МУИС, МҮИС-ийн барааны тэмдгийн маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ
МУИС, МҮИС-ийн барааны тэмдгийн маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тухай МУИС-ийн цахим хуудсанд нийтлэгджээ. Тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газын даргын 2014 оны 13 дугаар тушаалын Монгол Улсын Их Сургуульд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 2015 оны 116 дугаар тушаалын Монгол Улсын Их Сургуульд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын Монгол Улсын Их Сургуульд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “MNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах Захиргааны хэргийн шүүхийн процесс 2020 оноос эхэлсэн.
Тус барааны тэмдгийн маргааны асуудлаар МУИС-ийн Хууль, хүний нөөцийн бодлогын газрын дарга С.Должингоор ахлуулсан хуульчдын багт “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Халиун, МУИС-ийн ХЗС-ийн багш Н.Норовсамбуу, Инновац, технологи дамжуулах төвийн эрхлэгч, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нар МУИС-ийг төлөөлөн амжилттай ажиллалаа.
2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0792 дугаар магадлалтай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж тус маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.