Рашаан сувиллын газар эмч хүн нас барсан хэрэгт долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг дахин томилсон
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олджээ. Уг асуудлаар талийгаачийн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. Хэргийг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн нутагт байрлах “Хасу Шивэрт” амралтын газарт эмч Г нас барсан талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хүргэе.
Цагдаагийн байгууллагад 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр “Хасу Шивэрт” рашаан сувиллын газарт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирж, Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулан, аймгийн шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт гарсан. Одоо харьяалал тогтоосон мөрдөн байцаах албаны ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байна.
Анхны шүүхийн шинжилгээг дахин хийлгэх хүсэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тавьсны дагуу гурван эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан учир ЭМЯ-наас тав, Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас хоёр гээд долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг томилсон. Шинжээчид холбогдох материалуудтай танилцан дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна. Шинжилгээний багт ЭМЯ-ны дэргэдэх орон тооны бус яаралтай тусламж, эмгэг судлал, нүүр ам судлал, гэмтэл согог, дотрын анагаах ухааны салбар зөвлөлийн гишүүд багтсан" гэсэн мэдээллийг өглөө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэргийг МБА-ны дарга хяналтдаа авч, прокурор хяналт тавин ажиллаж байгааг хэлэв.