Цагаан захтнуудын авлигын хэргийг шалгаад, хохирлыг эргэн төлүүлье
Он дамжин, хоёр сар үргэлжилсэн эрх баригч намын УИХ-ын даргаа огцруулах дажин өндөрлөхөд хэдхэн хоног үлдлээ. Улс төрд үүссэн асуудлаас болж гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулж болох хууль төрсөн нь үйл явдлыг хурдлууллаа.
Үүнд Ерөнхийлөгчийн сонирхол, оролцоо хоёр өндөр байсан. Энэ идэвх нь өөрөө сайн, муу аль ч утгаар түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болов уу. Энэ дажинд нийгэмд ЖДҮ-чин гэж хочлогдсон гишүүд голлох үүрэгтэй оролцож, он цагийн түүхэнд үлдэх сонин хачныг нэмэрлэв.
УИХ-ын гишүүний халдашгүй эрх!
Сонгогчид цаашид парламентыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглах боломжит орон зай гэж хардаг, хувийн сонирхолтой этгээдээр дүүргэсээр байх уу. Ирж яваа УИХ-ын сонгуулийн босгон дээр энэ асуулт эргэн хөндөх сэдвийн нэг болох биз ээ.
УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл, үүнтэй холбоотой асуудлыг парламент яаралтай горимоор хэлэлцэнэ хэмээн тогтсон. Гэсэн ч албан тушаалаа өгөх М.Энхболд УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн өөрчлөлт “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа хуулийг хэрэглэнэ гэж үзлээ. Энэ үг нь харин гарын үсэг цуглуулсан, зурсан гишүүдийн сонирхолд нийцсэнгүй.
М.Энхболд “60 тэрбумын дуулианыг зөөллөж, би өөрөө яваагүй, Монголын төрийг барьж буй энэ цагийн улстөрчдийн шахалтаар ажлаа өглөө. Хуулийг нэлээд сахисан. Асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлсэн” гэсэн тодорхойлолт авч үлдэх нь л одоо хамгийн чухал байх шиг.
Хоёр сонгуулийн тохиролцооны өмнө...
Шинэ УИХ-ын даргад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Ц.Нямдорж нар хүчтэй яригдаж байгаа сураг гарч байна. Өнгөрч долоо хоногт Зүүнбаянгийн цэргийн ангид алба хаагч залуу нас барсан явдал харин Н.Энхболдод нэлээн хэл ам дагуулж эхэллээ. Энэ дуулиан түүнийг цааш түлхэх шалтгаан болчихгүй бол Н.Энхболд боломжтой хувилбар мөн.
Ц.Нямдоржид УИХ-ын дарга болох сонирхол бий байх. Улс төрийн карьераа энэ албан тушаалаар дуусгах бодолтой байгааг нь улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Өөрөө ч УИХ-ын даргаар ажиллаж байсан ч энэ цаг хугацаа нь түүнд хар түүх дагуулсан. Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын баталсан хувилбараар биш өөрийн сонирхолд нийцүүлэн зассан хэргээр тэр УИХ-ын даргын албан тушаалаас огцорч байсан удаатай.
Нөгөө талаар Ц.Нямдорж Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарамж, тохиромж муутай. Төмөр замын төслийн дуулианаар үүссэн том тээг тэр хоёрын дунд бий. МАН-ын албан тушаалын хуваарилалтад оролцож, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нөлөөлдөг гэсэн нийтийн хандлага талаас харвал Х.Баттулга Ц.Нямдоржийг хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй. Зөвшөөрдөг юм аа гэхэд тэр хоёр ямар ашиг сонирхолд нэгдэх вэ гэдэг асуулт хамгийн сонирхууштай сэдэв юм.
Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилогдох мэдээ МАН-ыханд ч, өөр бусад улс төрийн намуудад ч бага байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр телевизэд өгсөн ярилцлагадаа Ц.Нямдоржийн тухай таагүй мэдээллийг түгээгээд байна.
Гэхдээ УИХ-ын индэр дээрх алхыг хэн атгах нь хамаагүй. Тэр хүн УИХ-д хүлээгдсэн асуудлаас гадна, улс төрийн нөхцөл байдалтай ямар асуудлыг хамгийн түрүүнд шүүрч авах бол?
Өрнөж байгаа үйл явдлаас харахад шинэ даргын гаргах топ 5 улс төрийн шийдвэрт АН-ын УИХ дахь бүлгийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоох асуудал багтах шинжтэй харагдаж байна. АН-ын дарга намын бүлгээ торгоон тогтоож байсан есөн гишүүнийхээ хоёрыг намаасаа хөөсөн. АН, С.Эрдэнэ хоёроос огт өөрийг бодох болсон Л.Болд, Ж.Батзандан нар эргэж харахгүй нь ч тодорхой.
Долоон гишүүнтэй АН УИХ-д бүлэггүй болж, С.Эрдэнэ буулт хийхээс 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тохиролцоо шалтгаална. Ийм үйл явц өрнөх юм бол үүнийг тооцсон улстөрчийн зүгээс УИХ-ын шинэ даргад өгсөн шахалт гэж ойлгож болох талтай.
УИХ-ын намрын чуулган сунаж хуралдах уу?
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд хаалгүй, хугацаа сунган хуралдуулах тухай саналыг хүргүүлсэн. Эрх баригч намын зөрчил, тэмцлээс шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа сар гаруй хугацаагаар саатсан. Дагаад улс орны нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн нь үнэн.
Парламент 2018 оны намрын ээлжит чуулганаар 23 хууль, тогтоомж хэлэлцэх байсан ч үүнийхээ тавыг л хэлэлцжээ. Тиймээс УИХ чуулганы хугацааг сунган, хүлээгдсэн асуудлаа шийдэх л ёстой.
Тайлбар өг гишүүд ээ! Гэхдээ өнөөдрийн өөхийг битгий хар, маргаашийн уушгийг бод
УИХ-ын даргаа огцруулах аяныг идэвхитэй өрнүүлж, захиалгат, жагсаал, цуглаан өрнүүлсэн гишүүд энэ долоо хоногт барцадтай байлаа. УИХ-ын чуулганы танхимын үүдэнд ихэрлэн зогсоод мэдээлэл хийхдээ гаршсан тэдний фактууд ил гарав.
Улс төрийн тогооны асуудлыг гудамж руу аваачиж, нийгмийг татан оруулж, гал асаасан тэдний албан тушаал, авлигын хэргийн шинжтэй факт, баримт ямар нэгэн зорилготой цацагдсан ч байж болно. Гэхдээ баримтад анхаарал хандуулахгүй байхын аргагүй асуудлууд туссан байгаа.
Нөхөд бол өөрсдөө нэр хүнд унгах гэж зохиомол баримт гаргаж ирлээ гэж тайлбарласан. Гэхдээ зохиосон байлаа гэхэд Ж.Батзандангийн эхнэрийн данс руу гэмт хэрэгт шалгагдаж буй аж ахуйн нэгжээс шилжүүлсэн 200 сая төгрөг. ХААН банкны төлбөр тооцооны баримт зохиогдоно гэж байх уу?
Л.Болд гишүүн Бодь банкаа бойжуулах гээд Засгийн газрын дэмжлэгээр 30 тэрбумын онцгой эрх авсныг нотлох гэрээг бас зохиож болдог гэж үү? Мөн УИХ-ын босгыг алхахдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ямар ч бизнесгүй гэж тэмдэглэсэн Т.Аюурсайханы тэрбумын үнэтэй байр эрчтэй яригдаж байна.
Гэвч Т.Аюурсайхан ердөө л ийм орлогоос, ийм зээлээр авсан байр гээд хөрөнгийн эх үүсвэрээ дурдах жижиг тайлбараас дөлж, асуудалд эмзэглэж байна. “Намайг оролдож байна” гэсэн илүү үг нь түүний одоо тогтоох гэж үзэж байгаа шударга имижид халтай тусах магадлалтай.
Нийгэм хүлээж байна. Нэмээд тайлбар өгөөрэй гишүүд ээ! Гэхдээ өнөөдрийн өөхийг биш, маргаашийн уушгийг бодож өгөөрэй. Гарцаагүй баримт нэг л өдөр дэгээ тавина гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Долоо хоногийн ээлжит баривчилгаа
Авлига, албан тушаалын хэрэг үйлдэгчдийг цагдан хорих ажиллагаа ёс мэт давтагдлаа. Даваа гарагийн өглөө гэхэд хуулийнхан Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалан болон "Петровис" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Давааням нарыг баривчлан хорьсон байв.
Д.Баясгаланг хорьсон явдал нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын нэр холбогдсон дөрвөн сая долларын дуулианд хамааралтай. Харин Ч.Даваанямыг оффшор дахь хөрөнгөтэй холбоотой асуудлаар саатуулжээ. Мөн түүнийг Ерөнхий сайд асан С.Баярт үл хөдлөх хөрөнгө бэлэглэсэн. Энэ хөрөнгө АНУ-д байдаг гэсэн мэдээллүүд нэг хэсэг түгж байсан.
Харин албан тушаал, авлигын гэмт хэрэгт шалгагдаж буй С.Баяр, С.Баярцогт нар Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө гаднын хөрөнгө оруулагч компанийн хувьцаа эзэмшигч болсон. Харин гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ өсөхөд зарж их хэмжээний мөнгөтэй болсон. Энэ шалтгаан нь тэднийг албан тушаалаа ашигласан гэж үзэх шалтгаан мөн гэж АТГ өнгөрөгч долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ.
"Эрдэнэт" үйлдвэр дахин улс төрийн тайзны гол дүр болох уу?
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан хэрэгт буруутгагдсаар байгаа "Монголын зэс корпораци" хувьцаагаа Сингапурын компанид худалдах шийдвэр гаргалаа гэж индэрийн мэдээлэгч болох УИХ-ын 6 гишүүн мэдэгдлээ. Үүний дараа "Монголын зэс корпораци" ч мэдэгдэл гаргаж, энэ бүхэн худал гэв.
“Эрдэнэт” бол Монголын улс төрийн хүрээнийхний хамгийн их анхаарал тавьдаг, ашиг сонирхлын цэг. Хэдийгээр шүүхийн шийдвэрүүд "Монголын зэс корпораци"-ийн талд гарсан, тэд 49 хувийг манай юм, миний юм хэмээн өмчилж байгаа ч “Эрдэнэт”-ийн алдагдсан хувийг төрд эргүүлэн авах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.
Энэ сэдэвтэй холбоотой асуудал энэ долоо хоногоос дахин нийгмийн, нийтийн сэдэв болж хувирах магадлал өндөр харагдаж байна.
Үйл явдлын зураг яван явсаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу ч чиглэж магадгүй шинж ажиглагдаж байна. Өөртэй нь холбоотой үүссэн албан тушаалын хэргийн асуудлаар ямар ч чимээ гаргаагүй Ц.Элбэгдорж одоо ДАОС-ын чуулга уулзалтад оролцож буй юм байна.
Экс Ерөнхийлөгч тэндээс “Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа дуусгаад очно. Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудалд надад холбоотой зүйл байхгүй.
Ер нь өөрийнхөө зуурсан бантанг надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй. Тавантолгой илэрхийлсэн миний санал бодлууд, шүүмжлэлд эмзэглэж явдаг улсууд байдаг байх л даа. Өөрсдийнхөө бурууг хүнд тохох гэсэн арга явж байгаа” гэсэн мессэжийг илгээжээ.
Авлигын гэмт хэрэгт шалгагдагчдын тоо геометр прогрессоор өснө
Өнгөрөгч долоо хоног Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдсэн хууль бус ажилбар, гэмт хэрэг, зөрчлийн тухай баримт мэдээг Ерөнхийлөгчөөс хүлээн авлаа.
Монголчууд арав гаруй жил агаарын бохирдолтой тэмцсэн ч үр дүнд хүрээгүй. Тоон баримт дурдахад 2008 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг утааны эсрэг гэсэн тодорхойлолттой гарчээ.
Нэмээд гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж үрэгдсэн. ТЭЦ-2-ыг түшиглэн, шахмал түлшний 18 тэрбум төгрөгийн өртөгтэй үйлдвэр байгуулсан боловч нэг ч кг түлш гаргаагүй. Энэ их хөрөнгө яасан болохыг тогтоох үүргийг хуулийнхан хүлээж авлаа.
Ерөнхийлөгчид баримтуудад Эрүүгийн хэрэг үүсгэн, хуулийн дагуу шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооц гэж шууд хэлсэн. Хуулийнхан одоогоор Хөгжлийн банкны, бондын, офшор дансны нэмээд ЖДҮ-чдийн, Засгийн газрын бусад тусгай сангууд, тендертэй холбоотой маш олон бүлэг авилга, албан тушаалын гэмт хэргийг шалгаж байгаа.
Үүн дээр агаарын бохирдлыг далимдуулж мөнгө завшсан хэргүүд нэмэгдэх нь байна. Эдгээр хэргүүдийн ард монголын нийгэм ядуу байгаа шалтгаан, төрөөс тоймгүй олон тэрбумтан төрдөг болсныг ил болгох баримтууд нуугдаж буй. Шалгалтын дүн албан тушаалаа урвуулан ашигласан цагаан захтнуудын тоо геометр прогрессоор өссөн гэдгийг харуулвал гайхах хэрэггүй.
Нийгэм харин төрийн өмчинд шунасан цагаан захтнуудын бохир баримтыг сонирхон шохоорхохоос илүү, хэргийг шалгаж дуусгах, хохирлыг эргэн төлүүлэх эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна.
Д.ШАТАРБАЛ
ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: https://ikon.mn/opinion/1hmo