Ш.Эрдэнэжаргал: Цэцэрлэгийн багш мэргэжил бол миний энэ насны бахархал

 
 

Ш.Эрдэнэжаргал: Цэцэрлэгийн багш мэргэжил бол миний энэ насны бахархал

 

 "Ховор мэргэжил” буландаа нэгэн ховор зочныг урилаа. Ш.Эрдэнэжаргал Цэцэрлэгийн анхны эрэгтэй багш бөгөөд Цэцэрлэгийн багшийн текникумыг 1990 онд энэ мэргэжлээр төгсжээ. Одоо Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна.
-Тухайн үеийн Багшийн дээдийг төгссөн гэсэн үг үү?
-Багшийн техникум. 1988 онд элсэн орж байлаа. Тэр үед Багшийн техникум, Цэцэрлэгийн техникум, Соёлын техникум гэж байсан юм. Дунд шатны боловсрол олгодог техникумууд анх удаа аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлж авч байлаа, тухайн жилд. Би 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Цэцэрлэгийн техникумын багш, хүмүүжүүлэгчийн ангид элсэн орж сурсан. Цэцэрлэгийн анхны эрэгтэй багш.
-Танай техникиумд хичнээн эрэгтэй оюутан суралцдаг байв?
-Багшийн дээдийн Кино драмын ангид хошин урлагийн жүжигчин, гавьяат Д.Хүрэлхүүгийн хамт шалгалт өгөөд сүүлийн шалгаруулалт хүртэл шалгалт өгөөд би хасагдаад Хүрлээ тэр ангидаа элсэн орж билээ. Дараа нь би Цэцэрлэгийн техникумын хөгжмийн ангид шалгалт өгөөд тэнцсэн ч хөгжмийн багшийн ангид биш, хүмүүжүүлэгчийн ангид нь орсон л доо. Намайг төгстөл Цэцэрлэгийн техникум 11 эрэгтэй оюутантай байснаа долоо нь үлдээд, анхны төгсөлтөөс хоёрхон эрэгтэй үлдсэний нэг нь би. Нөгөөх нь нэг казах залуу байсан юм.
-Тэр казах залуу мэргэжлээрээ ажилласан болов уу?
-Манай тэр найз бараг ажиллаагүй.
Цэцэрлэгийн багшийн техникум. Гэргийн хамт.
1990 он-Цэцэрлэгийн багшаар төгсөөд очиход нутаг орон тань хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Би чинь ангийн охинтойгоо нэг гэрт орсон юм. Дорноговь аймгийн Хатанбулагийн сумын хүүхэд л дээ, манай эхнэр. Нэрийг нь Б.Арвинбуян гэдэг юм. Сургуулиа төгсөнгүүт нь нутаг руугаа хүчээр аваад явчихсан хүн шүү дээ. Оюутан ахуйдаа хамтдаа авахуулсан зургаа, захидлын хамт дугтуйнд хийгээд Хатанбулаг руу, хадмууд руугаа шуудангаар явуулчихаад л охиныг нь дагуулаад Өмнөговь руу нисчихсэн юм (инээв). Бид хоёрыг аймагт очиход их, дээд сургууль төгсөгчдийг хуваарилчихсан байсан. Би чинь зүгээр очихгүй, хажуудаа бас нэг боловсон хүчин дагуулаад очиж байгаа юм. Тэр үед нутагтаа боловсон хүчин нэмнэ гэдэг чинь чухал ажил байлаа. Өмнөговь аймгийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Осортогоо багш хүлээж аваад "Чи Монголын анхны цэцэрлэгийн эрэгтэй багш болж байна. Сүүлийн үеийн мэргэжилтэн боллоо. Тиймээс чамайг аймгийн төвд Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн болгоно” гэлээ. Би тэрийг зөвшөөрөөгүй. "Би эхнэртэйгээ Ханбогд суманд ажиллаж амьдарна. Тэглээ ч миний төрсөн нутаг” гэж өөрийнхөө саналыг хэллээ. Намайг очлоо ч Ханбогдод орон тоо байхгүй, хоёр бүлэгтэй ганцхан цэцэрлэгтэй байсан үе. Ханбогдод миний эмээ, бас бие нь тааруу нагац ах минь байдаг байлаа. Тэднийгээ асрах, халамжлах үүрэг над дээр ирсэн юм. Энэ бүгд учир шалтгаанаа хэллээ. Тэгтэл хоёр хоногийн дараа хэлтсийн дарга Цоодол дуудаад "Чамайг Ханбогд руу чинь явуулъя” гээд дугтуй өглөө. Дугтуйнд юу байсныг бүү мэд. Тэгээд Ханбогдод очоод сум нэгдлийн даргад өнөөх дугтуйгаа өглөө. Задалтал "Ш.Эрдэнэжаргалыг Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томиллоо. Б.Арвинбуяныг багшаар томиллоо” гэсэн тушаал байсан. Хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь өөр тийш нь шилжүүлээд намайг цэцэрлэгийн анхны эрэгтэй багш гэдэг утгаар минь тийм том боломж олгосон байх гэж боддог. Ингэж л Ханбогддоо эргэн очиж байлаа. Улс орон даяар цагийн байдал хүнд, картын бараатай байсан үе шүү дээ. Тийм үед хоёр бүлэгтэй цэцэрлэгийг хүлээж авч байлаа. Ханбогдын цэцэрлэг 1964 онд байгуулагдсан, чулуун цэцэрлэг байсан. 50 орчим хүүхэд, арав хүрэхгүй багш, ажилчидтай цэцэрлэг байсныг дөрвөн бүлэгтэй болгож ажиллаж байсан түүх бий. Эхнэр маань Ханбогдод сургуулийн өмнөх боловсролын салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. Багш, аргазүйч байснаа сүүлийн жилүүдэд эрхлэгчээр нь ажиллаж байна.
-Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш, эрхлэгч байх ер нь ховор доо?
-Цэцэрлэгийн багш, эрхлэгч гэхээр эмэгтэй хүнээр л төсөөлдөг. Цэцэрлэгийн анги танхимд яваад орохоор хүүхдүүд их хөөрхөн шүү дээ. Цэцэрлэг аавтай болчихсон ч юм шиг. Миний хувьд сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын анхны эрэгтэй мэргэжилтний хувьд, багшийн хувьд их олон зүйлийг анзаарсан. Энэ мэргэжил бол миний амьдралын суурь. Тэр дундаа цэцэрлэгийн эрэгтэй багш гэгддэг минь миний бахархал. Түүнээс хойш МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академи зэрэг сургуулийг төгссөн боловчиг Цэцэрлэгийн багш гэдэг мэргэжил минь хамгийн үнэ цэнэтэй, энэ насны минь бахархал.
-Цэцэрлэгт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдтэй ажиллахад хэр вэ?
-Олон хүүхэн байгаа газарт хэл ам ихтэй, хов живтэй гэцгээдэг. Манай цэцэрлэгт тийм юм байдаггүй. Хүний амьдралд алдах онох янз бүрийн юм бий. Ажилчидтайгаа хурал хуй хийж, хариуцлага тооцож, зэмлэх барих юм гарна. Гэхдээ олон хүүхэнтэй ажиллахад эрэгтэй хүнд нарийн арга барил хэрэгтэй шүү. Төрийн үйлчилгээний байгууллагууд дундаас хамгийн хүнд ажил бол цэцэрлэгийн багшийн ажил. Хүний нялх балчир хүүхдүүдийг нүд салгалгүй хардаг. Цэцэрлэгийн хүртээмж муу, багтаамж бага байгаа энэ үед нэг багшид ногдох хүүхдийн тоо 2-3 дахин хэтэрчихсэн байна. Нийслэлийн 128 дугаар цэцэрлэгт очиход ангид нь хөл гишгэх зай байхгүй байсан. Нэг ангид 70 хүүхэд гэдэг чинь юу гэсэн үг вэ. 70 хүүхдийг хоёрхон багшийн дөрөвхөн нүд харна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд, гэр бүлийн хүнээ, хамт олноо харахад цэцэрлэгийн багш, багшийн туслахуудын эрүүл мэндийн асуудал маш хүнд. Олон жилийн мэдрэлийн ядаргаанаас болоод эрүүл мэнд нь мууддаг. Үүгээрээ хүнд мэргэжил. Цэцэрлэгийн багш бол тэр олон хүүхдэд дадал хэвшил олгох л ажилтай. Сургууль бол өөр. Цэцэрлэгийн багшийн мэргэжил бол үнэ цэнэтэй ч, хамгийн хүнд мэргэжил байдаг.
-Цэцэрлэгийн анги, бүлэг рүү эрэгтэй багш ороод ирэхээр хүүхдүүд яаж хүлээж авдаг вэ?
-Хүүхдүүд их сонирхоно. Зарим нь аавыгаа ч юм уу, ахыгаа гэж бодоод дагаж уйлна. Хүүхдүүдийн дунд коридорт явж байхад гараас ирж хөтөлнө, энд тэндээс ирээд чаргууцалдана. Их хөөрхөн хөөрхөн юм тохиолдоно оо.
-Оросын "Алтан дуулганы эзэн” гэж инээдмийн кино бий. Цэцэрлэгийн эрэгтэй багш, эрхлэгчийн тухай гардаг шүү дээ?
-(Инээв).
-Тэр эрхлэгч хүүхдүүдтэй тоглож, төгөлдөр хуур дарж, багт наадмыг нь бэлдүүлдэг. Хажуугаар нь эрхлэгчийн ажлаа хийдэг?-Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад сургуульд дуу хөгжмийн багшаар тав, зургаан жил ажиллаад, дараа нь Соёлын төвдөө дуу хөгжмийн багшаар мөн тав зургаан жил ажилласан. Нэг хэсэг хувийн хэвшилд ажиллаж байгаад эргээд цэцэрлэгийн эрхлэгчээ хийсэн. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 10 жил хийлээ. Цэцэрлэгт ажиллахдаа эрхлэгчээ ч хийнэ, хүүхдэдээ хөгжмөө тоглож өгөөд хамт дуулна. Хүүхдүүдээ хөгжөөнө. Тэгэхээр эцэг эхчүүд их анхаарч харна. Эрэгтэй багш цэцэрлэгт ажиллах нь байгууллагын дотоод уур амьсгалаас гадна хүүхдүүдэд аавын оронд аав, ээжийн оронд ээж болно. Хүүхдүүд намайг "Аав аа, ах аа” гэнэ.
Есдүгээр сард хичээл эхлэхээр 2-5 насныхан чинь цэцэрлэгт ирээд багаар бодоход долоо хоног уйлаан майлаан болно. Уйлж байгаа хүүхдүүдийн анги руу ороход намайг таних ч бай, танихгүй ч бай хүрч ирээд тэврүүлэх гээд зүтгэчихнэ дээ. Тэгэхээр аав гэдэг хүн гэр бүлдээ, хүүхдүүдийнхээ хувьд ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биз.

Цэцэрлэгийн хамт олонтойгоо. 2009 он
-Хүний ажил мэргэжил тухайн хүний ааш зан, харилцаанд нөлөөлдөг шүү дээ. Ингэж ярилцаж суухад та сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүүхэд шиг зантай байж мэдэхээр юм байна шүү?
-Би чинь энгийн хүн. Энгийн борог амьдрал дундаас гарсан. Миний ажил, амьдрал ч энгийн. Хүмүүс хэлдэг л дээ, хүүхэд шиг гэнэн, амархан баярладаг, амархан гомддог гэж. Тэр бол надад байдаг л зан ааш даа. Амархан гомдоно, жаахан юманд баярлана. Янз бүр болно шүү дээ (инээв).
Цэцэрлэгийн багш бол бурхадтай ажилладаг хүн гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн шүү дээ. Энэ үг миний сэтгэлд хоногшсон. Бурхадтай ажилладаг учир цэцэрлэгийн багш нарт маш их хариуцлага ирдэг. Би багш, ажилчдадаа юу гэж анхааруулдаг вэ гэхээр энэ олон нялх балчир хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амь нас бол нэгдүгээрх ажил гэж. Хүүхдэд бүх төрлийн хоол өгөхдөө махыг нь машиндаж өгөх ёстой. Олон төрлийн амтлагч, элдэв юм хольж болохгүй. Хурц үзүүртэй, элдэв юмнаас хамгаалах ёстой.

-Есдүгээр сарын нэгэн бол сурагч, багш, сургууль, цэцэрлэгийн баяр байдаг. Багшийн мэргэжил хэдий хүнд хүчир ч гэлээ багш нар бяцхан шавь нараа хараад баярын нулимс унагадаг. Та ч бас есдүгээр сарын нэгнийг догдлон хүлээдэг байх?
-Хурдан хүлэг наадам дөхөхөөр уяандаа дүүхэлзээд яаж тогтож ядан байдаг билээ. Яаж хөөрч хагсдаг билээ дээ. Тэрэн шиг миний хоолой зангираад байдаг юм. ИТХ-ын дарга, сумын Засаг дарга болоод есдүгээр сарын нэгэнд сургууль гэхээсээ цэцэрлэгийн нээлтэд очиход илүү дотно санагдаж, сумынхаа цэцэрлэгүүдээр явж нээлтэд нь оролцож үг хэлж, амжилт ерөөж, хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулдаг юм. Есдүгээр сарын нэгний өглөө надад урилга заллага ерөөсөө хэрэггүй. Есдүгээр сарын нэгэн дөхөхөөр Боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан тэмдгээ зүүгээд, өмсөх хувцасаа сонгоод бэлтгээд эхэлдэг. Хэдэн жил сургууль, цэцэрлэгт ажиллахгүй хувийн хэвшилд байхдаа есдүгээр сарын нэгэн болонгуут өөрийн мэдэлгүй өглөө эрт босоод сэтгэл гэгэлзээд орж гараад л, пиджак минь хаана байгаа билээ дээ гэсэншүү юм бодогдож байсан үе бий шүү. Тийм л болчихдог юм билээ.
-Та хэзээнээс Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байна вэ?
-2016 оноос 2018 оны тавдугаар сар хүртэл сумын ИТХ-ын даргаар ажилласан. 2018 оноос Ханбогд сумынхаа Засаг даргаар ажиллаж байна.
-Таныг хурал, наадмын нээлтэд үг хэлчихээд л залгуулаад төгөлдөр хуур дарж, дуулж уран сайхан үзүүлдэг гэж сумынхан тань ярьдаг юм билээ. Бөмбөг баривал тамирчин, микрофон баривал дуучин гэдэг шиг?
-Багш хүний л чадвар шүү дээ. Багш хүн бүгдийг хийж чаддаг, оролцдог. Миний эзэмшсэн өнөө л хүмүүжүүлэгч багш мэргэжлийн давуу тал. Одоо би сум орноо удирдаад, Засаг даргын ажил хийж яваа ч хөгжим, дуу хуур бол миний амьдралын мөнхийн дагуул. Яасан ч би үүнээс салж чаддаггүй. 90 гаруй дууны үг, ая зохиочихоод байна. 2011 онд бие даасан цомгоо гаргалаа. Ханбогд сумын сургуулийн сүлд дууг зохиолоо. Говийн хүүхдүүд, говийн багш нарын сүлд дуу хийх гээд явж байна. Манай найзууд хэлдэг юм, Эрдэнэжаргал баяр наадмаар индэр дээрээс үг хэлж наадмаа нээж байснаа нэг харахад стадионыхоо голд оччихсон дуугаа дуулаад баяр наадмын хөтөлбөртөө оролцоод явж байдаг гэж. Дарга хүн гэхээр л заавал тэр индрийн ард зогсож, микрофон, ширээний ард сууж байх ёсгүй. Миний хувьд үүнийг ерөөсөө огт ойшоодоггүй. Би ард иргэдийнхээ дунд чөлөөтэй, энгийн байх ёстой. Дуулах газарт нь дуулаад, хуурдах газарт нь хуурдаад, инээлдэх газарт нь инээлдээд л явна. Ийм л байх ёстой гэж бодож явдаг. Ханбогд сумын наадмын нээлтэд "Ханбогдын дуулал” гэж хамтлагтайгаа, хэдэн шавьтайгаа дуулдаг юм.
-Та хамтлагтай гэсэн байх аа?
-Хамтлагтай. "ХЭБн Галба” гэж хамтлагтай.
-Ямар Галба гэнэ ээ. ХЭБн гэж юу вэ?
-Энэ яахав, бидний нэрний эхний үсгүүд л дээ. "Хүдэрбат, Эрдэнэжаргал, Болд нар Галба” гэсэн утгатай. Ханбогдын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Нарангэрэл ах маань "ХЭБн Галба” хамтлагийг анх Соёлын төвийнхөө дэргэд байгуулж байлаа. Би хоёр шавьтайгаа нийлж хамтлагаа бүрдүүлсэн. Шавь нар минь хоёулаа тэмээчин. Б.Хүдэрбат Ханбогд сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Миний гарын гурван шавь бий. Гурвуулаа СТА болоод байна. Б.Хүдэрбат, Б.Болдбаатар гэсэн энэ хоёр шавьтайгаа хамтлагаа байгуулаад 29 жил болжээ. И.Нарангэрэл ах маань бурхан болохоосоо өмнө "ХЭБн Галба”-ын ойг тэмдэглэнэ гэж ярьдаг байсан юм. Бид хамтлагаараа Өмнөговь аймгийн бүх сумыг гурван удаа тойрлоо. Зүүн аймгуудаар явж аялан тоглолт хийлээ. Өмнөговьд манай хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй ээ.