"Оюу толгой" компани 200 гаруй ажилчдынхаа цалинг хасчээ

 

"Оюу толгой" компани 200 гаруй ажилчдынхаа цалинг хасчээ

 


Дэлхийн топ 50 компаний нэг болох Оюутолгой ХХК ажилчдын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. Уг үнэлгээг Хөдөлмөр Орчны Эрүүл Мэндийн Институтаар (ХОЭМИ) 2017 оны зургаадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буйажилчдын дунд хийсэн байна. Оюутолгой ХХК нь уг нөхцлийн тайланд үндэслэн 200 гаруй ажилчдынхаа хөдөлмөрийн хэвийн бус, нөхцлийг хэвийн болгож, нэмэгдэл цалинг нь хасчээ.

Энэ талаарОюутолгойн далд уурхайн аврах албаны ахлах ажилтан Л.Эрдэнэбат, Оюутолгой Үйлдвэрчний хорооны дарга Ц.Дэлгэрхүү, хуульч Б.Тунгалагнаран, нар хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэвийн бус нөхцлийн нэмэгдэлийг хассанд ажилчид бухимдалтай байгаа ба уг үйлдлийг эс зөвшөөрч Оюутолгой ХХК-д Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, ажилчидын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг хүссэн аж. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан Үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж аваагүй байна.Мөн ХОЭМИ гэх газар нь хөдөлмөрийн хүнд, хортой ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш болох нь тогтоогджээ.

Иймээс Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж улмаар Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлтийг гарган томилуулсан боловч хуралд Оюутолгой ХХК-ийн зүгээс оролцоогүй байна. Ингээд ч зогсохгүй уг зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Оюутолгойд эзэн суусан гадныхан хууль бус дүгнэлтээр хэмнэлт хийж буйг Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан ажилчид эсэргүүцлээилэрхийлж, арга хэмжээ авахгүй бол нийтийн тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

М.САЙНЗАЯА