Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу?!

Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу?!

Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу?!

 

Сонгууль яг жилийн дараа болно. Бэлтгэл эхэлсэн. Олон нийт таалж л байвал тэд тайчаад гүйж ч чадна. Тиймээс гишүүд, эсвэл гишүүн болохыг хүсэгчдийн попролтоос болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ “Сонгууль ч боллоо, сонгогчиддоо хэрэгтэй ганц сайн зүйл хийчихье” гээд зүтгэж байгаа гишүүд байхыг үгүйсгэхгүй ээ. Гэвч тэр нь үнэхээрийн баримт нотолгоотой байх учиртай юм. Саяхнаас Б.Пүрэвдорж гишүүн “гудамж”-нд гараад ирлээ. “Доороо сэнстэй торхонд шатахуун найруулаад, Сүхбаатарын Мөнххаан руу ачиж явуулдаг” гэсэн агуулгатай мэдэгдлийг хийж байна. Маш ноцтой мэдээлэл юм. Тиймээс Б.Пүрэвдоржоос “Тийм шатахууныг хэн, хаана, яаж үйлдвэрлээд байна вэ”, “Тэрхүү дороо сэнстэй торхтой шатахуун яг хаана байна вэ”, “Сүхбаатарын Мөнххаан руу хэзээ, хаанаас, хэдэн тонн шатахууныг, хэчнээн тээврийн хэрэгслээр, хэн ачуулсан бэ” гэдгийг асуумаар байна.
Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржоос баримт шаардмаар байгаа юм. Эс бөгөөс ийм аюултай шатахуун байдаг бол мэдэлгүй хэрэглэх нь олон нийтэд аюултай. Нөгөөтэйгүүр Б.Пүрэвдорж энэ ноцтой мэдэгдэл, эсвэл мэдээллээ УИХ-ын танхимд хэлээгүй. Тэнд бол тэр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Харин гудамжинд чанга яригчаар ярьсан. Тиймээс түүнтэй худлаа бол хариуцлага, үнэн бол “шагнал” ярих ёстой.
Ер нь бол Б.Пүрэвдоржийн хэлсэн үгнээс нотолгоо шаардах шаардлага байгаа юм. Учир нь тэрбээр 2020 оны хавар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-аар батлуулсан. Үүгээр керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоосон. Тухайн үед Б.Пүрэвдорж хуулийн төслийн үзэл баримтлалдаа “Манай улсад нефть нэрэх үйлдвэр байдаггүй. Гэвч сүүлийн жилүүдэд шатахууны түүхий эдийн импорт өсчээ. Ялангуяа керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт 2015 оноос огцом өсч байна. Энэ нь нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаатай холбоотой юм. Албаныхан болон хууль хяналтынхан энэ байдлыг мэдэж байгаа боловч шийдвэртэй алхам хийхгүй байна. Тэдгээр компаниудын хууль бус үйл ажиллагаа сүүлийн хэдэн жил үргэлжлэн иргэдийг хуурамч шатахуунаар ханган эдийн засаг, эд хөрөнгөөр нь хохироож ирлээ. 2018 онд газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 17 хувийг дайвар бүтээгдэхүүн эзэлсэн байна. Манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүний импорт илт өссөн үе нь газрын тосны бүтээгдэхүүний татвар нэмсэн хугацаатай давхацдаг. Ийнхүү шатахуун импортлоход татварын дарамт нэмэгдэж, ам.долларын ханш чангарсанаар, гадаад валютаар худалдан авдаг бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулдаг импортлогчдод хүнд тусч, алдагдал хүлээх болжээ. Тооцооллоор шатахууны өртгийн 51 хувийг импортын худалдан авалт, 34 хувь нь татвар, 16 хувь нь үйл ажиллагааны бусад зардал эзэлдэг аж. Ийнхүү ашгийн хэмжээ нь хумигдсан зарим аж ахуйн нэгж хуулийн цоорхойг ашиглах болсон байна. Учир нь газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулдаггүй.
Онцгой албан татварын тухай хуульд ч энэ тухай зохицуулалт байхгүй. Мөн харьцангуй аюултайд тооцогдох энэ төрлийн бодис импортлоход тусгай зөвшөөрөл ч шаарддаггүй. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг олгож байгаа юм. Ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд завсрын бүтээгдхүүнийг үйл ажиллагаандаа ашигласныхаа төлөө нэг ч төгрөгийн татвар улсад төлөхгүй байна.
2017, 2018 онуудад Монгол Улсын хилээр хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох  202 мянган тонн бодисыг оруулж ирсэн мэдээ байна. Үүнээс харахад л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8 тэрбум, нийтдээ 63.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Ийнхүү Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын бааз сууриа тэлж, улсын төсвийн орлогыг өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж, иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулахгүй, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэрэгсэл болох юм” гэсэн байв.
Гэсэн ч энэ хууль батлагдсанаас жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд газрын тосны дайвар бүтээгдэхүүний импорт зогсжээ. Тиймээс төсвийн орлого ч огт нэмэгдээгүй байна. Түүнчлэн дотоодод газрын тосны бүтээгдэхүүн дахин нэрэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа бүрмөсөн зогссон байна. Энэ талаарх холбогдох байгуул­лагуудын албан ёсны дүгнэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржийн хууль УИХ-ыг “хулхидсан” болж таараад байгаа юм. Хуулийг хэлэлцэж байх үед зарим хашир гишүүн ийм нөхцөл үүсэж болзошгүйг сануулж байжээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 2021 оны долдугаар сарын 1, 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанууд, 2022 оны долдугаар сарын 2-ны УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд нэлээд сайн хэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ дайвар бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирээд манай улсад баримталдаг стандартын шаардлага хангахгүй бензин шатахуун нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, тэр нь эдийн засагт ямар бодитой хохирол учруулсан байна вэ. Уул уурхайн өндөр үнэтэй, өндөр хүчин чадалтай ийм техник тоног төхөөрөмжүүд дээр ямар хэмжээний хохирол учруулсан байна вэ. Тооцож үзсэн үү. Албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн бэ”, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хэдэн өдрийн өмнө ШӨХТГ нэг мэдэгдэл хийгээд байсан. Түлшний чанарын хувьд хуурамч гэж хэлэхгүй. Асуудалгүй. Хадгалдаг савных нь горим алдагдаад бохирдол үүссэн байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Тэгээд хуурамч түлш гэж яриад байдаг чинь хүмүүст буруу ойлголт өгөөд байна уу. Хоёрдугаарт, манайх одоо газрын тосны үйлдвэртэй болох гэж байна. Энэ дайвар бүтээгдэхүүнийг бас импортоор оруулж ирнэ. Тэгэхээр татвар нэмээд  тэр үйлдвэрийнхээ өртгийг бас нэмчих юм биш үү. Гуравдугаарт үнэхээр муу чанартай түлш шиг байгаа юм бол зүгээр татвар нэмээд хэрэглээг нь дэмжээд, татвараа төлөөд хэрэглэж болно гээд хуульчилж байгаа юм биш үү. Тэгэхээр эсрэгээрээ, тэр үйлдвэрлэж байгаа газруудыг нь шалгаад стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг болгоё. Болохгүй гэвэл нэг мөсөн тэр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох ёстой юм биш үү. Зүгээр татвараар хаачихаар хэрэглэгчдийн хохирч байгаа нөхцөл байдал чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Харин ч түлш, бензиний үнэ чинь нэмэгдээд ороод ирнэ”, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сая УИХ-ын дарга хэлж байна.
Үйлдвэрлэгчээ дэмжих үйлдвэрлэлийн бодлого бидэнд байх ёстой. Төсвийн байнгын хорооны дарга бас хэлж байна. Монголд одоо стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулж байгаа хоёр үйлдвэр чинь бас энэ татварын хоморгод Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан татварын хоморгод алга болчих вий гэсэн асуудал ярьж байна.
Замын-Үүдэд, Эрдэнэтэд бол сайн үйлдвэрүүд байгаа гэж Б.Пүрэвдорж гишүүн ч гэсэн зөвшөөрч байгаа, бас. Цаашдаа бид нар үйлдвэрлэлээ дэмжинэ. Нефть үйлдвэрлэгч улс болно гэж байгаа юм. Г.Ёндон сайд бодлогоо зөв анхаармаар байна. Бид чанартай мах иднэ гээд Австралиас, Японоос, Канадаас мах авчирч идэх үү. Монгол малын сүү асуудалтай байна гээд Шинэ Зеландаас хуурай сүү уугаад байх уу. Үүнтэй адилхан. Бид дотооддоо яаж үйлдвэрлэх вэ, нэмүү өртгийг яаж бий болгох вэ, ажлын байр яаж бий болгох вэ. Мэдээж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг хангасан үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Тэгэхгүйгээр түүхий эд оруулахгүй, оруулахаар чанаргүй бүтээгдэхүүн гарчих гээд байгаа юм гээд ийм байдлаар хаагаад баймааргүй байгаа юм” гэж байв. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “С.Бямбацогт гишүүний хэлээд байгаа зарчмын саналыг дэмжиж байгаа. Анхнаасаа стандарт шаардлага хангахгүй байгаа бол тусгай зөвшөөрлөө цуцлах ёстой байсан юм. Гэтэл явсаар байгаад өчнөөн хөрөнгө гаргаад үйлдвэрлэлийг ном журмын дагуу стандартын бүтээгдэхүүн хийж байгаа энэ компаниудыг үйл ажиллагааг үндсэндээ зогсоох тал орж байгаа байхгүй юу. Тэгэхээр үйлдвэр худалдааны яам, та бүгд энэ алдаагаа залруул.
Тийм учраас “Стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, стандартын технологитой үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудыг түүхий эд оруулж ирэхэд нь дэмждэг байх хуулийн өөрчлөлтийг 2022 оны төсөв өргөн мэдүүлэхэд давхар өргөн мэдүүлээрэй” гэдэг чиглэлийг Төсвийн байнгын хорооноос өгч байна” гэсэн.
Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар л “Хуурамч шатахуун гэж бид нар нэрлэж яриад байгаа. Энэ бол шатахуун биш л дээ. Нефтийн бүтээгдэхүүний үлдэгдлийг хуурамч шатахуун гэж нэрлээд хэрэглэж байгаа нь эмгэнэл юм. 1990 оноос хойш социалист гэж нэрлэгдэх орнууд хэрэглэхээ больсон. Тийм учраас энийг одоо шийдэхгүй бол эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч монголчуудын хувьд эмгэнэл болж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Энэ хуулийг бид батлах ёстой цаг хугацаа болоод байна” гэж байв. Ингээд 2021 оны долдугаар сарын 6-нд дээрх хуулийн өөрчлөлт батлагдаж байжээ. Гэхдээ өнөөдөр огт өөр үр дүн гарч ирж байна. Б.Пүрэвдоржийн яриад байсан шиг эдийн засгийн ач холбогдол бүхий дүнтэй татвар төсөвт орж ирсэнгүй. Харин “...Онцгой татварын хуулийнх нь ард “олз” байсан уу” гэж яригдаад эхэлж байна. Байгаа ч бололтой. Мань эр “Танк орж ирнэ” гэж айлгасаар төмөр замыг гацаадаг шиг хуурамч шатахуун, дороо сэнстэй торх ярьсаар Онцгой татварын хуулийг батлуулчихсан л болоод явчих шиг боллоо. Удахгүй АТГ хавиас сураг чимээ нь гарах даг шүү. 
 
сонин mn
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0