Хоосон амаар худалдаж, хогон дунд хаягддаг компанид хариуцлага тооцно уу?

Хоосон амаар худалдаж, хогон дунд хаягддаг компанид хариуцлага тооцно уу?

Улс орны эдийн засаг харьцангуй тайван байх үед буюу 2014 онд “Их Монгол резидэнс” ХХК гадаадын ажилчдад зориулж түрээслэх зориулалтаар өндөр зэрэглэлийн орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Гэтэл 2019 оны өвлөөс дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж, гадаад ажилчид нутаг буцаж, түрээслэх үйл явц зогсчээ.
Ингээд 2021 оны намраас эхлэн дотоодын иргэдэд нийтийн орон сууцны зориулалтаар борлуулалт хийж эхлэхдээ аль сайн бүхнийг амлаж байв.  “Их Монгол резидэнс” ХХК-иас эхний оршин суугч байраа худалдан авснаас хойш  жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэтэл 2022 оны 8 дугаар сараас эхлээд тус байрны 4, 6 дугаар орц (D,F)-ны цахилгаан шат эвдэрчээ. Хэдийгээр 6 дугаар  орцны цахилгаан шатыг засварласанч 10 дугаар сард дахин  эвдэрсэн аж. Харин 4 дүгээр орцны цахилгаан шат анх эвдэрсэн чигээрээ 3 болсон байна.  Түүгээр ч зогсохгүй байрны гадна болон дотор талын цэвэрлэгээ хийгдэхгүй, хог хаягдлыг зайлуулахгүй нэлээд хэдэн сар болж байгаа гэнэ.  
Энэ талаар оршин суугчид “Их монгол проперти” ХХК-д олон удаа гомдол санал тавьсан боловч огт шийдвэрлэж өгөхгүй “СӨХ-гоороо учраа ол” гээд халгаахгүй байгаа аж. 
Уг нь шинээр ашиглалтад орсон орон сууцны ашиглалтын асуудлыг 3 жилийн хугацаанд хариуцсан барилгын компани нь бүрэн хариуцах хуулийн заалттай. Гэтэл 5-6 жилийн турш гадаадын иргэдэд түрээслэж байсан хугацаагаа шинээр худалдан авсан оршин суугчдад тохож “Одоо ашиглалтын хугацаа дууссан тул СӨХ-гоороо асуудлаа шийд” гээд байгуулагдаж амжаагүй СӨХ руу чихэх болжээ.
Одоо болтол зарагдаж дуусаагүй байрны эхний хэдэн оршин суугчид аргаа бараад саяхан “Их монгол резидэнс” гэсэн нэртэй СӨХ-г байгуулахаар болж 2022 оны 10 дугаар сард холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд байгаа аж. Гэсэн ч бүх оршин суугчид бүрдэж, СӨХ-оо хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуртал тодорхой хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. 
“Их монгол проперти” ХХК одоогийн байдлаар эд хөрөнгөө “Их монгол резидэнс” СӨХ-д албан ёсоор хүлээлгэж өгөөгүй учраас байрны ашиглалттай холбоотой асуудлыг тус компани бүрэн хариуцах ёстой гэж оршин суугчид ШӨХТГ-т өргөдөл гомдол гаргаад байгаа аж.

https://erennews.mn/article/57749?fbclid=IwAR1PHh1qojd9oDac4gL-W7jWwcPMwFOfdXZmZneOzSRJfQyO99DJpebEPos 
скачать dle 12.0