Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?
Тэрбумаар төвлөрсөн ч тэр чигтээ сүйдсэн газрыг сэргээж чадах уу
Хариуцлагагүй уул уурхайгаас болж тухайн орон нутаг дахин хэзээ ч нөхөгдөхгүйгээр сүйдсэн гашуун туршлага захаас аван бий. Сум орон нутгаа уул уурхайн хөлд сүйрүүлж байгалийн баялгийнхаа хамаг нөөцийг ашиглуулчихаад нийт төлбөрийн тавхан хувийг АМНАТ-ын татвар авсан болж хууртагдсаар ирсэнийг иргэд хэзээ ч сайшаадаггүй. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсээр ирсэн. Үүнээс болж уул уурхайн компани, орон нутгийн харилцаа манай улсад тийм ч найрсаг, таатай байдаггүй. Бусад оронд ч ялгаагүй. Улсаас тусгай зөвшөөрөл, хамаг эрх нь олгогдсон ч орон нутгийн дэмжлэггүй, иргэдийн итгэлцэл энд байхгүй бол тэр төсөл зогсоход хүрдэг.Нэг ёсондоо, байгалиа сүйрүүлсний хариуд ирэх төлбөр орон нутагтаа наалдахгүй болохоор аргагүй юм. Гэвч нөгөө талдаа эсэргүүцэл нь уул уурхайд хөрөнгө оруулах гэсэн гадны компанийг үргээсээр байгаа гэдэг.
Харин энэ харилцааг эдийн засгийн аргаар зөөлрүүлж, харилцан ашиг сонирхлоо хамгаалах шаардлагатайг төр засаг зохицуулахын тулд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутагт 2019 оноос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь шууд орон нутаг хөгжүүлэх санд шилждэг болголоо. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь заалтад “ашигт малтмал хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогод тусгадаг байсан. Тэгвэл энэ эх үүсвэрийн 30 хувийг “Төсвийн тухай хуулийн” 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилахаар зохицуулсан. Гэхдээ энэ хууль 2020 оноос хэрэгжихээр байсан ч энэ оны нэгдүгээр сараас мөрдөхөөр болж нааш нь татжээ. 30 хувиар зогсохгүй цаашид нэмэгдэх аж.
Ингэснээр аймаг, сумын орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдэж, санхүүгийн хувьд улсын төсвөөс хамааралтай байдал багасна. Иргэд ч манайд уурхай байлаа гээд энэ нь бидний амьдралд Эрдэнэт, Тавантолгой шиг наалдсан юм алга гэж хэлдэг. Тэгвэл энэ оноос хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж багагүй мөнгө аймаг, сумын дансанд орно. Жишээбэл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын орон нутаг хөгжүүлэх санд энэ онд 700 орчим сая төгрөг, Дундговь, Өмнөговьд 4-5 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Аймаг дотроо хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, тэр хэрээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа орон нутгийн иргэд баялгийнхаа хувь хишгээс илүү бодитой хүртэх боломж бий болно гэсэн үг. Ингэснээр аймаг, сумын удирдлагууд, улмаар орон нутгийн иргэд дээрх шийдвэрийн үр дүнд уул уурхайг хөгжүүлэх сонирхолтой болохын хэрээр иргэдийн дунд буй уул уурхайн талаарх сөрөг ойлголт эерэг болох боломжтой.
Түүнчлэн орон нутаг хөгжүүлэх сан мөнгөтэй болсноор аймаг, сумын эдийн засагт таатай нөлөө гарч, мөнгөний эргэлт сайжирна. Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт уул уурхайн салбараас орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж Сангийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласаар. Харин тэрбумаар төвлөрлөх энэ мөнгө тэр чигтээ сүйдсэн газрыг сэргээж чадах уу гэдэг асуулт гарч байна. Өнөөдөр алтны хөлд нутаг орноо сүйтгүүлсэн Төв аймгийн Заамар сум гэхэд тухайн үед “Алтан Дорнод Монгол” зэрэг компанийн хөлд хэрхэн үрэгдсэн билээ.
Өнөөдөр УИХ-ын гишүүн ЖДҮ-чид тэрбумаар нь зээл авснаа юман чинээ бодохгүй мөнгөний үнэ цэнэ унасан энэ цагт хоёр гурван тэрбум төгрөгөөр сүйтгэгдсэн нутаг орноо сэргээж чадах эсэх нь эргэлзээтэйг нутгийн иргэд хэлж буй. Урьд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ 70 хувийг Хүний хөгжлийн санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянга гэх мэт халамжийн мөнгийг гаргадаг байв. Энэ нь нөгөө социализмийн үеийн тэгшитгэн хуваах зарчим буюу халамжийн мөнгөний эх үүсвэр хэмээх шүүмжлэл одоо ч дагуулсаар. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд уул уурхайгүй аймгуудад уул уурхайгаас олсон нийт орлогоо тэгшитгэн хуваарилах нь шударга хэмээн үздэгтэй холбоотой.
Уул уурхайгүй сумын Хөгжлийн санд төвлөрөх мөнгө өмнөхөөс багасна
АМНАТ-ийг ийнхүү аймаг, сумын Хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор уул уурхай хөгжиж буй аймаг, сумын хөгжлийн зааг ялгаа улам тодорно. Харин уул уурхайгүй аймаг, сумын хувьд төсвөөс авах татаас хумигдаж тэр хэрээр хөгжил нь бахь байдгаараа үргэлжлэх дүр зураг харагдаж буйг уул уурхайгүй аймгийн зарим дарга нар төрийн ордонд цугларах үеэрээ харамсан ярьж байлаа. Уурхайгүй сумын, орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгө 60-70 орчим сая төгрөг байдаг. Харин энэ мөнгө энэ жилээс багасахаар байгааг тэд мөн хэлсэн.Уул уурхайтай аймгийн иргэдийн амьдрал дээшилнэ гэнэ. Гэхдээ байгалийн хэзээ ч нөхөн төлөгдөхгүй алдагдсан боломжийг тэд энэ мөнгөөр эргүүлэн авч чадахгүй гэдгийг иргэний нийгмийнхэн болоод уул уурхайгүй аймгийн удирдлагууд бас онцолсон.
Харин ч байгалиа онгон дагшинаар нь авч яваа аймгийн удирдлагууд, иргэд төсөв мөнгө нь бага ч гэлээ эдийн засгаа солонгоруулж байгалийн унаган төрхөөрөө байгаа баялгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож ирээдүй хойч үедээ үлдээж байгаагаар бид давуу гэж байв. Харин уул уурхайтай аймгийн дарга нар энэ хууль хэрэгжих болсноор уул уурхайн талаарх иргэдийн боловсрол дээшилж, аймаг, сумын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Аймаг, сумын Засаг дарга, ИТХ мөнгөний эрх мэдэл тэлнэ. Их мөнгө орон нутагт эргэлддэг болно. Аймаг, сумын төсөв томорно. Иргэдийн хяналт, оролцоо энд шаардлагатай болно.Уул уурхайн хайгуул бус ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сум эндээс хожно. Хайгуулын хөрөнгө оруулалтыг орон нутаг дэмжих хандлага бий болно. Цаашид уул уурхай нутгийн уугуул иргэдийн талд илүү үйлчлэх шаардлагатай болно.Нөгөө талдаа улсын нэгдсэн төсвийн орлого буурна. Халамж хумихад хүрнэ. Гэхдээ уул уурхайг иргэд, орон нутаг эерэг хүлээж авснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ салбарт нэмэгдэх боломжтой зэрэг сайн талтай хэмээн ярьж байсан. Гэвч сүйтгүүлсэн газар нутгаа эргүүлэн өмнө байсан шигээр унаган төрхөнд нь оруулахад энэ мөнгө хүрэлцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Нөгөө талдаа иргэд, иргэний нийгмийнхэн хяналтаа хэр сайн тавихаас энэ мөнгө яг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өгсөн зориулалтаар эргүүлээд нөхөн сэргээлтэд зарцуулагдах эсэх нь эргэлзээтэй. Хамгийн наад зах нь л нөөцөө хэрхэн зөв мэдээлэхээс шалтгаална. Уул уурхайтай аймаг сумын дарга нарын эрх мэдэл томорч байгаа ч тэдний ёс зүйгээс ихээхэн зүйл шалтгаална. Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг улс болон муж, орон нутгийн түвшинд татан төвлөрүүлж, тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог. Энэ жишиг манайд бий болж буй нь сайны хажуугаар саар нь их болсон энэ цагт үр дүн нь хэрхэн харагдахыг цаг хугацаа харуулна. Энэ хууль таван жилийн л настай. Таван жилийн дотор талахлагдсан газар орноо сэргээн авч амжих уу эсвэл нэмээд улам сүйрүүлэх үү гэдгийг харах үлдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.МЯГМАРБАЯР