Шийдвэрээ эргэн харахыг ОХУ-д уриалжээ

 

Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохоо зогсоох шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалав. “ОХУ Хар тэнгисийн гэрээнд оролцохоо зогсоох шийдвэр гаргасан нь Украины эсрэг өдөөсөн дайнаас нь үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг даван туулахад нэн шаардлагатай үр тариа, бордоо экспортлох гол замыг аюулд оруулж байна. ЕХ шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалж байна” гэж Ж.Боррель твиттер хуудсандаа бичжээ. Москва Украины боомтуудаас үр тариа экспортлох хэлэлцээрт оролцохоо зогсоож байгааг ОХУ-ын Батлан хамгаалах яам бямба гарагт мэдэгдсэн байна.
“Аравдугаар сарын 29-нд Киевийн дэглэм Их Британийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд болон "үр тарианы коридор"-ын аюулгүй байдлыг хангахад оролцож буй иргэний хөлөг онгоцны эсрэг террорист ажиллагаа явуулсныг харгалзан ийм шийдвэр гаргасан” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ.  Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарыг байлцуулан гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Украин, ОХУ, НҮБ, Туркийн төлөөлөгчид гарын үсгээ зуржээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг