Шүүх ирэх намар иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулж болзошгүй
Шүүхтэй холбоотой шүүмжлэл найгаа алдлаа. Өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шийдвэрээ гаргасан Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлаас хойш улам ч гаарлаа.
Иргэд, хуульчид, бас сэтгүүлчид ч үүнтэй холбоотойгоор ноцтой байр сууриудыг илэрхийлэв.
Тэднээс олны анхаарлыг татсан заримыг жишээлье. Хуульч О.Батхүү "Шүүх, прокурорын дүгнэлт яг таг нийлнэ гэж байхгүй. Гэхдээ зөрлөө, зөрлөө гэхэд 50-иас дээш хувиар зөрнө гэдэг аль нэг шатанд маш том алдаа гарчээ гэсэн үг. Хөгжлийн банкны хэргээр прокурор нэр бүхий 80 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс 60 хувь буюу 48 хүнийг гэмт хэрэг хийгээгүй гэж үзжээ.
Манай хуулийн байгууллагууд яагаад ийм зөрүүтэй дүгнэлт гаргах болов оо. Энд нэг бол прокурор хүн хэлмэгдүүлдэг, эсвэл шүүх ял завшуулдаг гэсэн үг" гэв. Шүүхийн тухай хуулийн 4.1.1-т "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах", 4.1.2-т "Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх", 4.1.3-т "Хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх", 4.1.4-т "Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах" эрхэм зорилготой байх хуультай. Харин Прокурорын тухай хуулийн 3.1.1-т "Хуулийг нэг мөр хэрэглэх", 3.1.2-т "Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах", 3.1.4-т "Хараат бус, бие даасан байх", 3.1.5-д "Ил тод, нээлттэй байх" зарчмыг баримтлахаар тусгажээ. Нэг үгээр хэлбэл, шүүхийн эрхэм зорилго, прокурорын зарчмын аль нь хаана алдагдчихав гэдгийг олон нийт нэхэж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь гэм бурууг эцэслэн шийдэж буй шүүх рүү чиглэж буй. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн "Шүүх хулгайчдын орогнодог сүүлчийн байр болжээ" гэснийг жишээлэхэд хангалттай. Үнэхээр л сая шийдсэн Хөгжлийн банкнаас гадна олон том хэрэг шүүх дээр очоод дарагддаг, гацдаг. Ингэхдээ хэрэглэдэг "чөтгөрийн тойрог" ч байдаг бололтой юм. Энэ талаар хуульч О.Батхүүгийн хэлсэнчлэн "Шүүх хурал хойшлуулъя гэвэл эхлээд өмгөөлөгчөөсөө татгалзана. Баталгаатай хойшилно. Үүний дараа шинээр авсан өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцана гээд дахиад хойшлуулна. Дараагийн удаа өмгөөлөгч нь өвдөнө. Тэгээд гадаад явчихна. Гадаадаас ирээд хурал хийх гэтэл өөр хурал давхцуулчихна. Тэгж тэгж нэг хурал болохоор шүүгчээсээ татгалзана. Шүүхийн бүх шүүгчээс татгалзсан тохиолдол гарсан. Энэ бүгдийг даваад хурал хийх гэтэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ татгалзана. За ингээд чөтгөрийн тойрог дахиад эхэлнэ дээ. Энэ бол шүүх дээр хамгийн их гардаг нугалаа, завхрал. Яагаад ингээд хойшлуулаад байдаг вэ гэж үү. Яагаад гэвэл энэ хооронд гэмт хэрэгтнүүд хэргийн ул мөр балладаг. Яриа хөөрөө хийдэг" гэгдээд удаж байгаа юм.
Тэр ч бүү хэл Монголын шүүх гурван шат дамжуулаад эцэслэн шийдсэн хэргийн шийдвэрээ хүчингүй болгодог түүхийг бичээд эхэлсэн шүү дээ. Гурван шатны шүүхээр орсон хүмүүс ял шийтгэлээ цайруулахаар дугаарлаж буй мэдээлэл ч байна. Түүнчлэн зарим улстөрч, шүүгчид сүүлийн үеийн дуулиан шуугиантай томоохон хэргүүдийг аргалж, ард нь мөнгө төгрөг авахаар ярьдаг ч гэх болов. Үнэнийг хэлэхэд шүүхийн нэр холбогдох болсон дээрх мэт үйл ажиллагаануудад л олон нийт ихээхэн дургүйцэж байгаа юм. Тийм учраас тун удахгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн гадна томоохон жагсаал хийх бололтой. Ийм тодорхой сураг гараад эхэллээ. Ирэх намар, өвлийн зааг буюу арваннэгдүгээр сар гэхэд шүүх уг эсэргүүцэлтэй тулах бололтой.