жолооч хүү Б.Мэндбаярыг утасдаж хэлэхээр нь машины бараа хараад юм уу,  дугаарыг нь тогтоогоод  үлдэх биш, ерөөсөө л барих хэрэгтэй шүү л гэж дотроо бодсон. Тэгээд нүүрсний жолооч нарт хэлээд, “Тэр сэжигтэй цагаан машин давхиад гараад ирлээ. Амдаад очоодох, яаж ийгээд аваад ир, бариад ир” гэсэн. Түрүүн өөрт нь хэлсэнчлэн химийн бодис тээж явсан “Paradox 76” автомашины жолоочийг гуйгаад том биетэй хоёр жолоочийг  нь суулгаад, “Тэр цагаан машиныг амд, та нар яаж ийж байгаад аваад ир. Хэрэв тэр хүн манай нутгийн энгийн хүн байвал би толгой дохино. Танихүй сэжигтэй  хүн байвал толойгоо сэгсэрнэ шүү. Та нар тэгээд болгоомжтой байгаарай. Яаж ийж байгаад аваад ир” явуулсан нь тэр. Ер нь бол оргодлыг хүлж бариагүй. Дарж байж байгаад эмч нарыг ирэхэд эмнэлгийн тусламжийг нь үзүүлээд, дараа нь цагдаа нар ирээд  бариад аваад явсан.

-Нүүрсний жолооч нар гарч яваад та оргодолтой хоёулхнаа цайны газарт үлдэхдээ айсангүй юу?

-Огт айгаагүй. Ойр зуурын юм яриад хоолоо хийгээд байж байсан. Надаас “Та ганцаараа байдаг юм уу” гэж асууж байна лээ. “Юу боллоо гэж энэ олон жолооч хөлхөж байхад ганцаараа энд байж байх вэ дээ” гэхэд цонх руу хараад аль нь танай хүүхдүүд вэ, энд байна уу гэх мэт юм асуугаад яриад байж байсан.

-Оргодол машинаа будчихсан байсан гэдэг үнэн юм болов уу?

-Машинаа дөнгөж будчихаад явж байгаа бололтой, будаг нь урсаж байсан.

-Нутгийн залуус ирээд “Замаар нь мөрдөе, явъя” гэхэд  цагдаа нар явуулаагүй гэж сонссон. Охины цогцыг хаанаас хэн олсон юм бол?

-Тэр бол цагдаагийнхны ажил байх. Би юугаа мэдэх вэ. Цагдаа нар мөрдлөг энэ тэрээ явуулсан байх. Ер нь бол манай сумын хүн мотоцильтой  явж байгаад анх олсон гэж сонсогдсон шүү.

-Хаанаас?

-Хэлэхэд хэл хальтирам юм даа, дүү минь. Даанч яав даа, даанч харамсалтай /хоолой нь зангирав/. Тэрийг шалгаж байгаа цагдаа нараас нь л асуу... Эгч нь хөдөөний хүн, жирийн л нэг малчин. Өөрийнхөө л тухай чиний асуусанд  хариуллаа. Бариад л өгсөн, тэрнээс цааш юу болсныг  манай сумын цагдаа, цаашаа аймгийн цагдаа нар л мэдэж байгаа байх.

-Уучлаарай, танд хэцүү байгаа нь мэдээж. Охин амьд байгаасай гэж монголчууд  бүгд л залбирч, эрвийх дэрвийхээрээ мэдээлэл түгээж байлаа. Зарим нь хайлцахаар очсон, даанч харамсалтай юм болжээ...

-Үнэхээр айхтар хэрэг, хэлэх үг алга ..юу ч хэлэх вэ дээ /хоолой нь зангирав/.

-Одоо асуултаа өөрчлөөд, таны бага насны тухай асуувал болох уу. Та багаасаа мал малласан уу?

-Манайх удмаараа малчин. Аав минь тэмээчин, бид аав ээжээс олуулаа, 11-үүлээ. Эгч нь Манлай сумынхаа найман жилийн сургуулийг төгссөн хүн. Өөр сургууль соёлын газраар  яваагүй. Хүүхэд байхад зуны амралт, өвлийн амралт гээд малынхаа захад  ээж аавдаа туслана. Дүү нараа өсгөлцөнө. Найман жилийн сургуулиа тагсөөд аймгийнхаа усжуулах газарт  хоёр жил ажиллаад, сумынхаа эмнэлэгт асрагч, Соёлын төвд үйлчлэгч хийж байгаад Өгөөмөр багт малчин болсон. Одоо бол Манлай сумандаа Өехий багт хоолны газар нээж ажиллуулаад 10-аад жил болж байна. Өвгөнтэйгөө, хүүхдүүдтэйгээ  энд хоолны газар ажиллуулаад  бужигнаж байдаг юм.

-Таныг эмнэг хангал сургаж байсан гэж сонссон?

-Өө, зөндөө зөндөө.Тэмээ маллаж өдий зэрэгт хүрсэн хүн байгаа юм. Насаараа  мал маллаж амьдарлаа. Одоо хүүхдүүд маань малаа маллаж байна.

-Манай сонины уншигчид болоод  монголчууддаа хандаж үг хэлээч гэвэл та юу хэлэх бол?

-Би юу хэлэх вэ дээ. Болж өнгөрсөн энэ айхтар үйл явдал нийгэмд маань том дохио сануулга болсон байх л гэж бодож байна. Монголоороо байгаасай, монголчууд бие биедээ хайртай байгаасай л гэж бодох юм.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0