Цэцэг л өргөсөн 24 жил
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тэр цагаас хойш 24 жил өнгөрсөн ч хэргийн зангилаа одоог хүртэл тайлагдаагүй байна. Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ. Өчигдөр энэ уламжлалын дагуу улстөрчид, намын найз нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, өнгөрөөв.
Цэцэг өргөх ёслолд АН-ын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, дэд дарга Ш.Түвдэндорж, Д.Бадарсан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан ахмадын холбоо, МоАХ-ын анхдагчид, АН-ын гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн байв. Мөн ХҮН-ынхан хүрэлцэн иржээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм. Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно" гэлээ.
Хэргийн талаар товч дурдахад, 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд С.Зориг агсны гэргий Б.Булганыг энэ хэрэгтэй холбоотойгоор баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлэв. Энэ мэдээтэй хамт уг хэргийг үйлдсэн гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг Орхон аймгаас баривчилсан. Үүнээс хойш удалгүй хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн болж, тэдэнд гурван шатны шүүхээс ял оноосон. Улмаар олон нийтийн дунд энэ хэргийн учир зангилаа тайлагдаж, захиалагчийг зарлах болов уу гэсэн хүлээлт бий болов. Гэвч зарим улстөрчид хэргийг уриа лоозон мэт ашиглаж, сонгууль бүрийн өмнө иргэдээс оноо авах хэрэгсэл болсны нэг илрэл нь энэ үйл явдал болж таарав. Одоо С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ хэлмэгдсэн болж, шүүхээс тэднийг суллах шийдвэр гаргаад байгаа билээ. Магадгүй, 2024 оны сонгуулийн өмнө энэ хэрэг дээр ямар хувилбар гарч ирж, хэргийн илэрц хэрхэн үргэлжлэх нь хөшигний ард яригдаж байгааг бид таашгүй.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин