Шүүхийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан 43 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулав.
Ёслолын ажиллагаанд нийт 20 шүүхийн Тамгын газрын 43 албан хаагч танхимаар болон цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Төрийн албан хаагч маш өндөр хариуцлагыг үүрч, эх орон, иргэдийнхээ өмнө тангараг өргөн ажлын гараагаа эхэлдэг. Энэ алба бол та бүхний өөрийн сонголт. Бэрхшээл их хэдий ч мэргэжлийн үнэ цэнэ, зорилгоо тодорхойлж энд ирсэн бол ажил, албандаа өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ ажиллаасай гэж хүсэж байна.” гэсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл нь 2023 онд шүүхийн захиргааны байгууллагаас ирүүлсэн Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын давхардсан тоогоор 251 сул орон тоонд 2 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж, нийт 67 сул орон тоог нөхсөн байна