Сонгуулийн өмнөх жил ба Төсөв, Мөнгөний бодлогын ЭСРЭГЦЭЛ

Сонгуулийн өмнөх жил ба Төсөв, Мөнгөний бодлогын ЭСРЭГЦЭЛ

2022 он хуанлийн хуудаснаа улирсан ч гэлээ шинэ оны эдийн засгийн нөхцөл байдлын суурь нь болох билээ. 2023 онд эдийн засагт ямар сорилтууд тулгарах вэ,  ямар боломжууд гарч болох вэ гэдгийг үндэслэлтэй төсөөлөхийн тулд 2022 оны алдаа, оноогоо дэнслэх, туулаад туучаад ирсэн асуудлууддаа зөв үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй юм. 
Энэ үүднээс 2022  оны эдийн засгийн макро, микро үзүүлэлтүүдийг харахад, Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улирлын байдлаар 3.7 хувийн өсөлтийг үзүүлсэн, өрхийн хэрэглээ дөрвөн улирал дараалан өссөн, төсвийн орлого арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар өссөн зэрэг эерэг мэдээнүүд бий. Гэхдээ иргэдийн амьдралын чанар бодит байдал дээр ямар байгаа вэ гэдгийг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”  зэрэг  судалгаанууд дээр тулгуурлан авч үзэхэд, эдийн засагт гутранги төлөв давамгайлж байна.
2021 оны хоёрдугаар хагасаас хойш хоёр оронтой тоогоор хэмжигдэн өнөөдрийг хүрсэн инфляц буюу тоон үзүүлэлтүүдийн цаадах  иргэдийн ахуй амьдрал руу өнгийгөөд харахад, сарын цалин нь юундаа ч хүрэлцдэггүй, өрнөөс өрийн хооронд л аргалж чаргалсан  өрхүүдийн тоо  давамгайлж байна. Иргэдийн ахуй амьдралын бодит нөхцөл болон эдийн засгийн хүлээлт ийм тааруу гутранги байгаагийн нөгөө талд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогуудын уялдаа холбоо ямар байна вэ гэдэг асуултыг дагуулна. 
Эдийн засагчдын олонх нь сангийн бодлого, мөнгөний бодлого хоорондын  уялдаа холбоо бодит байдал дээр хэрэгжсэнгүй гэсэн шүүмжийг хэлж буй юм. ОУВС-гийн Ажлын хэсгийн зүгээс "УИХ, Засгийн газрын бодлого,  шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй байна" гэж зөвлөөд буцсан билээ.
Мөнгөний бодлогын тухайд, бодлогын хүү  энэ оны эхэнд 6 хувь байсан бол одоо 13 хувьд хүрээд байна. Мөнгөний бодлогын хороо энэ сарын хурлаараа Бодлогын хүүг 1 хувиар нэмэгдүүлэхдээ, дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлсэн гэж тодотгосон. Гэхдээ төсвийн зардлын тэлэлт мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэйг сануулсаар.
Энэ оны төсвийн тухайд, эрх баригчдын  магтсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 3 сарын дотор 2 тодотголтой тулсан бөгөөд төсвийн орлогод жин дарах нөлөөтэй нүүрсний экспортын биет хэмжээг анх 36.5 сая тонноор тооцож баталснаа тодотголоор 2 дахин бууруулж, 18 сая тонн болгосон юм. Одоо тэгээд эрх баригчид  нүүрсний экспорт 30 сая тоннд хүрч өслөө гэж хөөрөөд байгаа ч угтаа бол 36 сая тонн гэж эхэлж тооцсоноо хаа хаанаа санаж байхад гэмгүй. Мөн нүүрсний экспортын  гаалийн мэдээ болон төлбөрийн тэнцлийн мэдээллийн хоорондын зөрүү 2 тэрбум орчим ам.доллар буюу энэ хэмжээний валют эдийн засагт хэрэглэгдэх бус өөр замаар замнаж буйг тодотгох нь зүйтэй биз ээ.
Ханшийн тухайд, 2021 оны туршид төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш төгрөг ам.долларын эсрэг суларч, сүүлийн байдлаар 3,443.37  болоод байна. Ковидын улмаас эдийн засгийн идэвхжил унасан үед ханш бүтэн жил тогтвортой байсныг хаа хаанаа ойлгож буй. Ханш хөдлөх ёстой.  Хэдий тийм ч манай тухайд нөхцөл байдлыг харахад, төгрөгийн уналтыг тодорхой түвшинд барих, төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах, валютын нөөцийн өсөлтийг хадгалах чиглэлд эрх баригчид, бодлого боловсруулагчид анхаарч ажиллах шаардлага байсаар байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд буурсаар байсан гадаад валютын нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь гадаад валютын нөөц сүүлийн 12 сард анх удаа 5% давж өссөн үзүүлэлт юм.
Тодотгоход, валютын ханшийн чангарал болон нөөцийн бууралт,  үнийн өсөлтийн эрчим дорвитой буурахгүй байгаа зэрэг эдийн засагт үүсээд буй асуудлууд гадаад хүчин зүйлээр өдөөгдөж буй боловч манай дотоод эдийн засаг өөрөө бүтцийн хувьд эрүүл бус буюу уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортоос голлон хамаардаг, хэрэглээ нь импортод голлон суурилдаг нь үндсэн асуудал юм. Тэгэхээр гадаад талын эрсдэлүүд болон импортоос хэт хараат байдал нь Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөсөөр өнөөдрийг хүрсэн. Угтаа ийм нөхцөлд Төв банк хуулиар хүлээсэн үүрэг болох үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна гэсэн байр суурийг илэрхийлж буй. Түүнчлэн Монголбанкнаас 2023 оны мөнгөний бодлогын төслийг боловсруулахдаа  “Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал” гэдийг онцолж байсан.
Тэгвэл эрх баригчид 2023 оны улсын нэгдсэн төсвийн зарлагыг 20 их наяд давуулж хуульчилсан нь 2022 оны туршид "чангарсан" мөнгөний бодлогын эдийн засаг дахь бодит нөлөөллийн хүчийг сулруулах эрсдэлтэй гэж Төв банк үзэж буй юм. 
2023 онд эдийн засгийн нөхцөл байдал дотоод, гадаад хүчин зүйлсээс хамаарна. Дотоод талдаа сонгуулийн өмнөх жил учраас эдийн засгийг хорлосон улс төрийн поп шийдвэрүүд гарах вий гэсэн болгоомж байна. Гадаад талдаа олон улсын түвшинд эдийн засагчид, судлаачид айсуй шинэ хямралын талаар ярьж, анхааруулсаар байна.

https://news.zindaa.mn/4glg
скачать dle 12.0