Амины дэнстэй барилгын чанар
Аливаа барилга байгууламжийн чанар, байгалийн үзэгдэл, бусад аюул гамшгийн үед тэсвэрлэх байдлын талаар урьд өмнө бишгүй ярьж хэлэлцэж байсан ч саяхан хоёрдугаар сарын эхээр Турк улсад болсон газар хөдлөлт бодит байдал дээр чанаргүй барилга хэрхэн “үй олноор хөнөөх” зэвсэг болон хувирдгийг харууллаа.
“Газар хөдлөлт бус, чанаргүй барилга олон хүний аминд хүрлээ” хэмээн тухайн үед Туркийн албаны хүмүүс хэлж байв. Салбар бүрд авлига гаарч, чанарыг үл хэрэгсэн олон тооны байшин барих гэсэн Засгийн газрын хийсвэр бодлого нь шинэ барилгуудын чанарт муугаар нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд олон жилийн өмнөөс анхааруулсаар ирсэн атал хайхралгүй байсаар ийм байдалд хүрчээ.
Газар хөдлөлтийн дараа нурсан байшингийн чанартай холбогдуулан 600 гаруй хүнийг шалгаж буйн дотор барилгын гүйцэтгэгчид болон үл хөдлөх хөрөнгийн эзэд болох 200 шахам этгээд багтсаныг Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдээлж байв. Аймшигт сүйрэл болсон Хатай хотын зэргэлдээх, мөн л гамшгийн бүсэд өртсөн өөр нэг хотынхон хүний амины гарзгүй гарсан нь барилгын чанартай холбоотой байсныг харьцуулан харахад хангалттай.
Стандарт мөрдөлгүй барьсан барилга байгууламж, хайнга хэнэггүй боловсруулсан зураг төсөл, чанаргүй материал, суурьнаас эхлээд буруу эхлүүлсэн инженер техникчдийн балгаар хүмүүс тав тухтай амьдарч, ажиллаж, сурч боловсорч, эмчлүүлж, эрдэм шинжилгээний ажил хийж, уран бүтээл туурвиж суух ёстой газар шуудхан хэлбэл “Үхлийн талбар” болдгийг бусад улс орнуудад урьд өмнө тохиолдож байсан осол гамшгууд ч харуулдаг.
Барилгын чанар нь ийнхүү хүний амины дэнстэй зүйл болох тул аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдал, хэмнэлт, зардал багатай байх зэрэг орчин цагийн хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлсэн барилгын ISO стандартын батламжийг тус салбарын компаниуд ашиглаж байна. Эдгээрийн дотор дэлхийд хамгийн өргөн тархсан байгаль орчны менежментийн олон улсын стандарт болох ISO 14001 систем, Эрчим хүчний менежмент, ESOS (эрчим хүчний хэмнэлт схем)-ийн олон улсын стандарт болох ISO 5000, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001 систем, Хамтын ажиллагааны олон улсын ISO 44001 стандарт, Гэмтэл ослоос сэргийлэх, аливаа ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын ISO 45001 стандарт, мэдээллийн ил тод байдал, тогтмол харилцаа холбоог сайжруулах зорилго бүхий ISO 9001 стандарт, бизнес эрхлэгчдэд тулгарах журам тогтоомжийг үр дүнтэй даган мөрдөх тогтолцоог бий болгох, шинэ хэрэглэгч, шинэ зах зээлийг бизнес эрхлэгчдэд олгох ISO 14001, ISO 50001 стандарт зэргийг нэрлэж болно.
Монгол Улсын хувьд өнөөдөр байдал ямар байна вэ? Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 1990-ээд оны сүүл, 2000-д оны эхээр газрын хууль бус наймаа цэцэглэсний уршгаар барилга хоорондын зай завсар бүхэнд стандартад нийцэх, эс нийцэх, өндөр нам, чанартай чанаргүй барилга чигжиж, зарим хэсэгтээ цементэн ширэнгэ болон ширэлдсэний горыг хэзээ амсахаа хүлээж суух уу. Эсвэл барилгын стандартад нийцсэн эсэхийг нэн даруй шалгаж, шинээр барих барилгуудад зүйд нийцсэн шаардлагуудаа тавьж эхлэх үү. Хүн амынх нь тэн хагас шавсан нийслэл хотын аюулгүй байдал ямар вэ?
Судалгаагаар Улаанбаатарт 2000 оноос хойш барьсан 1844 барилгын ихэнх нь газар хөдлөлтийн бүсэд боссоноос 1320 нь орон сууц, 524 нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг тоологдсоноос байдал ямар байгааг төсөөлж болно.
Газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын судалгааг 898-д нь хийхэд 188 барилга нурах эрсдэлтэйд тооцогджээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал алдагдсан 4700 орчим байршил байгаагийн дотор нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ-дын эзэмшил газар зэрэг байршлууд давамгайлж байгааг нийслэлийн хариуцлагатай албаныхан хэлж байлаа.
Барилга барихад зөвхөн байшин багтах зай олох төдий биш, наад зах нь ханын зузаан, суурийн даац, иргэд, суугчдын нар харах эрх, эрчим хүчний зарцуулалтыг бууруулсан байх, цахилгаан шатны аюулгүй байдал, эргэн тойрны экологийн үнэлгээ, байгаль орчинд ээлтэй байх, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, аюул тохиосон үед аврах ажиллагаа явуулах орц гарц, агааржуулалт зэргээс өгсүүлээд олон тооны стандарт, нормыг мөрдөх учиртай. Чухам эдгээр стандартыг нэвтрүүлсэн найдвартай барилгын компаниудтай түншлэхийг албан байгууллага, хувь иргэд зорих болжээ. Байгалийн гамшиг гэлтгүй коронавирусний тархалтын үеэр агааржуулалтын хоолойгоор халдвар тархаж, орц орцоороо халдвар авсан байж болох тухай ч яриа гарч байсан.
Туркийн аймшигт газар хөдлөлтөөс гуравхан хоногийн өмнө, хоёрдугаар сарын 3-нд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлд, ялангуяа төв хэсэгт минут орчмын зайтай хоёр удаа нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Энэ бол сүүлийн жилүүдэд нийслэлд мэдэгдсэн олон удаагийн сулавтар газар хөдлөлтийн нэг. Дүүрэн хүнтэй, олон давхар үйлчилгээний газарт байхдаа түүнийг мэдэрч, эргэн тойрноо ажиглахад үйлчлүүлэгчид дийлэнх нь ажирсан шинжгүй бужигнаж, урсдаг болон цахилгаан шатаар бөөнөөрөө зорчиж байхыг харахад хэрэв газар илүү хүчтэй шилгээсэн бол яах бол гэсэн аймшигт бодол зурсхийж байв.
Стандарт нормоо чанд сахиж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгааг ч мартах ёсгүй. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэсэн “БҮТИ” ХХК, өнгөрсөн 2022 оны барилгын шилдэг компаниар шалгарсан “Оршил констракшн” компани, салбарын шилдэг болсон "Нутгийн буян" групп, "Сойт трейд" ХХК, "Монкон констаркшн", "Эм эс эл" ХХК, "Өлзий иш" ХХК зэрэг олон компанийг нэрлэж болно.
Үүний зэрэгцээ санах, сэрэмжлэх зүйл олон. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр тийм ч аюулгүй орчин биш.
Нийслэл хотын эргэн тойронд Хустай, Эмээлт, Шархай, Авдар, Гүнж, Мөнгөнморьт, Хүрэлтогоот орчим буюу Скай ресортоос Улаанчулуут чигт нийслэлийн төвийг дайрсан “Улаанбаатар” гэх газрын гүний долоон идэвхтэй хагарлын бүс илрээд буй.
Нийслэлийн баруун хойд талд, хэрэв газар хөдөлбөл Улаанбаатарт 8-9 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,1-д хүрэх магадлалтай 35 км урт Эмээлтийн хагарал, баруун өмнө мөн л төдий хэмжээний гамшиг учруулж мэдэх Хустайн 212 км урт хагарал байна. Зүүн хойд этгээдэд Улаанбаатарт 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 6,5-д хүрч газар хөдлөх магадлалтай Гүнжийн 20 км урт хагарал, зүүн талд нийслэлд 7-8 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх магадлал ажиглагддаг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдар уулын 50 км урт хагарал бүртгэгджээ. Голомтдоо магнитуд нь 7,2-т хүрэх газар хөдлөлт болох магадлал бүхий Шархайн 50 км урт хагарал Улаанбаатарааас баруун урагш 40-70 км зайд оршдог бол нийслэлд 5-6 баллаар мэдрэгдэж голомтдоо магнитуд нь 7,0 хүрэх газар хөдлөлт тохиох боломжтой Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь 90 км урт хагарал зүүн талд бий.
Тэгвэл хамгийн сүүлд илрүүлсэн Богд уулын ар хормой “Скай ресорт” цанын бааз орчмоос нийслэлийн төвийг хөндлөн дайрч Улаанчулуут руу зүүнээс баруун тийш ташуу чиглэсэн ”Улаанбаатар” хагарал нь голомтдоо магнитуд нь 7,0 хүрэх магадлалтай хэмээжээ. Ийм аюул бүхий орчинд барьж буй барилгуудад норм норматив, стандартыг хамгийн сайн хангасан байх учиртай.
Нийслэлд 6,6-7,6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувь, гэр хороололд 81 хувь гэсэн тооцоо байдгийг хэдхэн хоногийн өмнө болсон “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний үеэр албаны хүмүүс хэлж байв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн зургаа, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогдсон. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335,105 барилга байгууламж байна. Эдгээр барилга чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75,2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад хээрийн судалгаа хийдэггүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй, баталгаажуулсан талбайн хэмжээгээр газрыг ашиглаж буй эсэхэд хяналт тавьдаггүй зэрэг олон асуудал тулгамдаж байна. Голын сав, усны эх үүсвэр, дулааны цахилгаан станц болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль зөрчин газар олгох явдал цөөнгүй гарсан” гэжээ.
Шинээр барьж буй барилгууд чанартай байх эсэхэд нэн түрүүнд сайтар боловсруулсан норм, дүрэм, стандарт, нөгөө талаас барилга байгууламжийг барихдаа норм, стандартыг аль хэр хэрэгжүүлэв гэдэг нь хамааралтай хэмээн мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Муу дээр муухай гэгчээр 1990-ээд оны эхээр орон сууцны барилгуудын нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар өөрчилж тулгуургүй шахам болгосон нь гамшиг учрахад барилга нурахад бэлэн болгосон гэсэн үг.
Хуучин цагт Улаанбаатар хот намхавтар барилгуудтай, орон зай, талбай томтой байсан нь чадвар муутайдаа биш, цаанаа учиртай байж. Гамшиг тохиолоо гэхэд дотор байгаа хүмүүс гарахад түргэн, гараад аюулгүй байж болох том талбайтай, дээр нь дөрвөн уулын дундах битүү гэж болох орчинд салхи хаах өндөр барилгагүй тул утаа униар бага тогтдог байжээ. Ялангуяа Удирдлагын академи орчмыг нийслэлийн агаар сэлгэлтийн төв, Туул, Дундгол, Сэлбийн бэлчир, баруун, зүүнээс хөндийтэй учир хамгийн цэвэр агаартай газар, Улаанбаатарын уушги гэдэг байв. Сүүлийн үед болзошгүй нөхцөлд чанаргүй барилгаас үүдсэн гарз хохирол учруулахгүйн тулд стандарт, норм, дүрмийг чанд сахих, зөвшөөрөлгүй барьсан зарим барилгыг албадан буулгуулах, газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, тамгын газар, нийслэлийн зүгээс анхааруулах боллоо.
Байгалийн үзэгдэл ойр ойрхон давтагдаж, нөхцөл байдал өөрчлөгдөж буйгаас шалтгаалан стандарт, норм, нормативыг сахиж барилгын чанарыг эрс сайжруулах чиглэлд урьд өмнийнхөөс илүү хариуцлагатай хандах цаг ирснийг энэ бүхэн нотлож байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН