“Төгс” нийгэм бүтээхэд найман жил үлджээ
Одоогоос найман жилийн дараа буюу 2030 онд Монгол Улс ядууралгүй, бүх хүн ижил тэгш боловсрол хүртэж, амьдрах орчин нь эрүүл, аюулгүй, эрх тэгш, шударга нийгмийг бүтээсэн байх амлалтыг олон улсад өгсөнийг та мэдэх үү. Манай улс хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх амлалт бүхий Тогтвортой хөгжлийн 169 зорилт, 17 зорилгод нэгдэн орсон. НҮБ-ын гишүүн болох 193 орон 2030 он гэхэд “төгс” нийгмийг бүтээх зорилго тавин ажиллаж байна.
УИХ-аас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ 2020 онд тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж байв. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэнэ гэж эрх баригчид үзсэн.
Ийн тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Нэгдсэн үндэстний байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ сарын 10-нд зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр гэсэн нийт 120 байгууллага үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цугларлаа. Тус үйл ажиллагаанд 5000 гаруй хүн биечлэн оролцож, 100 мянга гаруй хүнд ирэх найман жилд бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, дээр дурдсан “төгс” нийгмийг хэрхэн бүтээх талаар мэдээлэл хүргэн ажилласан юм. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.
Тогтвортой хөгжлийн зорилтын талаарх мэдээллийг хүн бүрт хүргэх нь хамгаас чухал юм. Учир эдгээр зорилтууд хэрэгжихэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллага гэсэн бүх талын оролцоо, идэвхи санаачилга нэн тэргүүний зүйл юм. Тиймээс нээлттэй өдөрлөг нь тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хүн бүр, айл өрх, албан байгууллага, хамт олны оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.Энэ хүрээнд зохион байгуулагчдын зүгээс тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээгдэхүүн, шийдэл, санаачилгаа олон нийтэд танилцуулах хувь хүн, байгууллагыг үнэгүй асараар хангажээ.
Ингэхдээ өдөрлөгийг хөгжлийн зарчимд нийцсэн, экологид ээлтэй, хог хаягдалгүй, ногоон ул мөр үлдээсэн, хүний хөгжил, оролцоог дэмжсэн арга хэмжээ болгохыг зорьсон байна. Тиймээс оролцогч байгууллагууд мэдээлэл, үйл ажиллагаагаа мэдээллийн технологийн өндөр дэвшлийг ашигласан, бүтээлч байдлаар бэлтгэсэн нь өдөрлөгийн гол онцлог байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)