Ерөнхий сайдын Хятад дахь айлчлалаас нүүрсчид айж байгаа юу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 30-наас өмнөд хөршид айлчлал хийхээр болжээ. Энэ айлчлал нэлээд удаан яригдаж, янз бүрийн таамаг сураг болж байж товлогдсон. Айлчлалын бэлтгэл гэх юм уу, “зам засах’’ уулзалтууд хоёр улсын Гадаад харилцааны яамны түвшинд багагүй хугацаанд үргэлжилсэн. Ерөнхий сайдын айлчлал тав хоног үргэлжлэх юм байна. Урьд нь ийм албан ёсны айлчлал ойролцоогоор хоёр өдөрт багтдаг байжээ.
Харин энэ удаагийнх ингэж олон хоног үргэлжлэх нь тодорхой шалтгаантай ажээ. Мэдээж хэрэг манай эдийн засаг Хятад улсаас бараг л шууд хамаардаг учраас энэ чиглэлийн олон асуудал яригдана. Ерөнхий сайд ч эндээс цүнх дүүрэн “асуудал”- тай очих нь ойлгомжтой. Тэгж ч бэлдсэн сурагтай. Хамгийн эхлээд Монгол банкны зээлийг сунгах, үүнийг хөгжлийн зээл болгох асуудлыг тохирох юм байна.
Ингэж эндээ ярьсан. Бүтвэл манайд эдийн засгийн том боломж болно. Хятадын тал дэмжвэл шүүдээ. Ерөөсөө Ерөнхий сайдын айлчлалын хамгийн гол ажил энэ байж мэдэх юм. Бас айлчлалын үеэр боомтын сэргэлттэй нь холбоотой зүйлүүд яригдах ёстой. Алдарт Гашуунсухайтын замаа холбох талаар тохирохгүй бол бид “мухар зам”-аа хэрэглэж ч чадахгүй гацчихаад байгаа. Өргөн нарийн цариг гэж айлгаад 17 гацаасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд “Чайна энержи интернэшнл" хавиар Зам тээврийн хөгжлийн сайд, “Тавантолгой төмөр зам”-ын захирал хоёрыг дагуулаад цахилгаан станц ч өмнөд хөрш дэх энэ айлчлалаар нэг ийш болно. Манайд улс төрийн шийдвэр гарчихсан. Хятад зээл өгч дэмжихээр болсон. Одоо зээлийн хэлцэл хийх учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон хоногийн айлчлалын үеэр нүүрсний хулгайтай холбоотой уулзалтууд болох ажээ. Тэрбээр өөрөө ч энэ асуудал дээр нэлээд анхаарал тавих нь тодорхой юм. Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө очихдоо энэ талаар Хятадын талтай анх ярьсан гэдэг. Тэр үед албан ёсоор огт мэдээлээгүй. Энэ удаад ч тийм байна.
Гэхдээ Ерөнхий сайд одоо очоод Хятадын хянан шалгахынхан, прокурор, цагдаагийн удирдлагууд гээд хууль хяналтынхантай уулзах бололтой. Түүнчлэн Хятадын авлигын эсрэг операцийг удирдсан хүн нь одоо ХКН-ын Гадаад харилцааны газрыг удирддаг болжээ. Ерөнхий сайд тэр хүнтэй уулзах юм байна.
Ер нь бол Монгол дахь нүүрсний хулгай Хятадад хамаатай. Худалдан авагч нь Хятад. Хулгайн сүлжээ ч урагшаа хил давж холбогддог. Тиймээс Хятадын тал нүүрсний хулгайтайгаа тэмцэх манай санаачилгыг дэмжиж байгаа тухай өнгөрсөн жилээс хойш яригдсан. Манайхан 2022 оны сүүлчээр нүүрсний хулгайгаа оволзтол гаргаж ирээд одоо бараг мартацгааж байна. Шүүхээр шийдсэн хэрэг гэж алга. Шүүх дээр очсон 1-2 хэргийн сураг бол гарсан. Хамгийн гол нь УИХ дээр нүүрсний нээлттэй сонсгол гацчихаад байгаа. Харин саяхнаас УИХ-ын нүүрсний асуудлаарх Түр хороо яагаад нийгмийн сегментүүдээс гарч эхлээд байна. УИХ-ын нэр бүхий гишүүд ч “Түр хороо сонсгол хийхгүй бол бид хийе” гэдэг санаачилга гаргачихаад байна. Түүнчлэн нээлттэй сонсгол гацсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдуу байгаа гэж дуулдаад л байсан. Саяхан “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд нээлттэй сонсгол хийнэ гэж юу байхав” гээд сайд нартаа гишүүнийхээ бланк дээр “Нээлттэй сонсголыг хийлгэж Х.Нямбаатараар удирдуулах"-аар гарын үсэг зурах чиглэлийг өгсөн гэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч өнгөрсөн долоо хоногт “Нүүрсний сонсголыг хийлгэх тал дээр Ерөнхий сайдтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн” гэх мэдээлэл бас байна. Тэрбээр энэ долоо хоногт зарим шийдвэр гаргаж магадгүй нь. Хамгийн түрүүнд УИХ-ын Түр хорооны бүтэц өөрчлөгдөж, нээлттэй сонсголын сураг гарч эхлэх нь.
Ингэж Монголд өнгөрсөн өвлөөс хойш чимээ алдраад байсан нүүрсний хулгай дахин сэдэрч эхлэхтэй зэрэгцээд Хятадад Ерөнхий сайдын айлчлалаар ч яригдах нь гэсэн үг. Товч хэлэхэд, манай хуулийнхныг гацаагаад байдаг экспортын нүүрсний хэмжээнээс эхлээд нүүрсний хулгайтай нэр холбогдсон нөхдүүдийн талаар мэдээллүүд солилцох бололтой. Тэгэхээр нүүрсний хулгайд гацаа саадгүй болно. Төр хийгээд хуулийнхан хүсвэл нүүрсний хулгайн ард гарах цаг улам ойртоно. Тиймээс нүүрсчид энэ айлчлалаас ихэд айж байгаа бололтой.
П.Хуяг