Д.Амарбаясгалан: БНСУ-д визгүй зорчих хүсэлтийг баталгаажуулахаар тус улсын Хууль зүйн сайд тэргүүтэй дарга нар энэ сард айлчилна
Энэ үеэр ЗГХГД Д.Амарбаясгалан, “Миний хувьд Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан айлчлалын талаар мэдээллийг өгөхийг зорьж байна. МУ-ын Ерөнхий сайд энэ хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хоёрдугаар сарын 17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын албан ёсны урилгаар айлчлалыг амжилттай хийсэн. Айлчлалын хүрээнд албан ёсны яриа хэлэлцээрийг хийж, дөрвөн сайд албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэг ёсондоо өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд БНСУ, Монгол Улс хоёрын хооронд хэлэлцэгдэж байсан яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Маш үр дүнтэй айлчлал байлаа. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Энэ нь хоёр улсын экспорт, импортыг тэнцвэржүүлэх, эргэлтийг сайжруулах голчлон ач холбогдолтой байдаг учраас бүх салбар, бүх төрөл зүйлийг оролцуулсан байдлаар шийдсэн нь онцлог байдаг. МУ хамгийн сүүлд Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийсэн байдаг. Хоёрдугаарт, хоёр улс хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг харилцан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Энэ бол Монголоос БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарна гэсэн үг. МУ-ын ЗГ-ын зүгээс 2023 онд 6 ба түүнээс дээш хувиар эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Гуравдугаарт, газрын ховор элементийн судалгааны хамтарсан төвийг байгуулах шийдвэрт гарын үсэг зурсан. Харин Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нартай албан ёсны яриа хэлэлцээрийг хийхдээ нэг зүйлийг онцгойлон санал болгон тавьсан. Энэ нь МУ-ын иргэдэд нэн хөнгөлттэй нөхцөлөөр виз олгооч, визгүй болгох эрх зүйн орчин бүрдүүлж өгөөч гэх хүсэлт байсан. Энэ яриа хэлэлцээрийг баталгаажуулах үүднээс ЗГ-ын хоорондын комисс ажиллаж, энэ хүрээнд БНСУ-ын хууль зүйн сайд тэргүүтэй зочид гуравдугаар сард МУ-д айлчлах тов нь тогтлоо” гэв.