10 улс анхны удаа өөрсдийн нэрээр үзэсгэлэнд оролцож байна
"Үйлчилгээний хамтын ажиллагаагаар хөгжлийг ахиулж, ногоон инновациар ирээдүйг угтъя" уриатай 2022 оны Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг Бээжинд болж байна. Энэ удаагийн Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд гадаад, дотоодын 189 чухал зочин ирсэн байна. Дэлхийн 71 улс болон олон улсын байгууллага улс орныхоо нэрээр үзэсгэлэн гаргаж байгаа ажээ. Үүний дотор Арабын Нэгдсэн Эмират, Швейцарь, Бурунди зэрэг 10 улс анх удаа улс орныхоо нэр дээр үзэсгэлэн гаргаж байна.
АНЭУ-ын нисэх, санхүү, соёл урлаг болон бусад салбарын төлөөлөгч компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэжээ. АНЭУ-ын Хятад дахь ЭСЯ-ны эдийн засгийн хэлтсийн дарга Саид Аль-Фари сэтгүүлчдэд хэлэхдээ: "Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн бол Хятад улсыг гадаад ертөнцөд нээх гурван том үзэсгэлэнгийн нэг юм. Энэ удаагийн зочин орны хувьд манай улс энэхүү платформыг ашиглан АНЭУ-ын олон талт эдийн засгийг Хятадын хөрөнгө оруулагчдад харуулахыг зорьж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Хятадын маш олон хөрөнгө оруулагч Дубай, Абу Даби зэргийг сайн мэддэг. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн платформоор дамжуулан Хятадын олон арван хөрөнгө оруулагчид АНЭУ-ын талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, газрын тос, байгалийн хийн салбар манай нийт эдийн засгийн дөнгөж 30 хувийг бүрдүүлдэг, харин 70 хувь нь өөр салбараас бүрддэг. Энэ удаад бид АНЭУ-ын нисэх, аялал жуулчлал, банк санхүү, соёл урлаг болон үйлчилгээний салбаруудаа танилцуулж байгаа. Бид Хятадуудад хөрөнгө оруулах олон салбартай гэдгээ ойлгуулахыг хүсч байгаа бөгөөд АНЭУ нь Хятадын хөрөнгө оруулагчдыг таашаан угтах болно"гэжээ.
Энэхүү үзэсгэлэнд Итали улс ч мөн адил анх удаа улсынхаа нэр дээр үзэсгэлэн гарган оролцож байгаа юм. Италийн гадаад худалдааны комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Бруно сэтгүүлчдэд хэлэхдээ: "Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь дэлхийн энэ салбарын хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох платформын үүрэг гүйцэтгэж байгааг чухалд үзэж байна. R&D, хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ, үйлдвэрлэлийн дизайн, бизнесийн зөвлөгөө, хууль эрхзүйн үйлчилгээ, соёлын үйлчилгээ, барилга болон инженерийн үйлчилгээ, тээвэр, ложистик гэх мэт Италийн аж ахуйн нэгжийн 15 баг тус үзэсгэлэнд оролцож, энэхүү боломжийг ашиглан илүү олон түншүүддээ өөрсдийнхөө давуу байдлыг ойлгуулна гэдэгт найдаж байна" гэжээ.
CRI