Э.Макрон: Франц улс Украинд олгох зэвсгийн нийлүүлэлтийг түргэсгэнэ
ПАРИС. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, Украины нөхцөл байдал болон бусад асуудлаар хэлэлцжээ. В.Зеленский өчигдөр цахим сүлжээнд бичихдээ, тэрбээр Э.Макронтой утсаар ярих үеэрээ Украины нөхцөл байдлын талаар мэдээлж, ОХУ-тай хийж буй хэлэлцээрийн хэтийн төлвийн талаарх үзэл бодлоо хэлсэн гэжээ.
Талууд Францаас Украинд олгох батлан хамгаалахын тусламж, Европын холбооноос ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хориг арга хэмжээний бэлтгэл ажил, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжит арга зам, Украин улсын ЕХ-нд элсэх хүсэлт зэрэг сэдвээр ярилцсан байна.
Францын Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Франц улс Украинд батлан хамгаалах зэвсэг, түлш, хүмүүнлэгийн болон эдийн засаг, санхүүгийн тусламжийг бүхий л бололцоогоороо олгоно гэдгийг дахин илэрхийлсэн гэжээ. Мөн Э.Макрон “Зургаадугаар сард зохион байгуулагдах Европын зөвлөлийн хурлаар Украин улсын ЕХ-нд элсэх хүсэлтийг судлана” гэдгийг хэлсэн байна.
А.АнхбаярЭх сурвалж: "Монцамэ" агентлаг