ХОМ: Орлого нь өссөн, буурсан гишүүд
АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг саяхан олон нийтэд ил болгосон. Өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого хэрхэн өөрчлөгдсөн талаар ХОМ-ээс онцлон хүргэж байна.
Түүний орлого 823 саяас 49 сая болтлоо буурав
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020 онд 823 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 65 сая төгрөгийн орлого олдог гэж мэдүүлжээ. Харин 2021 онд өөрийнх нь орлого 49 сая болтлоо буурчээ. Өмнөх нь оноос 17 дахин бага орлоготой болсон гэсэн үг. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого 95 сая болж өссөн үзүүлэлттэй байна. 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 380 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Toyota, Land Cruiser 200-1 автомашинтай хэмээн мэдүүлж байсан нь энэ жил өөрчлөгдөөгүй. Мөн 100 саяар үнэлэгдэх газартай, 318 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 408 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй.
Орлого буурсан ч 3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2021 онд өөрийн орлого 336 сая, гэр бүлийн орлого нь 262 сая хэмээн мэдүүлж байв. Харин энэ жил түүний орлого 49 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 66 сая төгрөг болтлоо буурчээ. Харин хадгаламжийнх нь хэмжээ 2.7 тэрбум төгрөгөөс 3.4 тэрбум болж өсчээ. Мөн өмнөх онд авлагагүй гэж мэдүүлж байсан бол энэ жил 336 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлээд байна. Түүнчлэн 1.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуйтай. 800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 768 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 953 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй гэсэн нь өмнөх оноос өөрчлөгдөөгүй байна. Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, ШинэСоёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, СодМонгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.
736 сая төгрөгийн үнэ бүхий зургаан автомашин хөлөглөдөг
Ц.Цэрэнпунцаг гишүүний жилийн орлого өмнөх онд 436 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 124 сая төгрөг байсан бол 2021 онд өөрийнх нь орлого 410 сая болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 149 сая төгрөг болж нэмэгджээ. 6.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 736 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, SIENTA- 1, Range Rover- 1, BMW, X-6- 1, Mercedes Benz G 500- 1, Lexus, 570- 1, Porsche, Cayenne зэрэг зургаан автомашинтай хэмээн мэдүүлсэн нь энэ жил өөрчлөгдөөгүй байна. Хадгаламжийн хэмжээ өмнөх онд 150 сая төгрөг байсан бол 2021 онд 202 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
УИХ-ын гишүүн Ч.Ундрам жилийн орлого 2020 онд 142 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 60 сая төгрөг байсан бол энэ жилийн мэдүүлэгтээ өөрийн орлогыг 60 сая болж буурсан хэмээн мэдүүлжээ. Нэг орон сууц, хоёр зуслангийн байшинтай. Эдгээр нь 510 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 257 сая төгрөгийн хоёр автомашинтай, 808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 146 сая төгрөгийн хадгаламжтай байна. Хөнгөн бетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-иудад хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Өөрийнх нь буурч, гэр бүлийнх нь гишүүдийн орлого 2.9 тэрбумд хүрэв
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2020 онд 326 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол энэ удаа 43 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлэв. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 1.4 тэрбум байсан бол 2.9 тэрбум болж өсчээ. Нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой. Эдгээр нь 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол энэ удаа 2.3 тэрбум болж мөн өссөн байна. 585 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Crown- 1,Mercedes Benz, GLE 400- 1, Mercedes Benz, S400CDI- 1 автомашинтай. Нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Тэсо ХХК, Тэсо констракшн ХХК, Домог интернэшнл ХХК, Тэсо пропертис ХХК, Хүннү конкрет ХХК, Милко ХХК, Айсмарк ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
“Бейсчипа” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг
УИХ-ын гишүүн Б.Бейсены жилийн орлого 2020 оны мэдүүлгээр 103 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 18 сая төгрөг байжээ. Харин 2021 онд түүний орлого 94 сая, гэр бүлийн гишүүдийнх орлого 10 сая болж буурчээ. 838 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн нь энэ жил өөрчлөгдөөгүй байна. Өмнөх онд Lexus RX 450-1, Toyota, Prado- 1,Toyota, Land Cruiser 200- 1 гээд 186 сая төгрөгийн үнэ бүхий гурван автомашинтай байсан бол энэ удаа 141 сая төгрөгийн хоёр автомашинтай гэж мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Бейсен “Бейсчипа” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг хэвээрээ.
Н.Наранбаатар гишүүний хөрөнгийн хэмжээ нэмэгдэв
2020 онд Н.Наранбаатар гишүүний жилийн орлого 32 сая, гэр бүлийн гишүүний орлого нь 19 сая байжээ. Харин 2021 онд 36 сая, 20 сая болж өссөн байна. 542 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 810 сая болж өсчээ. Honda, Logo- 1, Hyundai, Sonata V- 1 машинтай. Түүнийгээ өмнө 74 сая төгрөгөөр үнэлж байсан бол энэ жил 85 саяар үнэлсэн байна. 164 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг байсан бол 259 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ. 77 сая төгрөгийн хадгаламжтай бол 53 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. “Сэрсэн говь” ХХК-д хувь эзэмшдэг.
Орлого, автомашины тоо, үл хөдлөхийн үнэлгээ өсчээ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өмнө Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Ингэхдээ 21 аймгийн Засаг дарга нараас хөрөнгө орлогоороо тэргүүлж байсан. Харин УИХ-ын гишүүн болоод хөрөнгөө хэрхэн мэдүүлсэн талаар сонирхуулъя. Ж.Батсуурийн хувьд өмнө жил өөрөө жилийн 84 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байв. Харин энэ жил түүний орлого нэмэгдэж 161 сая болжээ. Хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалтаар ашигладаг газартай нэг авто гаражтай. Эдгээр нь хоёр тэрбум 161 сая төгрөг. Мөн өнгөрсөн жил 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай гэсэн бол 2021 онд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж 380 сая төгрөгөөр үнэлэгдэх болжээ. 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай, Датаком ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байна.
Хурдан удмын адуугаа 1.3 тэрбумаар үнэлэв
УИХ-ын гишүүн П.Анужингийн жилийн орлого 103 сая төгрөг байсан бол энэ удаа 140 сая төгрөг гэж мэдүүлжээ. 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий микроавтобус,Toyota, Alphard- 1,Жийп болон туулах чадвар өндөр- 1, Toyota, Prius- 1 автомашинтай. 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байдаг зүйл нь хурдан удмын адуу байдаг. Тэрбээр өнгөрсөн жил түүнийгээ 1.2 тэрбум төгрөгөөр үнэлж байсан бол энэ жил 1.3 тэрбум төгрөг болж өсчээ.
Хадгаламжтай болжээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн жил хамгийн бага орлоготой гишүүнээр тодорч байв. Тэрбээр жилийн орлогоо 13 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2021 онд орлого нь 51 сая төгрөг болж өсчээ. Гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг байсан бол 157 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Суудлын жижиг машин,Nissan, Nissan- 1 автомашинтай. Хадгаламж нь өмнө онд 0 байсан бол энэ жил 9.7 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлээд байна. Эрдэнэс ТТ ХК, Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК, Эрдэнэс ТТ ХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК-д хувь эзэмшдэг.
Гэр бүлийн гишүүдийнх нь орлого нэмэгджээ
УИХ-ын гишүүн Д.Батлутын жилийн орлого 2020 онд 30 сая, гэр бүлийн гишүүдийнх нь мөн 30 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол энэ жил 48 сая, 36 /гэр бүл/ орлоготой хэмээн мэдүүлжээ. Мөн хадгаламжийн хэмжээ 51 сая төгрөг байсан бол 84 сая болж өссөн байна. 180 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 20 сая төгрөгийн Toyota, Kluger маркийн автомашинтай. 22 сая төгрөгийн мал аж ахуй, 20 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй байна.
Орлого нь өсөж зээлийн хэмжээ буурав
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өмнөх онд 185 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 20 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд түүний орлого өсөж, 225 сая болжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого мөн 38.9 сая болж өссөн байна. 155 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 230 сая болж нэмэгдэв. 101 сая төгрөгийн мал аж ахуй нь 183 сая болж өсчээ. Nissan, Patrol- 1, Nissan, Murano автомашинтай. Тэднийгээ 379 сая төгрөгөөр үнэлжээ. 125 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Өмнөх онд 28 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан хадгаламж нь 34 сая болжээ. 269 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байсан бол энэ жил зээлийн хэмжээ буурч 100 сая болсон байна. Ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин