Молдав Путины дараачийн бай болох уу
Украинд явуулж байгаа ОХУ-ын цэргийн түрэмгийлэлд Молдав улсыг татан оруулж магадгүй талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Молдав улсад юу болж байна вэ
2023 оны хоёрдугаар сарын эхээр Зеленский Украины тагнуулынхан Молдавт улс төрийн тогтворгүй байдал бий болгох гэсэн Оросын төлөвлөгөөг саатуулсан тухай мэдээлсэн. Саяхан тус улсын Ерөнхий сайд огцорсон нь шатахууны үнэ өсөж, инфляц тэнгэрт тулж хямрал болж буйтай холбож байлаа. Молдавын шинэ Ерөнхий сайд Москвагийн талыг баримтлагч улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр нийслэл Кишинев хотод Оросыг дэмжигчдийн жагсаал зохион байгуулав. Энэхүү хурцадмал байдлын үеэр Молдавын Ерөнхийлөгч Санду Орос нөхцөл байдлыг ашиглахыг оролдож байна гэж буруутгасан. Санду мөн сөрөг хүчин гэгдэх хүмүүс хүчирхийллийн замаар Кишиневт Засгийн эрхийг хүчээр солихыг оролдох гэж байна гэж мэдэгджээ.
Молдавын Гадаад хэргийн дэд сайд асан, одоо Кишиневт төвтэй Европын бодлого, шинэчлэлийн хүрээлэнгийн захирал Юлиан Гроза "Оросоос ирж буй эдгээр аюул заналхийллийг харахад, дайныг даамжруулах хүсэл эрмэлзэл маш өндөр байгаа нь тодорхой байна" гэж CNN-д ярьжээ. Мөн тэрээр "Молдав бол Украины дараа хамгийн их хохирол амссан улс. Бид жижиг улс учраас эдийн засаг нь буурай хөгжилтэй хэвээр байгаа бөгөөд энэ нь маш их дарамт үүсгэдэг” гэжээ.
Орос юу төлөвлөж байна вэ
Москвагийн Молдавт хийсэн үйлдэл нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэх, өнгөрсөн жил Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл хийхийн өмнөх үйл ажиллагаатай маш төстэй байгаа юм. Мягмар гарагт Путин Молдавын тусгаар тогтнолыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн 2012 оны гадаад бодлогын зарлигийг цуцалсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Үүний дараа пүрэв гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг "ойрын ирээдүйд" Оросын талыг баримтлагч Приднестровийн Молдавын салан тусгаарлах бүс нутгийн эсрэг зэвсэгт өдөөн хатгалга бэлтгэнэ гэж буруутгасан тухай ТАСС агентлаг мэдээлсэн. Харин Молдав үүнийг үгүйсгэсэн.
Приднестр бол 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж.
Сүүлийн үед энд гарсан хэрэг явдлууд нь Молдавын Засгийн газарт хамааралгүй, Приднестрийн аюулгүй байдлынхны хийсэн ажил гэж Молдавын тал мэдэгдэж байлаа. Түүнчлэн Молдавыг дайнд татан оролцуулахаар Оросын тусгай албад зориуд өдөөн хатгалга үйлдэж байгаа гэх мэдээлэл ч гарсан юм. Украины өмнөд хэсэгт хяналт тогтоох нь Приднестрт хүрэх өөр нэг гарц болно. Приднестрт ч орос хэлтэй хүн амыг хавчин шахах үзэгдэл гарсаар байгаа” хэмээн Оросын генерал мэдэгдэж байлаа.
Ийм өндөр албан тушаалын хүн ийм ноцтой мэдэгдэл хийсэн нь олон эргэлзээг араасаа дагуулсан юм. Генералын мэдэгдлээс харахад, Оросын Украин дахь цэргийн ажиллаганы концепци өөрчлөгдсөн үү, Кремль үүнийг зөвшөөрсөн үү гэх зэрэг асуулт урган гарч байна. Украинд дайн дэгдэхтэй зэрэгцэн Молдавын орос хэлтнүүдийг хавчин гадуурхаж байгаа тухай асуудал ихээхэн хөндөгдөх болсон юм. Кишинев дахь Оросын Элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ, Молдавт үндэс угсаа, хэл, соёл, шашин болон бусад шинж тэмдгээр ялгаварлан гадуурхах тохиолдлууд олширсныг онцлоод, нутаг нэгтнүүддээ хандан амь нас, эрүүл мэндэд нь аюул заналхийлбэл Элчин сайдын яамны цахим шуудан руу захидал илгээхийг уриалж байв. 2014 онд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа Приднестрийн олон хүн Оросын нөмөр нөөлөгт орох хүсэлтэй байсан гэж ВВС бичжээ. ВВС агентлагийн бичсэнээр, өөрсдийгөө тунхагласан Приднестрийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээр 1500 орчим Оросын цэрэг байрласан, мөн эдгээр нь Оросын танкууд Молдав руу саадгүй орох нөхцөлийг хангах аж.