Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

 

 

Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

 

Улаанбаатар хотыг тойрсон тусгай хамгаалалттай газар болон Богдхан уулын дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашиглаж, гаднынханд арилжсан хэргүүдийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүллээ. Улмаар тус газруудыг буцаан авах зорилгоор хууль хүчний төдийгүй төрийн захиргааны байгууллагууд хамтран үзлэг, шалгалтын ажиллагаа хийсэн юм. Бид энэ талаар сурвалжиллаа.  

Аялал жуулчлалын зориулалтаар авсан газраа хууль бусаар гаднынханд шилжүүлжээ

Улаанбаатар хотын төв болон ойр орчмын газар эрх мэдэлтнүүдийн бизнес болсон гэдгийг бид өмнөх дугаартаа онцолж байсан. Эгэл жирийн  иргэд нь 0.7 га газраа авах гэж хэдэн сар, жилээр хөөцөлдөж, хүнд сурталтай, харьцаа муутай төрийн албаныхныг царайчилдаг байхад эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнд хэдэн зуун га газар олдох нь энүүхэнд. Үүний тод жишээ бол Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын бүсэд 16 га газрыг хашаалж, орон сууцны зориулалттай хоёр давхар, зургаан барилга барьсан явдал юм. Угтаа Богдхан уул нь 1778 онд дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар. Тодруулбал, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулыг дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны тавдугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарснаар жилийн дараа гэрчилгээг нь олгож байжээ. 

Гэтэл монгол эзэнтэй "New Black Diamond" ХХК тус дархан цаазат газраас 16 га талбайг 2011 онд аялал жуулчлалын зориулалтаар БОАЖ-ын сайдаас авсан байдаг. Гэвч 2013 онд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 23 өрхийн өмчлөлийн газартай тэнцэх тусгай хамгаалалттай газарт  орон сууц барих зөвшөөрлийг хууль бусаар олж авсан байна. Тус компанийн хууль бус үйлдэл үүгээр зогсохгүй. БНХАУ-ын нэр бүхий хоёр ч компанид хувьцаа шилжүүлэх маягаар тус газрыг худалджээ. Ийнхүү Монгол Улсын дархан цаазат газрыг өөрийн болгосон хятадууд нэн даруй ажлаа эхэлсэн байдаг. Дөрвөн жилийн хугацаанд барьсан барилгадаа 15 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэнэ. Харин 2017 онд гэнэтхэн хөрөнгө оруулалт дууссан нэрийдлээр барилгын ажил зогсож, өнөөг хүртэл царцсан байна. Хэрвээ хуулийн дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байсан бол энэ хугацаанд чамгүй их орлого орох байсан нь тодорхой. 

Хэн нь мэдэгдэхгүй хятадууд монголчуудын боломжийг хааж, барилга царцаасан уг үйлдлийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж байгаа аж. Шалгалтаар ирсэн цагдаагийн албан хаагч баригдсан барилгын тоо, давхар болон тухайн хашаанд буй бусад тоног төхөөрөмж, эд зүйлсийг нэг бүрчлэн тэмдэглэн авч байлаа. 

Бид тусгай хамгаалалттай газар дөрвөн жилийн хугацаанд баригдсан тус барилгын компанийн үйл ажиллагаанд ямар хяналт тавьж ажилладгийг Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Монголжингоос тодрууллаа. Тэрбээр "Богдхан уулын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, БЗД-ийн XI, Хан-Уул дүүргийн IV, VIII, XIV хорооны нутаг дэвсгэр хамаардаг. Бидний зогсож байгаа энэ газар бол Богдхан уулын Нүхтийн ам буюу Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 34.1-р зүйлийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Мэдээж хэрэг тухайн бүс нутгийн хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж тухайн бүс нутагт ямар төсөл хэрэгжүүлэх боломжтой вэ, төсөл хэрэгжүүлэгч байгууллага эдийн засгийн чадамжтай юу зэрэгт тохируулан түр зөвшөөрөл олгодог” гэлээ. Түүнээс хэд хэдэн удаа давтан асуусан боловч тухайн компанийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаараа бидэнд тодорхой хариулт өгөөгүй юм. Харин энэ хууль бус үйлдлийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр "Энэ компани хэдийгээр хуулийн дагуу газар авсан боловч зориулалтын бусаар ашиглаж барилга байгууламж барьсан. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм.

Мөн хувьцаа шилжүүлэх маягаар буюу хууль бус аргаар хятад компаниудад зарсан. Иймээс цагдаагийн байгууллага хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй зэрэг үндэслэлээр уг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажлыг явуулж байна” гэв. Олон жилийн турш царцсан, компанийн хувьцааг шилжүүлсэн зэрэг үйлдлүүд нь хэрэг шалгах явцыг удаашруулж магадгүйг албаныхан онцолж байлаа. 

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн "Home Garden” хотхоны газрын зөвшөөрлийг цуцаллаа

Монголын газар нутгийг өөрийн эзэмшилд авч, дур зоргоороо барилга барьсан гаднынхны хууль бус үйлдлийг илрүүлж, таслан зогсоож буй энэ үйлдэл Монгол Улс эзэнтэй, төртэй гэдгийг харуулж чадсан маш том алхам юм. Бидний зорьж очсон дараагийн газар Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр байлаа. Энд барууны загвартай тансаг зэрэглэлийн 112 хаус бүхий "Home Garden” хотхон сүндэрлэжээ. Тус хотхоны хаалгаар орох төдийд "Монгол хүн, аж ахуйн нэгж ийм сайхан бүтээн байгуулалт өрнүүлж, энэ дайны хөрөнгө оруулалтыг нутагтаа үлдээсэн бол хэчнээн сайхан бэ” гэсэн бодол эрхгүй төрнө. Тансаг, чамингаараа нүд хужирлах тус хотхоныг "Хангорон спико" компани барьжээ. Тодруулбал, өндөр өртөг бүхий 112 амины орон сууцыг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Гэвч тус барилгыг барьсан санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй байгаа аж. 

Дээрх үндэслэлээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ. Харин энэ талаар НЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "БЗД-ийн ХI хорооны нутаг дэвсгэрт "Хангорон спико”  компани 90 орчим тэрбум төгрөг зарцуулж барилга барьсан хэдий ч прокурорын газраас "Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тул тус газрын зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг дарга өнгөрсөн зургадугаар сарын 25-нд газрын зөвшөөрлийг нь цуцалсан.” гэв. Уг компани мөн л БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж. Анх 2008 онд 100 га бүхий тус газрыг дуудлага худалдаагаар авсан байна. Гэвч газрын төлбөрөө бүрэн барагдуулаагүй учраас 40 га газрыг Монголын төрд буцааж өгсөн гэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Давааням  "Амины орон сууцны хороолол барих зориулалтаар газар авсан. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дуудлага худалдаагаар авсан гэж болно. Манай байгууллагаас мэдэгдэл өгнө. Мэдэгдэлд заасан хугацаанд тус газрыг чөлөөлөөгүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын албадан буулгах захирамж гарч, газар чөлөөлөлтийн ажлыг явуулдаг” гэв. 

Газар бол улс орны оршин тогтнох үндэс. Монгол Улсын аль ч аймаг суманд очсон төрөөс үнэгүй олгохоор болсон 0.7 га газраа авч чадаагүй иргэдийн гайхшрал, дургүйцэл, хэрүүл тэмцэл үл тасарна. Ядарсан иргэдийнхээ газрыг мөнгө болгож, ичиж зовох зүйлгүй халаасалж суудаг эрх мэдэлтнүүд, тэдний гар хөл болсон бизнесмэн нэртэй "хурган босс”-ууд, бүхнийг төлөвлөж тэдний дээр суудаг харийнхны өөдөөс Монголын цагдаа, прокурор болон төр захиргааны байгууллагууд тэмцэж эхэлж байна. Энэ мэт хууль бус, бусармаг үйлдлийг бид эргэн сурвалжлах болно. 

Эх Сурвалж: Үндэсний шуудан