“Аравт”-д оролцохоор ОХУ, Узбекистан улсын багууд ирлээ
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "Буянт ухаа" олон улсын нисэх буудлаас угтан авсан юм.
Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ.
Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Гантулга тэргүүтэй удирдлагууд хүлээн авлаа. Энэ жилийн "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно. Уралдаанд оролцож буй тамирчид тэмцээн эхлэхээс өмнө морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм. 4 дэх улс болох Зимбабве улсын баг тамирчид энэ сарын 6-ны өдөр хүрэлцэн ирнэ.