ТОЙМ: Украинд нийлүүлсэн зэвсэг ХААЧДАГ ВЭ?

ТОЙМ: Украинд нийлүүлсэн зэвсэг ХААЧДАГ ВЭ?

ТОЙМ: Украинд нийлүүлсэн зэвсэг ХААЧДАГ ВЭ?

 

АНУ Украинд цутгаж буй танк эсэргүүцэгч, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем болон бусад зэвсгийн хэрэглээг хянаж чадаж байгаа эсэх асуултыг CNN агентлаг тавьжээ. АНУ олон зуун сая ам.долларын өртөгтэй зэвсгийн тусламжаа Москвагийн түрэмгийллийг эсэргүүцэхэд Украинд нэн шаардлагатай гэж харж байна. Гэхдээ энэ нь богино хугацааны асуудал. Гэвч АНУ-ын зарим албаны хүмүүс болон цэргийн шинжээчид урт хугацаандаа эдгээр зэвсэг АНУ-ын зэвсэгжүүлэхийг зориогүй бүлэглэлүүдийн гарт очих эрсдэлтэй гэж үзэж байна.

Хэдэн тэрбум ам.долларын үнэтэй зэвсэг, цэргийн техник Украин руу илгээх шийдвэр гаргахдаа Жо Байдены засаг захиргаа илгээмжийн зарим хэсэг буруу гарт очих эрсдэлтэй нүүр тулж байна гэж CNN агентлагийн эх сурвалж онцолжээ.

АНУ-ын нэг ч цэрэг халуун цэгт байхгүй тул АНУ болон НАТО Украины Засгийн газраас өгч буй мэдээлэлд гол төлөв тулгуурлаж байна. Украины тал тусламж, зэвсэг, дипломат туслалцааг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мессеж өгсөн мэдээлэл өгөх сонирхолтой байгаа нь нууц биш.

“Энэ бол дайн. Украины эрх баригчдын хийж буй бүх үйлдэл, олон нийтэд хэлж буй үг бүр дайныг ялахын тулд зориулагдсан байх учиртай. Мэдэгдэл бүр, хэвлэлд зориулсан мэдээлэл бүр, ярилцлага, Зеленскийн дүрс бичлэг бүр мэдээллийн дайны зэвсэг” гэж тус агентлагийн эх сурвалж өгүүлжээ. Гэхдээ энэ нь буруу зүйл биш. Олон сарын турш АНУ болон өрнөдийн эрх баригчид Оросын цэргийн ажиллагааны талаарх нарийн мэдээлэлтэй гэдгээ харуулсан. Оросын тал хэдэн хүний аминд хүрсэн, хэр их зэвсэгтэй, ямар зэвсэглэлийг хаана хэрэглэж байгаа зэрэг. Харин Украины зэвсэгт хүчний талаар өрнөдийнхөн мэдээллийн хомсдолтой тулгардаг гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Украины амссан хохирлын талаарх мэдээлэл бүрхэг гэдгийг АНУ, өрнөдийн тагнуулын албаны эх сурвалж мөн баталжээ.

Байдены засаг захиргаа, НАТО-гийн гишүүн орнууд Украины хүчний өгсөн мэдээлэлд тулгуурлан “Javelin” систем, “Stinger” пуужин эсвэл Словакийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “S-300” систем зэрэг зэвсэглэл нийлүүлдэг. Мэдээж хэрэг төмөр замаар нийлүүлсэн “S-300” системийг бодвол “Javelin” систем, “Stinger” пуужингийн ашиглалт, тээвэрлэлтэд хяналт тавихад хүндрэлтэй. “Javelin” систем бүр өөрийн гэсэн серийн дугаартай байдаг ч эдгээрийн тээвэрлэлт, ашиглалтыг бодит цагаар хянах боломж бага байдаг аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Киевт “Ми-17” 11 нисдэг тэрэг, 18 ш 155 мм их буу, 300 гаруй “Switchblade” дрон нийлүүлэхээр болсон. Гэтэл Байдены засаг захиргаа хэдхэн долоо хоногийн өмнө эдгээр зэвсэглэл нөхцөл байдлыг улам хурцатгах эрсдэлтэй гэж үзэж байсан. Нэг удаа ашиглах зориулалттай “Switchblade” дроны ашиглалт, тээвэрлэлтийг хянахад хүндрэлтэй.

“Эдгээр зэвсэг Украины аль хэсэгт байгаа, ашиглаж байгаа эсэх талаар хэлж чадахгүй” гэж өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр Пентагоны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. “Украины тал ямар зэвсэг, хэзээ хэн ашигласан бүрийг мэдээлдэггүй. “Switchblades” дроныг хэрхэн ашигласан талаар бид хэзээ ч олж мэдэхгүй ч байж магадгүй” гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн.

Батлан хамгаалах яам нийлүүлж буй зэвсэг бүрдээ тэмдэглэлгээ тавьдаггүй гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлж байв.

Кирбигийн хэлснээр, Пентагоноос нийлүүлж буй зэвсэг ачсан ачааны автомашинуудыг  Украины Зэвсэгт хүчин Польш улсын нутаг дэвсгэрт хүлээн авч, цааш Украин руу явдаг. Украины хилээр нэвтэрснээс хойш украинчууд өөрсдөө эдгээр зэвсгийг хаана, хэрхэн хуваарилахыг шийддэг байна.

АНУ-ын ганц ч цэрэг Украины нутаг дэвсгэрт байхгүй нөхцөлд АНУ хиймэл дагуулын гэрэл зураг болон Украин, Оросын Зэвсэгт хүчний өгч буй мэдээлэл бүрийг ашиглах замаар украинчуудын өгсөн мэдээллийн гадна юу болж байгааг олж мэдэх боломжтой гэж АНУ-ын Конгрессын эх сурвалж мэдээлжээ.

Бас нэг эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын Зэвсэгт хүчин Украинаас авсан мэдээллийг үнэн, бодит гэж үздэг. Учир нь АНУ найман жилийн турш Украины Зэвсэгт хүчнийг сургаж, зэвсгээр хангах замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн. Гэхдээ энэ нь Украин дахь “S-300” системийн ашиглалт зэрэг асуудал тодорхой гэсэн үг биш.

АНУ-ын “САТО” судалгааны хүрээлэнгийн батлан хамгаалах, гадаад бодлогын шинжээч Жордан Коен Украин руу урсаж буй зэвсэг зэвсэгт мөргөлдөөн эцэслэх эсвэл удааширвал хэрхэх нь илүү их түгшээж байна гэж ярьжээ.

Энэ эрсдэл нь хилийн чанадад зэвсэг нийлүүлэх эсэх тухай шийдвэр гаргахдаа заавал бодож үзэх асуудлын нэг юм. Олон арван жилийн турш АНУ Афганистанд зэвсэг илгээсэн. Эхлээд Зөвлөлтийн армийн эсрэг тулалдаж байсан мужахедуудыг зэвсэглэсэн бол хожим нь Афганистаны зэвсэгт хүчинд талибуудтай тэмцэхэд нь зориулж нийлүүлж байсан. Өдгөө Украинд нийлүүлж буй “Stinger” пуужин болон бусад зэвсэг Афганистаны хар захаар орсон нь тодорхой. Афганистан дахь дайны дараа АНУ эл пуужингаа олж илрүүлэх арга хэмжээ авсан ч бүх “Stinger”-ийг олж авч чадаагүй. 2001 онд АНУ-ын цэргүүд Афганистанд орох үед зарим албаныхан талибууд ор сураггүй алга болсон пуужингуудыг АНУ-ын эсрэг ашиглах вий гэж айж байв. Зарим зэвсэг АНУ-ын дайсны гарт орсон. Афганистаны Зэвсэгт хүчинд үлдээсэн зэвсгийн ихэнх хэсэг Афганистаны засгийн эрхэнд гарсан талибуудын гарт очсон. Энэ асуудал зөвхөн Афганистанд ч гарч байгаагүй. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улсад худалдсан зэвсэгүүд “Аль-Каида” бүлэглэл болон Ирантай холбоотой зэвсэгт этгээдүүдийн гарт очсон байдаг.

Ийм дүр зураг Украинд бий болох эрсдэл ч бас бий гэдгийн Пентагоны албаныхан хүлээн зөвшөөрдөг. 2020 онд Пентагоны ерөнхий байцаагч Украинд нийлүүлсэн зэвсгийн ашиглалтыг хянан шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж байжээ. Украины Зэвсэгт хүчний их хэмжээний зэр, зэвсэг авах гэсэн богино хугацааны ханашгүй хэрэгцээг тооцож үзвэл зэвсэг хар зах эсвэл буруу гарт очих урт хугацааны эрсдэлийг зөвтгөж болохуйц гэж албаныхан үзэж  байна. Эрх баригчид эдгээр зэвсэг оросуудын гарт орно гэж одоогоор айхгүй байна. CNN агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, Орос улс Украины газар нутгийг эзэлж, Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлүүдийг буулгаж чадахгүйгээс хойш эдгээр зэвсгийг эсвэл ашиглана эсвэл украинчуудын гарт үлдэнэ.

Харин өнөөг хүртэл Оросын тал зэвсэг нийлүүлэлт, тээвэрлэлтийг таслан зогсоох, устгахыг зорьж байна. АНУ-ын тагнуулын албаны өөр нэг эх сурвалжийн ярьснаар Оросын тал Украины хилээр орж ирж буй өрнөдийн зэвсгийг устгах тал дээр идэвх гаргахгүй байна. Шалтгаан нь тодорхойгүй байна.

Цэргийн тусламж Оросын талын халдлагад юуны учир өртөхгүй байгаа тухай олон онолууд бий гэж CNN эх сурвалж учирлажээ. Тухайлбал, зэвсгийг ямар нэгэн тэмдэглэгээгүй тээврийн хэрэгслээр шөнийн цагаар тээвэрлэж байгаа тул Оросын Зэвсэгт хүчний хараанд өртөхгүй байгаа тал бий. Мөн Оросын Зэвсэгт хүчин зэвсгийн нөөцөө шавхаж байгаа тул зэвсэгт ачсан цуваа гэдэг бат итгэлтэй л биш бол ачааны автомашин бүрт сум үрэх шаардлагагүй гэж үзэх нь ч бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, өрнөдийн зэвсэг орж ирж буй Украины баруун хэсэгт Оросын тагнуулын үйл ажиллагаа туйлын хязгаарлагдмал байдалтай холбоотой байх талтай. Пентагоны зүгээс мөн Оросын талаас Украины хилээр орж ирж буй цэргийн тусламжийг зогсоох ямар нэгэн алхам хийхгүй байгааг баталжээ. “Өдөр бүр Украины гарт зэвсэг, цэргийн тусламж очиж байна. АНУ Украинд цэргийн тусламжаа чадлынхаа хэрээр шуурхай үзүүлсээр байх болно. Оросын зүгээс энэ урсгалыг зогсоох гэсэн оролдлого гараагүй. Тиймээс бид үргэлжлүүлсээр байх болно. Өдөр бүр бид цэргийн тусламжид шаардлагатай хяналт шалгалт хийж, өөрчилж байна” гэж Жон Кирби онцолжээ.

Эх сурвалж CNN

скачать dle 12.0